УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ намраас эдийн засаг хүндрэхийг эдийн засагчид сануулж байна. Инфялци өссөнөөр иргэдийн худалдан авалт буурч, цалин “цаас” болох эрсдэл тулгарч байна. Тиймээс инфляцийг бууруулах чиглэлээрМонголбанкнаас авч хэрэгжүүлж буй аргыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Инфляцийг бууруулах чиглэлээр Монголбанк хоцорч арга хэмжээ авсан. Өнгөрөгч онд буюу 2021 онд 2022 оны мөнгөний бодлогыг баталж байх үед чуулган, байнгын хороонд Монголбанкны ерөнхийлөгчид хандан “төсөөлөл 6.5 хувиар орж ирсэн байна. Тиймээс яаралтай арга хэмжээ авах ёстой” талаар сануулж байлаа. Тухайн үед ОХУ-Украины дайн эхлээгүй байсан ч гэлээ боомт, логистик, Хятад дахь “zero covid” бодлогоос хамаарч манайд үүссэн инфляци түр зуурынх биш, урт хугацаатай үзэгдэл болох нь харагдаж байлаа. Тиймээс тухайн үед инфляцийг барих боломж байхгүй, та хариуцах уу гэж Монголбанкны ерөнхийлөгчаас асуухад дуугай өнгөрөөж байсан. Харамсалтай нь эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Хойд хөршийн дайн урт хугацаанд үргэлжлэх нь тодорхой боллоо.
Үүнээс улбаалан шатахуун, хүнснээс гадна ОХУ, Украин, Беларусаас авдаг хүнсний бүтээгдэхүүн, түлшний үнийн өсөлт болоод, төлбөр тооцооны хувьд асуудалтай хэвээр байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцийн сагсанд хамгийн ихээр нөлөөлж байна. Хоёрдугаарт, боомтын нэвтрэлт инфляцид хүчтэй нөлөөлж байна. Ер нь үнийн өсөлт, хил гаалийн гацаа Хятадын коммунист намын хурал дуусаад сулрах болов уу гэсэн найдлага байна. Цаашлаад ирэх оны гуравдугаар сар, хамгийн наанадаж ирэх арваннэгдүгээр сараас нааш бүрэн асуудал шийдэгдэхгүй байх.
ИРЭХ ЖИЛ ЭДИЙН ЗАСАГ АМАРГҮЙ БАЙХ ТӨЛӨВ БАЙДАЛ АЖИГЛАГДАЖ БАЙНА
-Энэ оны эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 1.2 тэрбум долларын алдагдалтай гарлаа. Гэхдээ ирэх онд эдийн засаг сэргэх таамаг харагдаж байна уу?
–Өнөөдрийн байдлаар манай экспортын гарцын хэмжээ цар тахлын өмнөх үе рүү дөхөж байна. Жишээлбэл, Гашуунсухайтад 600 гаруй машин гарч байгаа нь хуучнаар бол 1200 машин нүүрс гарч байна гэсэн үг. Тэндээс орж ирэх орлого хуучин үе рүү дөхөх болов уу. Гэхдээ хагас жилийн байдлаар 1.2 тэрбум ам.долларын төлбөрийн тэнцэл алдагдалтай гарсан. Есөн сарын дунд гэхэд урьдичлаад төлбөрийг нь авсан авчихсан байсан нүүрсээ нийлүүлж дуусах байх. Үүний дараагаар экспортын орлого орж ирэх учраас төлбөрийн тэнцэл нааштай гарах болов уу. Ингэснээр валютын ханш тогтворжих байх.
Ирэх жил мөн ялгаагүй эдийн засаг амаргүй байх төлөв байдал ажиглагдаж байгаа. Дэлхий даяар эрчим хүч, хүнсний асуудал хүндрэлтэй байхаар харагдаж байна. Ялангуяа манайд эрчим хүчний хувьд хүндрэлтэй байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Эргэж харах асуудал бол сэргээгдэх эрчим хүчийг яаралтай арга хэмжээ авах ёстой. Сэргээгдэх эрчим хүчний хуулийг эргэж харах ёстой. Өнөөдрийн нөхцөл байдлыг харж байхад УЦС-ын төслийг явуулах ёстой. “ТЭЦ-V”-ийн асуудлыг шийдэхгүй бол дулаанаар хангаж чадахгүй байх нөхцөл рүү орж байна. Ерөнхийдөө том утгаараа эрчим хүчний хувьд асуудалтай харагдлаа. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт өнөөх л зуун жилийн өмнөх ОХУ-ын техник технологийг ашигласан хэвээр байна. Хэрэглэж буй техник технологи талаасаа энэ салбар нэлээд хоцрогдсон. Малчдын тухайд сайн малчныг шалгаруулах буюу тэднийг үр дүнгээр сэдэлжүүлбэл энэ салбар сэргэх байх. Цаашид хөдөө аж ахуйн салбараа орчин үежүүүлж, сүүлийн үеийн технологи нэвтрүүлснээр эрчимтэй хөгжинө. Түүнээс биш зөвхөн хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээл олгоод асуудал шийдэгдэхгүйг сүүлийн 30 жилийн туршлага харуулж байна.
-Бодлогын хүү нэмснээр арилжааны банк зээл олгох нь ховордож, аж ахуй нэгжүүд хүндхэн байдалд орж байна. Тиймээс цаашид хөрөнгө оруулалтыг нэмэх, аж ахуй нэгжийг дэмжих тал дээр хэрхэн анхаарч ажиллах ёстой юм бол?
-Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй. Жишээ нь нэг бүс нутгаа оффшор бус гээд зарлаад явсан бол хөрөнгө оруулалт орж ирэхээр байлаа. Өөрөөр хэлбэл, ОХУ руу худалдаа наймаа эрхлэх сонирхолтой аж ахуй нэгжүүд нэлээд байгуулагдах байсан болов уу. Оросоос Монгол руу бизнес хийх сонирхол нэмэгдэж байна. Гурвалсан худалдаа хийх, ОХУ, Монгол, Хятад гэх бизнесийн урсгалыг сайжруулах ёстой. Мөн дээрээс нь Монголоос хоригт орсон бүтээгдэхүүнийг нийлүүлэх сонирхолтой аж ахуй нэгжүүд, Оросын бизнесменүүд нэлээд байна гэж харагддаг. Бид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулчихвал ОХУ-тай хийгддэг алдагдалтай худалдаа баланс нь сайжирна. Бодлогын хүү нэмснээр арилжааны банкууд зээл өгөх сонирхол буурдаг. Арилжааны банкны мөнгө хаана яаж байршиж байгаад бодлоготой хандах хэрэгтэй. Хуучин төрийн сангийн мөнгийг арилжааны банкуудад байршуулж, тэр мөнгөөр Засгийн газар бонд гаргаад буцаагаад авчихдаг байсан. Тиймэрхүү асуудал байгааг сэтгүүлч та бүхэн шалгаж олон нийтэд мэдээлэх нь зөв байх.
Үүнээс гадна энэ жилийн хувьд бүх зүйл ойлгомжгүй байгаа учраас арилжааны банкууд зээл өгөх сонирхол бага байгаа юм шиг харагддаг. Ирэх жилээс мөнгөний бодлогын хүүгээ бууруулж явах байлгүй дээ. Бид өнгөрсөн жилээс эхлэн бодлогын хүүнд анхаарч, ОХУ-Украины дайн эхэлмэгц валютад хязгаарлалт хийж эхлэх ёстой байсан.
Сургаар бол их хэмжээний доллар ОХУ-руу гарсан харагддаг. Оросын хэвлэл мэдээллээр хүртэл валютын ченжүүд үүссэн талаар мэдээлж байна. Тиймээс уг асуудалд яаралтай арга хэмжээ авах ёстой.
ГИШҮҮДИЙН ТООГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД НЭМЭХ НЬ ЗӨВ
-Ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та энэ удаагийн ээлжит бус чуулганы онцлогийг юу гэж харж байна вэ. Цаашдаа Үндсэн хуулийн өөрчлөлт үргэлжлэхээр болж байна?
-2019 оны Үндсэн хуульд дутуу өөрчлөлт оруулсан гэж боддог. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад бүрэн эрхийг нь өгөөгүй барьцаалсан юм шиг харагддаг. Давхар дээлтэй, дээлгүй хэдэн хүнийг ажиллуулах нь Ерөнхий сайдын өөрийнх нь эрх мэдлийн асуудал байх ёстой. Тэрийг гишүүдийн тоотой нь уялдуулаад 2019 онд баталсан байна лээ. Шаардлагатай бол гишүүдийн тоог нэмээд Ерөнхий сайд өөрөө бүрэн эрхээ авч, хариуцлагаа бүрэн хүлээдэг тогтолцоо руу шилжих нь зөв. Давхар дээлтэй сайд нарын тоог хатуу заачихаар зарим салбарт илүү туршлагатай хүмүүс авч ажиллуулах сонирхол байдаг. Гишүүдийн тоо нэмэх, давхар дээлийн асуудалд судалгаатай байх ёстой. Хоёрдугаарт, миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Тухайлбал, салбараа мэддэг танигдсан хүмүүс нь ихэвчлэн сонгуульд дэвшээд гишүүн болчихдог. Тэдгээр хүмүүсээс сонгож ажилуулах гэхээр Үндсэн хуулиа зөрчсөн болчихдог. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр эрх буурахаас биш эрх нэмэгдэхгүй. Тиймээс тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх нь зөв болов уу гэж харж байна.
ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ТОС УСААРАА ЯЛГАРАХ БАЙХ
–Хөгжлийн банктай холбоотой улстөрчдийн хэрэг шүүхэд шилжсэн гэх мэдээлэл бий. Энэ тал дээр ямар мэдээлэлтэй байна вэ?
-Сүүлийн хоёр жил хэвлэлээр тогтмол гаргасан. Зорилготой гаргасан зүйл байдаг байх. Дээрээс нь бид нар гол реформын шинж чанартай хуулиуд буюу сүүлийн арав гаруй жил хөдлөөгүй хуулийг барьж авсан. Банкны хууль гэдэг үүднээс шууд банкны эзэд рүү халдсан гэж тэд үзсэн. Тэднээс улбаалаад иймэрхүү дайралтууд эхэлсэн. Зөвшөөрлийн хуулиар 1600 гаруй тусгай зөвшөөрлийг 300 гаруй болтол нь бууруулж, арын хаалга, авлига өгдөг байдлыг бууруулахаар яалт ч үгүй олон дайсантай болдог юм билээ. Тиймээс бид өөрсдөө шалгуулах хүсэлтээ өгсөн. Тос усаар нь ялгарах болов уу. Миний үзэж буйгаар зээл авна гэдэг гэмт хэрэг биш шүү дээ.
Хоёрдугаарт, уг зээлтэй хамааралгүй. УИХ-аас ажлын хэсэг гарч шалгасан, гуравдугаарт, тухайн компани нь зээлээ бүрэн төлж барагдуулсан гэх мэт олон зүйл тос усаараа ялгагдаад гараад ирэх болов уу.
Холбоотой мэдээ