Жүжигчин Брэд Питт өнгөрсөн сард “Bullet train” нэртэй шинэ киноныхоо нээлтэд хүрэлцэн ирэхдээ энгийн маалинган банзал өмссөн байсан нь нэг хэсэг шуугиан тарьсан. "Fight Club", "Once Upon a Time in Hollywood” зэрэг киноны эршүүд, эрэлхэг дүрээрээ олны танил болсон жүжигчин эр ийнхүү банзалтай ирсэн нь олны нүдийг хужирлажээ. Хувцасных нь сонголтын талаар түүнээс асуухад тэр “Сэвшээ салхи, сэвшээ салхи” гэж хариулсан. Дараа нь Брэд Питт “Variety” сэтгүүлд энэ талаараа ярихдаа, “Би мэдэхгүй байна. Бид бүгд үхэх болно, тэгэхээр тогтсон хэв маягийг мартацгаая” гэж хэлсэн.
Банзалтай эрчүүдийн цуваа Брэд Питтээр дууссангүй. “Moon Knight” киноны нээлтийн үеэр жүжигчин Оскар Исаак мөн банзалтай ирсэн бол дараа нь реппер “Lil Nas X” тайзнаа яв ягаан банзалтай гарч ирэв. Цаашлаад жүжигчин Билли Портер, Ден Леви, сагсан бөмбөгчин Рассел Уэстбрүүк, реппер “A$AP Rocky” нар жагсаалтыг үргэлжлүүллээ.
Эрчүүдийн банзалтай холбоотой “The skirt cafe” нэртэй цахим форум байдаг. Уг форумын админ Карл Р.Френд хэлэхдээ, энэ үзэгдэл олон жилийн турш анхаарал татаж байна гэжээ. Банзал өмссөн алдартнуудад хэт их анхаарал хандуулж байна гэж тэр үзсэн.
Орчин цагт банзал нь эмэгтэйчүүдийн хувцас гэж нэрлэгддэг болсон ч түүхийн янз бүрийн үед эрчүүд өмсөж л байв. Жишээлбэл, хуниастай банзал өмссөн эрчүүдийг та эртний Грек, Ромын хөшөөнүүдээс харж болно. Түүнчлэн Албани тэргүүтэй Балканы орнуудад эрчүүд банзал өмсөх нь үндэсний хувцасд тооцогддог байв. Шотландын хувьд өнөөдөр ч онцгой тохиолдлуудад эрчүүд банзал өмсөж буй аж. Грек улсад банзал нь цэргийн дүрэмт хувцасны салшгүй нэг хэсэг юм.
Банзалаас үл ялиг ялгаатай хормойтой хувцсыг эрчүүд нь өдөр тутамдаа өмсдөг орон цөөнгүй бий. Тодруулбал, саронг нэртэй хувцсыг Ази, Ойрхи Дорнод, Африк, Номхон далайн арлуудын эрчүүд өмсдөг. Хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм 1998 онд хээтэй саронг өмсөж зургаа авхуулсан нь тухайн үедээ багагүй шуугиан тарьж байв. Үүндээ хэзээ ч харамсдаггүй гэж Бекхэм сүүлд нь ярьжээ.
Сүүлийн жилүүдэд эмэгтэйлэг хувцас өмсөх нь хүйсийн чиг баримжаатай холбоотой асуултыг үүсгэх болсон. “Z” үеийн төлөөлөл болсон Харри Стайлс, “Lil Nas X” гэх мэт залуусын хувцаслалтад эмэгтэйлэг хэв маяг олонтоо харагддаг болжээ. Энэ төрлийн хувцсыг “ASOS”, “Mr Porter”, “Cettire”, “SSENSE” зэрэг брэндийн цахим дэлгүүрүүдээс бэлхэнээ харж болно.
Тэр байтугай ТикТок дээр “boysinskirts” гэсэн хаштаг 240 сая гаруй удаа давтагджээ. Стилист Шивам Бхардваж “theguyinaskirt” нэртэй инстаграм хуудас хөтөлдөг. 22 мянга гаруй дагагчтай тэрбээр төрөл бүрийн өнгө, загварын банзал өмссөн зургуудаа хуваалцдаг аж. “Банзал эсвэл өөр ямар ч хувцас таны хүйсийг тодорхойлохгүй. Дэлхий дээрх хүмүүст таны мэдрэмжийг илэрхийлэхийн тулд хувцас гэж зүйлийг зохион бүтээдэг” гэж тэр хэлжээ.
Дээр дурдсан “The skirt cafe” цахим форум дээр олон төрлийн загварын зөвлөгөө, шинэ брэндүүд нийтлэгддэг. Тухайлбал, “The Mouse Works” брэндийн ноосон доторлогоотой өвлийн банзал, “Blaklader” брэндийн багажны халаастай ажлын банзал зэргийг энэ форум дээр танилцуулж байсан.
Лондоны их сургуулийн Соёл, түүх судлалын багш хэлэхдээ, “Олон алдартан хувцасны сонголтоороо анхаарал татахыг эрмэлздэг. Тэдний ажил бол анхаарал татах. Нэг талаасаа анхаарал татах сэдэлтэй боловч нөгөө талаасаа тэднийг ийм сонголт руу түлхэх соёлын далд урсгал байсаар байна” гэж хэлжээ.
Томоохон брэндүүд эрэгтэй банзлыг загварын цуглуулгадаа багтаасан тохиолдол хэд хэд бий. Тухайлбал, “Burberry”, “Louis Vuitton”, “Molly Goddard”, “Off-White”, “Dolce & Gabbana”, “Gucci” брэндүүд 2021, 2022 оны намар, өвлийн цуглуулгадаа эрчүүдийн банзал танилцуулж байв.
Эх сурвалж: CNN, EURONEWS, FASHION UNITED
Холбоотой мэдээ