Европт хомсдол, ОХУ-д илүүдэл

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Европт хомсдол, ОХУ-д илүүдэл

Европт хомсдол, ОХУ-д илүүдэл

Европт сүүлийн 10 жилд тохиогоогүй эрчим хүчний хямрал нүүрлэж, инфляцийн түвшин улам нэмэгдэж, эдийн засгийн уналтад орох эрсдэл ойрхон байгааг шинжээчид анхааруулж буй юм. Тухайлбал, “UBS”-ийн шинжээчид эрчим хүчний хямралтай холбоотойгоор Евро бүсийн эдийн засаг агших эрсдэл ойрхон байна гэж мэдэгдэв. Мөн тус бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны дөрөвдүгээр улиралд 0.2 хувиар буурна гэж таамаглаад, 2023 оны Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 1.2 хувиас 0.8 хувь болгож бууруулсанаа мэдээлсэн.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа байгалийн хий тойрсон асуудал, хийн хомсдолоос үүдэлтэй эрчим хүчний хямрал эдийн засгийн уналтад оруулж болзошгүйг анхааруулсан мэдээллийг онцолж байна.

“Morgan Stanley”, “S&P Global Ratings” зэрэг байгууллагуудын шинжээчид ч Евро бүсийн эрчим хүчний хямрал ирэх хоёр жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулав. Британийн “Capital Economics” компанийн Оросын асуудал хариуцсан мэргэжилтэн Лиам Пич “ОХУ нэг жилийн хугацаанд Европын холбооны орнууд руу хий экспортлохоо зогсоож магадгүй. Ингэснээр ОХУ-ын эдийн засагт хохирол учрахгүй” гэж хэлснийг “Bloomberg” онцолжээ.

Пичийн тооцоолсноор, эрчим хүчний нөөцийн үнийн өнөөгийн түвшнээс шалтгаалан Орос улс нийлүүлэлтийн хэмжээ багассан ч хийн борлуулалтаас улирал бүр 20 тэрбум ам.доллар авах боломжтой аж. Тэрбээр "Орос крантуудаа бүрэн хаах эсэх нь улс төрийн шийдвэрээс хамаарна” гэж хэлжээ. Европын удирдагчид Оросыг эрчим хүчний асар их нөөцөө зэвсэг болгон ашиглаж байна гэж буруутгаж буй ч Кремль үүнийг үгүйсгэсэн хэвээр байна.

Европын холбоо байгалийн хийн 40 хувийг ОХУ-аас импортолдог.

Оросын төрийн өмчит “Газпром” компани “Умардын урсгал” хоолойгоор Европ тивд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээгээ эрс бууруулахаа мэдэгдсэн. Тодруулбал, өдөрт нийлүүлэх хийн хэмжээгээ 20 хувиар багасгаж, 33 сая шоо метрт хүргэхээр болжээ. “Газпром” шалтгаанаа техникийн асуудлаас үүдэн дамжуулах хоолойн нэг турбиныг зогсоох болсонтой холбон тайлбарласан. Герман улсын засгийн газар “Газпром”-ын тайлбарыг техникийн үндэслэлгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Европын холбооны Эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Симсон “Энэ бол техникийн шалтгаан бус улс төрийн зорилготой алхам гэдгийг бид мэдэж байна. Бид үүнд бэлэн байх ёстой” гэжээ. Үүний зэрэгцээ Европын Холбооны удирдлага гишүүн орнууддаа ирэх өвлийг эрсдэлгүй давахын тулд хийн хэрэглээгээ 15 хувиар танахыг уриалсан ч зарим нь уг уриалгыг эсэргүүцсэн байна.

Олон улсын Эрчим хүчний агентлаг /ОУЭХА/-ийн захирал Фатих Бирол өнгөрсөн долдугаар сард “Европын орнууд ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт багассаны улмаас энэ өвөл үүсч болзошгүй эрчим хүчний хомсдолоос зайлсхийхийн тулд яаралтай зохицуулах арга хэмжээ авах ёстой” гэж анхааруулсан. Тэрбээр “Европын орнууд байгалийн хийн хэрэгцээгээ ОХУ-аас бус, бусад улс орнуудаас авч болох ч энэ нь ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтийг бүрэн орлоход хангалтгүй нь илт байна” гэж мэдэгджээ. Хэдийгээр Европын холбоо ОХУ-ын байгалийн хийг хориг арга хэмжээнд оруулаагүй ч ОХУ-аас хараат байдлаа бууруулахын тулд импортоо бууруулж буй билээ. Тус агентлагийн шинжээчид Европын холбооны орнууд ойрын хэдэн сард эрчим хүчний нөөцөө 90 хувьд хүргэж чадсан тохиолдолд өвлийг давж чадна гэж тооцжээ.

"ОХУ ӨДӨР БҮР ДӨРВӨН САЯ ШОО МЕТР ХИЙ (13 САЯ ЕВРО) ШАТААЖ БАЙНА"

Байгалийн хий Евро бүсэд тулгамдсан асуудал болж буй бол ОХУ “илүүдэл” болсон их хэмжээний хийгээ шатааж буй талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Норвегийн эрчим хүчний шинжээч Синдре Кнуцсон "Der Spiegel" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ОХУ өдөр бүр дөрвөн сая шоо метр хий (13 сая евро) шатааж байна. Энэ нь "Умардын урсгал"-аар дамжуулан нийлүүлж буй байгалийн хийн наймны нэг орчим хувьтай тэнцэнэ” гэжээ. Мөн тэрбээр "Оросын эсрэг хориг арга хэмжээ нь ОХУ-ыг ийм хэмжээний цэнхэр түлш шатаахад хүргэсэн" гэж тэмдэглэсэн байна.

Финландын хилийн ойролцоо байгуулагдсан шинэ станц өдөр бүр 10 сая ам.долларын үнэ бүхий хий шатаан устгаж буй тухай мэдээлэл гарчээ. Их Британид суугаа Германы элчин сайд үүнийг “Худалдан авагч байхгүй болсонтой холбоотой” гэж тайлбарласан байна.

“Rystad Energey” байгууллагын шинжээчдийн гаргасан дүгнэлтээр, оросууд Санкт-Петербургээс баруун хойд зүгт орших “Портовая” хий шингэрүүлэх шинэ үйлдвэрт зуны турш өдөр бүр 4.34 сая шоо метр хий шатаасан байна. Хилийн ойролцоо амьдардаг Финландын иргэд анх зургадугаар сард их галын дөл Оросын нутаг дэвсгэрийн зүгт харагдах болсон талаар мэдээлжээ.

“Портовая” үйлдвэр Герман руу хий дамжуулдаг “Умардын урсгал 1” хоолойн эхлэл цэг дээр байрладаг.

Мэргэжилтнүүд “Байгалийн хийг техникийн шалтгаанаар, эсвэл аюулгүй байдлыг хангах шалтгаанаар шатаах явдал түгээмэл байдаг. Харин ийм их хэмжээгээр шатаах нь хэвийн биш үзэгдэл гэж үзэж байна" гэжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, Герман руу нийлүүлэлт багассаны дараа “Газпром” хийгээ шингэрүүлсэн хэлбэрээр өөр зах зээлд нийлүүлэхийг оролдсон байж болзошгүй. Техникийн асуудал гарч, аюулгүй байдлын үүднээс шатаахаас өөр аргагүй болсон байх гэж таамаглажээ.

Их Британид суугаа ХБНГУ-ын Элчин сайд Мигуэл Бергер “Эрчим хүчний хараат байдлаас салах Европын орнуудын хичээл зүтгэл Оросын эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Тэд худалдан авагчгүй болсон тул хийгээ шатаахаас өөр аргагүй болсон байх” гэж ярьжээ. Байгалийн хийн технологийн “Capterio” компанийн гүйцэтгэх захирал Марк Дэвис “Хий шатаах нь санамсаргүй биш, зориудын үйлдэл” гэж хэлсэн байна.

"1000 ШОО МЕТР ХИЙН ҮНЭ 5000 АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ ӨСНӨ"

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев хийн үнийн төсөөллөө өсгөж, жилийн эцэс гэхэд 1000 шоо метр хийн үнэ 5000 евро болж өснө гэж үзэж байгаа аж. Тэрбээр "Telegram" сувагтаа "Хийн түлшний үнэ 1000 шоо метр тутамд 3500 евро болж өссөн, 2022 оны эцэс гэхэд 5000 евро болж нэмэгдэх болно" гэж бичжээ.

Лондоны ICE биржийн мэдээлснээр, хийн үнэ өнгөрсөн Даваа гаригт 1000 шоо метр нь 2800 орчим ам.доллар болж буурсан байна. Нидерландын "TTF" бирж дээр есдүгээр сард нийлүүлэх фьючерсийн үнэ 1000 шоо метр тутамд 2809 ам.доллар болж буурчээ. Өнгөрсөн долоо хоногт Лондонгийн ICE бирж дээр Европ дахь хийн спот үнэ 1000 шоо метр нь 3500 ам.доллар давж, өнгөрсөн гуравдугаар сарын эхнээс хойш анх удаа түүхэн дээд амжилт (2022.03.07-нд 3900 ам.доллар хүрсэн) руу дөхсөн байна.

Шинжээчид TASS агентлагт өгсөн ярилцлагадаа ирэх өвөл, хүйтний эрч эрс чангарч, агуулах дахь нөөц багасах үед хийн үнэ 1000 шоо метр нь 5000 ам.доллар хүрч өснө гэх таамгийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BLOOMBERG, APF, TASS, SPUTNIK, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж