Ази төдийгүй дэлхийн холимог тулааны зах зээлд хүч түрэн гарч ирж буй “One Championship” холбоо Амазон компанийн 175 сая хэрэглэгчтэй “Prime Video” стрийминг үйлчилгээн дээр анхны тулаанаа шууд дамжууллаа.
Шилдэг холбоо, шинэлэг үйлчилгээ хоёрын хамтын ажиллагааны эхлэлийг Мореас-Жонсон гэсэн өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн тулаан чимэв.
“Prime Video”-оор дэлхийн 160 гаруй оронд хүрсэн “One Championship”-ийн дээрх тулаан, өдөрлөг цацагдсан даруйдаа твиттерийн хайлтын онцлох сэдвээр тодорч, АНУ, Хятадын үзэгчдийн дунд тренд болжээ.
Сингапурт болсон түүхэн өдөрлөгийн гол тулаан хөнгөн жингийн аваргын бүсийг хамгаалагч Адриано Мораес болон цагтаа “UFC”-ийн аварга явсан Деметриус Жонсон нарын хооронд өрнөсөн.
Хоёр тамирчин өнгөрсөн онд учраа тааран тулалдахад Адриано Мораес илүүрхэж байлаа.
Тэгвэл энэ удаад Деметриус Жонсон хариугаа авч, өрсөлдөгчөө дөрөвдүгээр үед баруун гарын шулуун цохилт болон хүчтэй өвдөглөлтөөрөө буулган авч, аваргын бүсийг эзэмших болов.
Дашрамд дуулгахад, Степпелинк Холдинг ХХК нь “One Championship” холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулан анх удаагаа тус холбооны реалити шоуг зохион байгуулах төв Азийн эрхийг албан ёсоор авчээ.
Ингэснээр 2023 онд төв Азийг хамарсан тулааны шоуг Степпелинк Холдинг ХХК зохион байгуулах гэнэ.
Мөн тус компанийн төслийн баг саяхан Сингапурыг зорьж, “One Championship”-ийн өдөрлөг, стандарттай танилцаж, “Мөсөн өргөө – Степпе арена”-д дэлхийн хэмжээний тулааны шоу зохион байгуулах бэлтгэл ажлаа хангасан аж.
“Road To One Mongolia” гэх дэлхийн шилдэг “One Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах албан ёсны эрхтэй реалити шоу Монголд эхлэх гэж байна. Тус шоунд ирээдүйд Монгол Улсаа төлөөлөн дэлхийн тавцанд эд хаваа гайхуулах шилдэг 40 тулаанч оролцох болно. Тэднээс зөвхөн шалгарсан ганц нь л мөрөөдлийн гэрээгээ байгуулж, цааш аяллаа үргэлжлүүлнэ.
Реалити шоуны шинэ дугаар Ням гариг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр орон даяар хүрнэ.
Холбоотой мэдээ