Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч “Ч.Мөнхбаярын хэрэгт гарч буй хууль бус үйл ажиллагааг шалгах шаардлага үүсэн тухай” сэдвээр өнөөдөр/2022.08.30/ мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч А.Батдорж:
-2022 оны наймдугаар сарын 23, 29, 30-ны өдрүүдэд дахин хавтас хэрэгтэй өмгөөлөгч танилцаж, олж тогтоосон баримтуудыг олон нийтэд хүргэж байна. Иргэн Ч.Мөнхбаяр нь 2022 оны наймдугаар сарын 29-ний өдөр хавтас хэрэгтэй танилцан хавтас хэрэгт өөрчлөлт оруулсныг эрс эсэргүүцэж байгааг илэрхийлсэн. Захидалд тагнуулын ерөнхий газрын даргын тамга дарагдсан байсан боловч хуулбар гэдэг дардсаар сольсон. Дарга гэж бичигдсэн үгийг нь арилган тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болгон засварлан оруулсан байна. Хоёрдугаарт, гэрч н.Дарханбаярын мэдүүлгүүд дээр нэмэлт өгүүлбэрүүд оруулж гарын үсэг нь гурван өөр загвартай болсон. Хэргийн нэг, хоёр, гуравдугаар хавтас дахь материалыг хоёр гуравхан цул тойм хэлбэрт оруулан нэгтгэн тэмдэглэж хэргийн материалаас шүүх хуралд оролцогчид саадгүй нээж үзэх боломжгүй болгосон байна. Гуравдугаарт, хавтас хэрэгт огт байгаагүй зураг нэмэгдсэн. Үүн дээр Ч.Мөнхбаярын гарын үсгийг хуурамчаар тавьсан байсан. Дөрөвдүгээрт, хүний эрхийн үндэсний комиссоос мөрдөн шалгах ажиллагааны процесс нь эрүүдэн шүүх гэмт хэргийн шинжтэй гэж үзэн авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт хүргүүлсэн. Түүнчлэн Ч.Мөнхбаярт холбогдуулж буй хэргийг нээлттэй хэлэлцэх хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хандсаны дагуу монгол улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны наймдугаар сарын 26-ны өдөр нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуульд заасан үндэслэлээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Консул, орчуулагч, Ч.Мөнхбаяр гэсэн гурван хүний уулзалтаас Энэтхэгийн элчин сайдын яамны консулыг тагнуул гэж огт тогтоогоогүй. Харин орчуулагч Дарханбаярыг гэрч болгон, орчуулагчаар дамжин харьцаж байсан Ч.Мөнхбаярыг хятадын тагнуул хийсэн хэмээн ял оноосон шившигт үйлдлээс нийтэд мэдээлэх олон асуудал байна. Дараагийн шүүх хурал дээр тодорхой баримтыг гаргах болно.
Өмгөөлөгч Г.Баасан:
-Монгол Улсын сэтгүүлчийг хоёрдугаар сарын 17-ны өдөр гадаадын тагнуултай хамтран ажилласаныг газар дээр нь барилаа хэмээн сүр дуулиан болж байсан. Харин маргааш нь энэ хүн бол Энэтхэгийн элчин сайдаас маш их хэмжээний мөнгө авсан гэх асуудал ярьсан. Бид тэр цагаас эхлэн Ч.Мөнхбаяр гэх хүний өмгөөлөгч хийж байна. Анх тухайн хүнд 19.4.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэтхэгийн консул Манан гэх хүн дээр эрүүгийн хуулийн 19.10.1-ээр эрүүгийн хууль үүсгэж хэрэг бүртгэл нээсэн юм. Гэтэл явцын дунд тухайн хүн нь гадаадын тагнуул мөн эсэх дээр одоо хүртэл тогтоогоогүй. Эсрэгээрээ Манантай шууд харьцдаг н.Дарханбаяр гэх орчуулагч залуу гэрч болон хувирсан. Харин Манан гэх хүнтэй шууд харьцаж үзээгүй Ч.Мөнхбаярт нотлох баримтгүйгээр 10 жилийн ял өгчхөөд байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тухай хуульд хэрэв нотлох баримт эргэлзээтэй гэж үзвэл шүүх үүнийг үндэслэн шийдвэр гаргаж болохгүй гэж эрүүгийн хуулийн 16.1.14-т заасан байдаг. Мөн Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтын бүлгийн гуравт хэрвээ гадаад орны тагнуулын байгууллагын асуудал илрэх юм бол тухайн байгууллагын бичиг баримтыг гарын үсэг болон эх сурвалжаар батлан нотлох баримт болгон ашиглана хэмээн заачихсан. Мананг гадаадын тагнуул байсан бол монгол улсын хуулийн 42 дугаар бүлэг дээр Монгол улсын тагнуулын байгууллага албан ёсоор бичгээ явуулаад тагнуул мөн эсэхийг шалгах хугацаа аль хэдийн өнгөрчихсөн. Гэтэл Мананд үүсгэсэн хэрэг бүртгэл дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Анхан шатны шүүх болон прокурор, мөрдөн шалгагч нар нийлж байгаад хавтаст хэрэгт дураараа өөрчлөлт оруулж эхэлж байна. Тагнуулын нэвтэрхий тольд хэрвээ Монгол Улсын тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагааны шугамаар хэргийн лавлагаа гаргасан бол эх сурвалжийн бүрэн дурдаж тавих ёстой гэж заачихсан. Гэтэл энэ бүхнийг эвдэж, эргэлзээтэй нотлох баримтын эргэлзээг арилгахгүйгээр 10 жилийн ял өгсөн. БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэж монгол хүнийг хэзээ ч яллаж болохгүй.
Энэ хавтаст хэрэг дотор төрийн нууцтай хамааралтай Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг шинжтэй зүйл алга. Ч.Мөнхбаярын гэрээс олдсон мөнгөний тухайд гэрт байсан мөнгийг мэдээлэхдээ шал өөр зургаар гаргасан. Тухайн мөнгө нь Америк, Японд илтгэл тавьсан ажлын хөлс нь байсан. Мөн хоёрдугаар сарын 17-ны өдөр Германаас гарсан гэх 1000 ам.доллар нь орчуулагч н.Дарханбаярын түүнд өгсөн мөнгө. Харин хавтас хэрэгт тухайн мөнгийг хэнээс яаж авсан талаар тогтоогоогүй. Түүгээр зогсохгүй Монгол улсын нийслэлийн прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн нь тогтоогдсон гэж 17 удаа бичсэн. Ингэхдээ Ч.Мөнхбаяр үндэсний аюулгүй байдлын эсрэг ямар нэгэн бичиг баримт дамжуулах, цуглуулах, хадгалах мэдээлэл дамжуулах үйлдэл гаргасан тухай хавтас хэрэгт нэг ч байхгүй. Тухайн хавтас хэрэгт монгол хэлээ аваръя, Өвөрмонголын зөрчигдөж буй эрхийг хамгаалъя гэсэн зүйл л байна. Тийм учраас Засгийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж харж байна.
Холбоотой мэдээ