Украины армийн хөөргөсөн “Himars” пуужингууд Херсон муж дахь бараг бүх том гүүрийг сүйтгэжээ. Ингэхдээ зөвхөн явган хүний гарцыг л бүрэн бүтэн үлдээсэн аж.
Ийнхүү Оросын арми Крымийн нутаг дэвсгэрээс зэвсэг, боловсон хүчний хангамж авч чадахгүйд хүрсэн байна. Украины хувьд энэ нь газар нутгаа эргүүлэн авах сайхан боломж гэж “Ukrinform” хуудас мэдээллээ. Херсон муж дахь замууд болон Оросын хүн хүч, техник хэрэгсэлд Украины арми тасралтгүй цохилт өгч буй. Тухайлбал, Ням гаригаас Даваад шилжих шөнө Херсон дахь Оросын цэргийн баазад цохилт өгсөн.
Дашрамд дурдахад, ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2022.08.29/ Украины төлөө тэмцэлд амь үрэгдсэн байлдагчдын дурсгалыг хүндэтгэсэн. Энэ өдөр Украины баатар цолоор шагнагдсан цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд “Алтан од” одон гардуулав. Амиа алдсан Украины баатар, дэд хурандаа Дмитрий Васильевын эхнэр хүүхдүүд “Алтан од” одонг гардаж авчээ. Дмитрий Васильев нь дайн эхэлснээс хойш пуужингийн дивизийг амжилттай удирдсан юм. Түүний удирдлага дор Оросын 100 хүртэлх техник хэрэгслийг устгажээ. Тэрбээр гуравдугаар сарын 18-нд Запорожье мужид хүнд бэртлээс болж нас барсан.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ