Украинд өрнөж буй дайныг үл харгалзан ОХУ-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын хамтарсан цэргийн сургуулилалт есдүгээр сарын 1-нд эхэлнэ гэж Кремль мэдэгдлээ. Бүтэн долоо үргэлжлэх "Восток-22" цэргийн сургуулилалт ОХУ-ын Алс Дорно, Японы тэнгис зэрэг хэд хэдэн байршилд 50 мянга гаруй цэрэг, 5000 гаруй зэвсэг хэрэгсэл, 140 нисэх онгоц, 60 хөлөг оролцуулан болох гэнэ.
Сургуулилалтад хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүний хэд хэдэн орон, Хятад, Энэтхэг, Монгол Улс, Никарагуа, Сири улсаас цэрэг ирж оролцохыг Москва мэдээлэв.
ОХУ нь "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украинд дайн эхлүүлснээс хойш хэд хэдэн удаа олон улстай хамтран цэргийн сургуулилалт хийсэн. Тухайлбал, өнгөрсөн сард Монгол Улстай хамтран "Сэлэнгэ-2022” уламжлалт хээрийн сургуулилалтыг зохион байгуулсан.
ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Украинд дайн хийж, барууны орнуудтай зөрчилтэй байгаа энэ нөхцөлд "Восток-22" цэргийн сургуулилалт нь Москва, Бээжингийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг онцолжээ. Цэргийн сургуулилалтад оролцох Хятадын цэргүүд хэдийнэ ирсэн талаар эх сурвалжууд мэдээлэв. Орос, Хятадын тэнгисийн цэргийнхэн усан замын харилцаа холбоо, худалдааны замыг хамгаалах, газрын цэргийг дэмжих зэрэг чиглэлээр Японы тэнгист сургуулилалт хийхээр төлөвлөжээ. Дадлага, сургуулилалт Японы тэнгисийн хойд, төвийн хэсэгт болох талаар ОХУ-ын гадаад харилцааны дэд сайд Александр Фомин мэдэгдсэн. Тэрбээр уг сургуулилалт ямар нэгэн орон эсвэл цэргийн эвслийн эсрэг чиглэсэн ажиллагаа биш гэдгийг онцолжээ. Оросын батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ОХУ-ын нисэх хүчний цэргүүд холын зайн бөмбөгдөгч, цэргийн тээврийн нисэх онгоцоор оролцох аж.
ОХУ-аас Украинд дайн хийж байгааг шүүмжлэхгүй, оронд нь АНУ, "NATO"-г Москваг өдөөн хатгаж буйд буруутгасан байр суурийг Хятадын албаныхан илэрхийлсэн. Үүний хариуд Тайвань, Хятадын хурцадмал нөхцөл байдалд Москва нь холбоотон Бээжинг дэмжиж байна.
Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын эхээр хэлсэн үгэндээ, Украин дахь АНУ-ын дэмжлэг болон Вашингтоны Төлөөлөгчийн танхимын дарга Нэнси Пелосийн Тайвань дахь айлчлалыг иш татаж, Цагаан ордныг олон улсын тогтворгүй байдлыг өдүүлж байна гэж буруутгажээ.
Хятад, ОХУ нь сүүлийн жилүүдэд хамтарсан цэргийн сургуулилалт хийх нь олширсон. Тухайлбал, өнгөрсөн жил Оросын цэргүүд анх удаа Хятадын газарт нутагт болж буй армийн дадлага, сургуулилалтад оролцсон юм. Өмнө нь коммунист өрсөлдөгчид байсан Бээжин, Москва нь барууны орнуудтай зөрчилдөх болсноор нэгнээ түшиглэх нь нэмэгдэж, хоёр талын харилцаа нь "стратегийн түншлэл"-ийн хэмжээнд хүрч өргөжжээ. Хэдийгээр хоёр орон хамтран цэргийн эвсэл байгуулах тухай шумыг үгүйсгэсээр ирсэн ч Путин ирээдүйг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр Хятадтай цэргийн амин чухал технологийг солилцож, батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа тухай онцолжээ.
Энэтхэг улсын хувьд ОХУ-тай батлан хамгаалахын салбарт нягт хамтын ажиллагаатай. Энэтхэг нь ОХУ-ын зэвсэг, хэрэгслээс хараат байдлаа үргэлжлүүлсээр байгаа ч Украинд өрнөж буй дайны асуудалд дундыг барьсан байр суурийг илэрхийлснээр багагүй шүүмжлэлтэй тулжээ.
Гэхдээ Хятад, ОХУ-ын харилцаа гүнзгийрч буйд Энэтхэг нь тааламжгүй хандаж, АНУ-тай батлан хамгаалахын харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа аж.
“Восток 2018” нь ЗХУ-ын үед болсон хамгийн том цэргийн сургуулилалтаас ч өргөн хэмжээтэй болж байв. ЗХУ-ын үеийн хамгийн том "Запад-81 "цэргийн сургуулилалт нь 1981 онд Беларусь, Украин, Балтийн гурван улсын нутаг дэвсгэрийг хамарч, Варшавын гэрээний орнууд оролцож байсан юм.
Евро-Атлантын аюулгүй байдлын орчныг өөрчлөх зорилгоор ОХУ нь анх 2008 оны наймдугаар сард Гүржийн эсрэг богино дайн хийснээр эхлүүлсэн гэж үздэг. Таван өдөр үргэлжилсэн уг дайн нь Европын аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж, АНУ, ОХУ-ын харилцаанд эргэлтийн цэг болсон. Харин "Восток" цэргийн сургуулилалтыг ОХУ-ын зэвсэгт хүчин 2009 оноос эхлэн зохион байгуулах болжээ.
ЭХ СУРВАЛЖ: DIPLOMAT, NATO
Холбоотой мэдээ