Дайснууд хийгээд Данзантнууд

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Дайснууд хийгээд Данзантнууд

Дайснууд хийгээд Данзантнууд

Монголчууд анхны Үндсэн хуулиасаа эхлээд амь үл хайрлан тэмцэж, ашиг хонжоо хайгчид цагийн эрхээр ялгарч, хувь заяаны эрхээр гэх үү, хуйвалдааны балгаар юм уу, тодрон гарсан нь өрсөлдөгчөө бүдгэрүүлжээ. Үнэнийг үгүйсгэж, худлыг дэвэргэх зөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд оройлон оролцогсод одоо ч “баатар”-ын дүрээр бидэнд дурсагдах авай. Энэ л шоглоомоор 98 жилийн өмнөх эл өдөр Солийн Данзан цаазлуулжээ. Наймдугаар сарын 4-нд эхэлсэн МАН-ын III их хурал өөрийг нь цаазлах индэр болно чинээ яахан санах билээ. Эл хурал Элбэгдорж Ринчиногийн зургаан зүйл илтгэлийг хэлэлцэх хүртэл Данзангийн удирдлага дор хэвийн үргэлжилсэн аж. Тэрхүү зургаан зүйл илтгэлд Коминтернийн зааварчилгаа ёсоор зөвлөлт байгуулалтад шилжиж бүгд найрамдах засаглалд шилжих ёстой төдийгүй нэгдмэл монголчуудыг жирийн ба мөлжигчид гэж ангилахыг хуулиар тогтоохын эхлэл байв.

Үүнээс өмнө харанхуй бүдүүлэг гээд буй Богдын засгийн газар Үндсэн хуулийн судалгаа хийх зорилгоор Англи, АНУ, Япон, Норвеги зэрэг хөгжилтэй улс орнуудын хуулийг орчуулан харьцуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ингэхдээ Японы хуулийг “шинэ тутам”, сайн, муу нь туршигдах хангалттай хугацаа өнгөрөөгүй үндэслэлээр эш болгохоос зайлсхийсээр 1914 онд төсөл боловсруулжээ. Түүний дараа 1921 онд ардын засгийн ерөнхий сайд болонгуутаа Д.Бодоо “Улсаа улс шиг улс болгохын тулд гадаадын дайснуудаас улс үндэстэн юугаа хамгаалахын тулд юуны түрүүнд дэлхийн олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх Үндсэн хуультай болох явдал юм” хэмээн төсөл боловсруулсан ч өөртэй нь хамт үгүй 1922 оны наймдугаар сарын 31-нд үгүй болгов. Сонин давхцал шүү. Түүнээс хойш яг хоёр жилийн дараа С.Данзангийн ээлж иржээ…

Энэ мэт үйл явдал өрнөж, хичээнгүй сайд Цэрэндорж тэргүүтнүүдийн боловсруулж байсан Үндсэн хууль хэлэлцүүлэгдээгүй төдийгүй эцэст нь Оросын Үндсэн хуулийн монгол хувилбар бэлэн болсноор зүтгүүлсний эхлэл нь МАН-ын III их хурал болов.

Мэдээж үүнийг С.Данзан сөрөн зогссон нь амиа алдахад хүргэжээ. Ингэхдээ өнөөгийн улстөрчдийн сурамгай ашигладаг тархи угаалтыг хийсэн аж. Тэрхүү тархи угаалтаар С.Данзан болбаас хулгайч, Хятадын пүүсийн өрийг улсын мөнгөөр төлсөн урвагч болно.

НАХЯ-ны архивын баримтыг сөхөн харвал сонирхолтой баримт олдох төдийгүй Данзантай хамт хөнөөлгүүлсэн Ж.Баваасанг/Улс төрийн товчооны гишүүн, Бошгыг халах залуучуудын эвлэлийн даргаар ажиллаж байгаад цаазлуулсан. Түүнийг эвлэлийн биш намын ажилдаа анхаардаг гэж шүүмжилж байсан залуус цаазлуулахад нь албан тушаалаас нь огцруулах л сонирхолтой тухайгаа өгүүлсэн баримтууд бий/ хөнөөсөн Дотоодыг хамгаалах газрын ажилтан Сандуйжавын дурсамж анхаарал татна. Түүний өгүүлснээр дараах зүйл болжээ.

..Шөнийн 11 цагийн үед намын их хурлаас Дотоодыг хамгаалахын хүмүүс байна уу гэхэд бид нар орсонд тушаасан нь:

-Жанжин Данзан, Баваасан нар нэгдэн улсаас урваж, тэрсэлсэн нь илэрсэн тул шууд гавшгайлан баривал зохино. Дараа тусгай бүрэн эрхтэй комисс гарган шийтгүүлнэ гэжээ. Ингээд Оросоос Монголд суугаа элчин Васильевийн тэргийг пулемёт авч яваад Данзангийн гэрт орж, буу тулган хувцсыг нь өмсүүлэхэд Данзан “Барихад амар, тавихад хэцүү биш үү” гэхэд бид нар хариу хэлээгүй… Мөн шөнө тусгай комиссоос тэдэнд ял онооход “Та нарын хэрэг оростой холилдсон хэрэг тул Орос элчин дээр аваачиж байцаана” гэж хууран машинд суулган авч явжээ. Ингэж явсаар хотоос гарахад нь Баваасан хэрэг бишдсэнийг мэдсэн бөгөөд “Одоо алах уу” гэхэд нь тийм гээд хоёр гарыг нь хүлж, цаазын газарт хүргээд Данзанг Дамбадаржаа, Баваасанг би буудан сөнөөсөн. Энэ үест бид нар ДХГ ба Орос улаан цэргийн батальон зэрэг газар очиж, амь хоргодон явж байсан билээ… гэсэн нь НАХЯ-ны архивт хадгалагдан үлджээ.

Коминтерний Монгол дахь төлөөлөгч Турар Рыскулнов удирдлагадаа 1924 оны арваннэгдүгээр сарын 2-нд бичсэн итгэлд “Бид 3 жил гаруй залуучуудын эвлэлд ихэд анхаарч, Ардын намын оронд тавих жинхэнэ хувьсгалч нам болгон өгөхөөр ажиллаа… Данзан, Баваасан нарыг буудсан маань Цэрэндоржийн бүлгийнхэнд хүчтэй сэтгэгдэл төрүүллээ. Цэрэндорж, түүний талынхан одоо нэлээд өөрчлөгдсөн. Тэд дуулгавартай болж, залуучуудын үгийг авдаг болсон” гэж онцолжээ. Энэхүү илтгэлд дурдсанаар, Ардын намын зүүн жигүүрийг онцолж “Энэ бүлэгт Чойбалсан, Гэлсэнгээ гэсэн манай хүмүүс орж буй. Данзантныг ялсан маань залуучуудад даль жигүүр ургуулж өгсөн. Энэ бол бидэнтэй үзэл бодлоор ойр байдаг намын бүтэц зохион байгуулалтын хувьд Коминтернд ойртуулах гэсэн ажил хэрэгч, цорын ганц хүчтэй бүлэг. Би МАХН-ын удирдах ажлыг гартаа авч байна… Жамсрано өөр болж, Цэрэндорж Үндсэн хуулийн төслийг боловсруулах комиссын хурал дээр эсэргүүцэл илэрхийлэхээ больж, Үндсэн хуулийн миний төслийг бүхэлд нь хүлээн зөвшөөрлөө” гэснээс харвал анхны Үндсэн хуулийг хэний захиалгаар хэн гүйцэтгэв гэдгийг нотлоод өгөх аж.

ХАЧИН ДАВТАМЖ

“Намрын халуун өдрүүд” шиг хачирхалтай нь энэхүү үйл явдал давхцав. 98 жилийн тэртээд Данзан нарыг дээлийг нь нөмрүүлж, албан тушаалын төлөө Чойбалсан тэргүүтнүүд хойд айлын хоточ нохой болсон бол хоёрхон жилийн өмнө нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулиа МАН давхар дээлийн төлөө хүчингүй болгуулав. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд сургагчдаасаа хамгийн сайн сурснаа харуулж хүний гараар могой бариулав.

Тэрхүү могойг Цэц, Адьшаа, Доржханд гэж өөр өөрсдийнхөөрөө тодорхойлж байгаа ч эцсийн дүнтэй МАН гэдгийг хожмын өдөр тунгаах биз ээ. 98 жилийн өмнө эл өдөр Данзан нарыг ялж, Коминтерн сая санасандаа хүрсэн бол өнөөдөр шинэ “засаг” Үндсэн хуулийг яллаа.

Аль алинд монголчууд ялагдав. Монголчуудын дайсан Манж, Хятад, Орос гэхээсээ илүүтэй үеийн үед эрх мэдэл, албан тушаал, төөрөгдөл, шуналаасаа болсон дотоодын сувдаг сэтгэлтнүүд байв. Ийм албингуудыг дарсан үедээ бид дэвжиж, толгойдоо гаргасан үедээ хядуулж, харгислуулж, зовж, зүдэрч иржээ. Түүх эргэдэг гэгчээр эргэж байна.

Бодоогийн сийлсэн тамга, оросуудын байгуулсан тамга аль нь юуг бэлгэдэж, амьдрал, үхлийн алийг нь өгсөнийг эргээд бодитоор харахгүй бол коммунизм удахгүй гэгээн дүрээ харуулахад ойрхон байна.

Эрдэмтэн Бямбын Ринчен абугай нэгэнтээ “Хөөрхий Маркс хэрэвзээ ийм коммунистуудыг үзсэн аваас улиангар модноос дүүжилж үхэх байсан даа” гэж дуу алдсан гэдэг. Сайн сайхныг төсөөлсөн Маркс мэдээж коммунизм нь цусан далай урсгаж, туйлдуулж, сөхрүүлнэ гэж яахан мэдэх билээ. Энэ хугацаанд нэг л зүйл тодорхой болсон нь орчин цагийн коммунистууд тэгш эрх ярьж, баян чинээлгийг үзэн ядуулах сэтгэлгээг хөхиүлэн дэмждэг хэр нь тэрхүү номлол нь газар авах тусам ядуу, хоосны ялгаа арилах нь байтугай улам бүр холдож, хэсэг бүлэг хэмжээлшгүй хөрөнгөтэй, нийтээрээ гуйлгачин болох ажээ. Тэрхүү хэсэг бүлэг нь өөрсдөө бөгөөд тэд бүхнээс илүү эрх мэдэл, хөрөнгө чинээтэй байх нь нэн сонин. Монголд насаараа төрд ажилласан нөхдүүд бизнесийнхнээс илүү чинээлэг байж, тэдний бизнес л цэцэглэн хөгжөөд буйн учрыг нэг бод. Учиг нь аяндаа олдоно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж