Сургуулийн автобусны тендер замхарч, хүрэлцээгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Сургуулийн автобусны тендер замхарч, хүрэлцээгүй байна

Сургуулийн автобусны тендер замхарч, хүрэлцээгүй байна

Цар тахлын нөхцөл байдлаар далимдуулж нийслэлийн төсөвт тусгагдсан зарим тендерт гүйцэтгэл гараагүй. Түүний нэг нь сургуулийн автобус. Хүрэлцээ муутай, хүйтэн автобусыг хүүхдэд үйлчлэх зориулалт, стандартын дагуу болгох ажил 2020 онд эхлэж, тухайн үедээ бүхий л хэвлэл мэдээллээр энэ ажлыг сурталчилж байв.

2019 онд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй тээвэрлэх зорилгын хүрээнд хэрэгжиж эхэлсэн төсөл бол “UB school bus”. Тус төслийн туршилтыг 2019 оны 10-12 дугаар сард хийж нийт 40 автобусаар 29 сургуулийн 115 мянган хүүхэд зорчсон статистик байдаг. Тухайн үед үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон. Тиймээс хэрэгжилтийг хангаж ажиллахаар нийслэлээс зарласан тендерт “Моннис моторс” ХХК өрсөлдөгчгүйгээр шалгарч байв. Шалгаруулалтын дараа автобусаа татан авч, зургаан сарын дотор эхний татан авалт хийхээ амлаад байсан ч биелээгүй.

Ийнхүү цар тахлын нөхцөл байдлыг далимдуулан хил гаалийн гацалт, үнэ ханшийн өсөлт үүссэн гэх ганцхан шалтгаанаар сургуулийн 200 автобусны тоо хоёр жилийн дотор 25 автобус болж буурсан.

Угтаа урдаас татаж байгаа шаардлагатай бараа, бүтээгдэхүүнд оочер, дараалал үүсч, хүндрэл саад учрахгүйг тухайн үеийн хотын дарга, одоогийн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн билээ. Эдгээрээс харвал тендерт шалгарсан компанид хариуцлага тооцох нэгж байхгүйгээс цаг хожиж, мөнгө үрсэн тусгүй төсөлд төсөв зарцуулсан нь тодорхой болов. Хугацаа алдсан ч төлөвлөгөөгөө биелүүлэх нь мэргэжилтнүүдийн үүрэг. Гэвч 200-25 болж буурсан сургуулийн автобусыг мэдэх эзэн огт байсангүй.

Ямартай ч ирэх жилүүдэд “Сургуулийн автобус” төсөл үргэлжлэн хэрэгжиж төлөвлөөд байсан 25 автобус дээр нэмээд 50 автобус оруулж ирэх аж.

ТӨРИЙН 37 СУРГУУЛЬД 66 АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАХААР БЭЛДЖЭЭ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой хотын дарга Д.Сумъяабазар холбогдох мэргэжилтнүүдэд сургуулийн автобусны аюулгүй байдал, хүрэлцээ зэрэгт онцгой анхаарах үүрэг өгсөн байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 102 сургуульд хүүхдийн 261 автобусаар 8740 сурагчид үйлчлэх статистик гарчээ.

Эдгээрээс төрийн 37 сургуульд 66 автобус, хувийн 65 сургуульд 220 автобус үйлчлэх юм.

Олон тэрбумын дээрх тендерийн худалдан авах ажиллагаа мартагдсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Төрийн худалдан авах газраас сургуулийн автобус авах 5.4 тэрбумын тендер зарлаад байсан. Энэ хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтэй зэрэгцэн сургуулийн 25 автобус өнгөрч буй зун орж ирээд буй. Ийнхүү зориулалтын 25 автобус үйлчилгээнд нэмэгдсэн ч хүрэлцээний асуудал дахин гарч ирнэ. Учир нь маршрутын тухайд төдийлөн өөрчлөлт ороогүй байна.

Сургуулийн автобуснуудын хувьд үйлдвэрлэсэн он, төрөл, чанар нь тэс өөр байдаг. Автобус үйлдвэрлэсэн “Донфен” нь “Ниссан мотор" корпорацийн Хятад дахь үйлдвэрлэгч бөгөөд сургуулийн автобус нь дотроо A, B, C, D гэсэн зэрэглэлтэй байдаг. Монголд оруулж ирсэн 2020 оны таван автобус С зэрэглэлийнх юм. С зэрэглэл нь илүү өндөр үнэтэй байна. БНХАУ-аас оруулж ирсэн таван автобусыг Монгол Улсын стандарт, цаг уурын эрс тэс уур амьсгал болон замын нөхцөл байдалд зохицуулж, нийт 29 төрлийн нэмэлт тоноглол өөрчлөлт хийжээ. Дөрөвдүгээр сард зарласан тендерт ч дээрх төрлийн сургуулийн 20 автобусыг 5.4 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.

Нийслэлээс тодруулахад сургуулийн автобус ирэх есдүгээр сараас үйлчилгээнд явна. Ирэх онд багтаж дахин 50 автобус татан авна гэв.

Гэхдээ тэдгээр автобусыг хэрхэн авах нь одоогоор тодорхойгүй байна. Одоогоор тендер зарлаагүй, нийслэлийн төсөвт мөнгө нь тусгагдаагүй учир цаасан дээрх төлөвлөгөө гэсэн үг. Учир нь “Моннис моторс” ХХК-ийн тухайд үнийн өсөлтийг харгалзаж зөрүү авсан тохиолдолд татан авалтыг үргэлжлүүлнэ гэдгийг хэлж байсан юм. Тухайн үед нийтлэгдсэн мэдээллийг энд дарж уншина уу. Харин нийслэлээс уг татан авалтын ажлыг “Сургуулийн автобус” төслийн хүрээнд авна гэжээ.

ХУВИЙН СУРГУУЛИУД ӨӨРСДИЙН ЗАРДЛААР АВТОБУС АВЧ, ЖИЛИЙН 1.2-1.8 САЯ ТӨГРӨГӨӨР ҮЙЛЧИЛДЭГ

Улсын сургуулийн сурагчид хүрэлцээ муутай ч хүүхдийн автобусаар үнэ төлбөргүй зорчдог. Харин хувийн сургуулиуд хагас жилд 900-1.2 сая, Жилийн 1.2-1.8 сая төгрөг хүртэлх төлбөр төлж автобусаар зорчдог байна. Сургуулиуд автобусаа хэрхэн татаж авдгийг сонирхоход өөрсдийн зардлаар авдаг бөгөөд томоохон хувийн сургууль дээд тал нь тав хүртэлх сургуулийн автобусаар үйлчилдэг аж.

Гэтэл улсын хэд хэдэн сургуулийн дунд үйлчлэх нэг автобусыг стандарт болгох ажил ийнхүү хоёр жил дамнан гацаж, тоо нь өсдөггүй автобусаа үйлчилгээнд явуулсаар л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж