"Парламентын гишүүдийн тоог нэмэх асуудалд төвлөрч ажиллана"

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Live"Парламентын гишүүдийн тоог нэмэх асуудалд төвлөрч ажиллана"

"Парламентын гишүүдийн тоог нэмэх асуудалд төвлөрч  ажиллана"
22 : 58
2022-8-29

"Цар тахал, дайны асуудалтай уялдуулж, ажлаа явуулах хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

-Томоохон олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг Засгийн газар зорьж буй. 14 жил Монгол Улс хохиролтой явж ирсэн Оюутолгойн гэрээ харилцан ашигтай тал руу явж байна. Төмөр замын бодлого хэрэгжиж байна. "Шинэ сэргэлтийн бодлого" амжилттай хэрэгжиж байна. Иргэд энэ бодлогыг өшөө хурдтай явуулах хүлээлттэй байна. Гэхдээ цар тахал, дайны асуудал маргааш гэхэд зүгээр болохгүй. Энэ бүхэнтэй уялдуулж, ажлаа явуулах хэрэгтэй.

Хөдөө аж ахуйн сайд мэргэжлийн хүн болж байгаад тааламжтай байна. Ялангуяа мал аж ахуйн салбарт түүхий эд, боловсон хүчин, малчин өрх, экспортын асуудал зэрэг олон асуудал яригдаж байна. Үүнд дорвитой дэвшил гараасай. Иргэд маш их хүлээлттэй байгаа шүү.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-Биднээс хүлээх хүлээлт их бий. Өнөөдрийг болтол "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд гол чухал хуулиуд өргөн баригдаагүй байна. Н.Тавинбэх сайд эрчим хүчний доголдолтой байж магадгүй байх талаар мэдээлэл хийсэн. Эрчим хүчний сайдад маш их найдаж байгаа шүү. Цахим ард түмэн биш, цахилгаангүй ард түмэн болох гээд байна. Ганц том төсөл бол Эрдэнэбүрэнгийн УЦС. Улаанбаатар хотынхон хямдхан хүнс хэрэглэдэггүй. Эрүүл хүнс хэрэглэмээр байна. Х.Болорчулуун танаас хүлээх хүлээлт их байна. Наад захын дэд бүтцийн асуудал хангагдаасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Цахим хөгжил, харилцаан холбооны яамыг Н.Учрал гишүүн удирдах болсонд баяртай байна. Монгол Улсын хөдөө орон нутаг багуудыг шилэн кабелиар нэн тэргүүнд холбох ёстой. Хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун гишүүн уг салбарыг бодлогын хэмжээнд аваад явах байх. Өвөлжилт энэ жил харьцангуй байх нь ээ. Тэгэхээр цөлжилт, хөрсний бохирдлыг бууруулах тал дээр санаа бодлоо хэлээч ээ. Ж.Ганбаатар гишүүний хувьд уул уурхайн салбарыг эргэлтэд оруулах тал дээр мэдлэг боловсролоо дайчилна гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Хариуцлагатай үед та бүхэн томилогдож байна. Эрчим хүчний сайдад хэлэхэд Тавантолгой, Багануурын ДЦС-ыг яаралтай хийхгүй бол эрчим хүчний асуудал доголдож байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр байгуулагдсан олон төсөл байгаа юм билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд туршлагатай хүн очиж байна. Хүн ам зүйн асуудлыг бодохгүй бол болохгүй байна. Хөдөө орон нутагт өрх татаж, гэргий болох хүн байхгүй боллоо. Мөн гадаадад боловсон хүчин гаргадаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд байгаль орчны нөхөн сэргээлтийн тал дээр анхаарч ажиллаарай. Нефть хайгуулыг өргөжүүлэх, үйлдвэрээ түргэн шуурхай барьж дуусгах хэрэгцээ бий. ОХУ-тай шатахууны үнийн асуудлаар тохиролцох тал дээр анхаараарай.

22 : 35
2022-8-29

Д.Амарбаясгалан: Гишүүдийн тоог нэмэх асуудал дээр төвлөрч ажиллана

Үргэлжлүүлэн гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Нэг асуулт байна. Ерөнхий сайдаас асуусанчлан, дөнгөж саяхан бид тогтоолыг баталлаа. Өнөөдрийн томилгоо сонирхол татсан томилгоо байна. МАН-ын генсек Засгийн гал тогоог барих нь ээ. Парламентын ардчиллыг бэхжүүлэх тал дээр Д.Амарбаясгалан тууштай ажиллах юм байна гэж ойлгосон боловч өнөөдөр ЗГХЭГ-ын даргаар очих гэж байна. Та байр сууриа илэрхийлмээр байна.

Нэр дэвшигч Д.АМАРБАЯСГАЛАН:

-Эрхэм гишүүдэд оройн мэнд хүргэе. Т.Доржханд гишүүний асуултад хариулъя. УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсантай холбоотой Засгийн газарт тогтоол болгон очиж байна. Хуулийн хугацаанд хэрэгжүүлж ажиллана. Парламентынхаа тогтолцоог төгөлдөржүүлэх нь эрх баригч нам, сөрөг хүчин, намуудад хамаатай. Парламентын гишүүдийн тоог хэрхэн яаж нэмэх тал дээр тогтож төвлөрч ажиллана.

УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:

-Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг. Авлигаас ангид байх талаар тангараг өргөдөг. Гэтэл эр цэргүүд амь биеэ батлан хайрлан тангараг өргөдөг. Агуулгын асар том ялгаа байна. Цаашдаа тангаргыг нэмэлтээр өөрчилж оруулж ирээч ээ. С.Бямбацогт сайдаас асуухад Дорнод, Сүхбаатар хоёрын хооронд эвдрэлтэй 50 км замын ажлыг 2023 оны төсөвт суулгах уу?

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Засгийн тэргүүний оруулж ирж буй сайд нарыг дэмжиж байна. Ажлаа сайн хийгээд явах хүмүүс томилогдлоо. Хуучин сайд нар сайн ажилласан. Сайд томилогдоход ажил шинээр эхэлдэг байдал байдаг. Дан дээлтэй сайд нарын ажлыг үргэлжлүүлээд яваарай. Боомт хариуцсан сайдтай болж байгаад баярлаж байна. Хилээр гарч байгаа экспорт, импортыг хариуцах нь байна. Тээвэр ложистикийн асуудлыг шийдвэл эдийн засаг сайжрах болов уу.

УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ:

-Өмнөх Засгийн газар нөөц бололцоогоо ашиглаж маш сайн ажилласан. Энэ Засгийн газрыг нийгмийн олон асуудал хүлээж байна. Эдийн засгаа сэргээх, хувийн хэвшлээ дэмжих, үнийн өсөлтийг саармагжуулах, түгжрэлийг бууруулах ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх шаардлагатай.

“Тэрбум мод” хөтөлбөрийг ярих биш бодитоор ажил болгох шаардлага бий. Монгол орны ой хортон шавжид идэгдсэн. Салбарын сайд нар анхаарах ёстой. Уялдаа холбоотой ажиллах ёстой. Сайжруулсан түлш үр дүнд хүрсэн. Тиймээс шинэ шийдэл гаргах хэрэгтэй. Мөн усны мега төслийг тооцоо судалгаанд үндэслэж менежмент хийж ажиллахыг хүсч байна. Хуш ойгоо хамгаалах тал дээр Ерөнхий сайд анхаарч өгөөч ээ. Агаарын бохирдлыг анхаарч, хамтарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Иргэд намайг Дарханы замын асуудлаар юу хэлэхийг анхаарч суугаа. Дарханы зам эхэлж байсан, хүүхэд сургуульд орлоо. Олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон Дарханы замын асуудлыг хурдан шуурхай дуусгаж өгөөч ээ. Санхүүжилтийн асуудал бэрхшээлтэй болж ирлээ. Одоо байгаа байдлаар 2024 онд дуусахааргүй байна. Таны өмнөх сайдад би захиасаа захиад хэлсэн. Харамсалтай нь хамтарч ажиллаж чадсангүй. С.Бямбацогт танаас Дарханы замыг ашиглалтад оруулж өгөхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Засгийн газрын шинээр томилох сайдуудыг оруулж ирж байна. Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийн хүрээнд бүрэн чадамжтай ажиллах сайд нарыг оруулж ирж байна. УИХ-аас сонгогдсон гишүүд Засгийн газарт орж байна. Энэ бол ард түмний төлөөлөл. Ж.Ганбаатар бол хамгийн шилдэг зохион байгуулагч. Цаашид ард түмний баялгийг тэгш хуваарилахыг иргэд харж байна.

Эдийн засгийн хүндрэлийн үед улс орны эдийн засгийг сэргээхэд дотоод гадаадын хөрөнгө оруулалт, тодорхой шийдэл гаргаж ажиллах зайлшгүй шаардлагатай. Улс орны нөхцөл байдал хүндэрсэн цаг үед та бүхнийг сайн ажиллана гэж бодож байна. Х.Болорчулуун бол салбарын мэргэшсэн хүн, томилогдож байгаад баяртай байна. Малаа эрүүлжүүлэх талаар бодлого гаргаж ажиллаарай.

21 : 51
2022-8-29

"Сонгодог парламент руу явах улстөрийн байр суурь өөрчлөгдөхгүй"

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан асуулт, хариултаар үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байхад шинэ бүтцээр ороод ирэх шаардлагагүй гэж бодож байсан. Эдийн засаг, Цахим хөгжлийн сайд ороод, Ерөнхий сайдтайгаа нийлээд 22 сайдтай болох юм байна. Ийм олон бүрэлдэхүүнтэй байх шаардлага бий юу. У.Хүрэлсүхийн Засгийн газар 15 сайдтай ажиллаад болж байсан. Үндсэндээ зургаан сайдаар нэмэгдэх юм байна. Хэмнэлт гээд баахан юм ярьчихсан хэрнээ төр, Засгийн газрын бүтцийг данхайлгах нь хэр оновчтой вэ? Хэдийгээр Ерөнхий сайдын эрх мэдэл ч гэсэн төсөв мөнгө амаргүй байна. Дээрх сайд нарын төсвийг яаж зохицуулах вэ? Хэчнээн тэрбум төгрөг яамгүй сайд нарт зохицуулах юм бэ? Төсвийн тодотгол хийхгүйгээр шийдэх боломж байна уу?

Нийслэл хот хариуцсан сайд орж ирж байгаа юм байна. Энэ чинь нийслэл хотын даргатай зөрчилдөхгүй юу. Аливаа ажил бол хүнээсээ болно. Зам тээвэр, Эдийн засаг, Барилга хот байгуулалтын сайдтай зөрчилдөнө. Болдог бол Нийслэлийн засаг даргыг Засгийн газрын гишүүнээр оруулж ирвэл ямар вэ. Аж үйлдвэрийн яам байгуулбал зүгээрсэн. Үүнийг Ерөнхий сайд юу гэж бодож байна вэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг чиглэлийн яам болгон өөрчлөх шаардлага бий юу.

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Төсөв 2023 онд оруулж ирэхээр төлөвлөсөн байсан. Нэгэнт Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж буй учраас сайд нар 2023 оны төсвөө өөрсдөө хийх боломж олгох нь ажилд тустай. Ард түмний өмнө төр засаг асуудлаа шийдэх нэг л үүрэгтэй. Тиймээс УИХ, Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Яагаад энэ сайдуудыг Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга гэж оруулж ирээд байна вэ гэвэл салбар дундын зохицуулалт бий болгохын тулд юм. Бид хэвшмэл ойлголтоос гарч шийдэхгүй бол модон бүтэц хэт хурдтай бий болж байна. Тиймээс маш шуурхай тэсч гарч, арга хэмжээ авахыг хичээж байна. Эцэст нь үр дүнгээр хэмжигдэнэ. Цар тахалтай холбоотой хууль буруу гэдэг том шүүмжлэлтэй тулгарч байсан. Гэтэл эргээд харахад олон сайн тал харууллаа. Нөхцөл байдал стандарт бус болсон учраас бидний зохион байгуулалт хэвшмэлээс гарч, хурдтай байх ёстой. Олон улсын туршлагыг судалсан. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Сонгодог парламент руу явах улстөрийн байр суурь өөрчлөгдөхгүй. Хагас ерөнхийлөгчийн, хагас парламенттай холбоотой засаглалын асуудал шийдэгдэх ёстой. Үндсэн хууль үндэсний баримт бичиг учраас бид УИХ-ын гишүүдийн тоог зардал гэж харахаас илүү, улс орны тусгаар тогтнол чухал юм. Төрийн хэмнэлт байлаа ч тусгаар тогтнолоо хэмнэж болохгүй. Цахимжилттай холбоотой асуудал үр дүнгээ өгч байна. Сонгодог парламент руу үе шаттай шилжих алхмууд хийгдэх ёстой. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой. Ингэж байж бие биенээ шантаажилсан байдал өөрчлөгдөх ёстой.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Л.Оюун-Эрдэнэ, та парламентын ардчиллыг бэхжүүлэхэд, парламентын тогтолцоог сайжруулах чиглэлээр зоригтой өөрчлөлт хийх үү гэж жилийн өмнө асууж байсан. Та хариуд нь ирээдүйд хэрэгтэй зоримог алхам хийхээ мэдэгдсэн. Одоо үүнийг дахиад асууя. Та энэ байр суурь дээрээ байгаа юу? Цэцийн хуралдаанаас хоёр шийдвэр гарсан. Парламент “давхар дээл” өмсч болно, гэхдээ олон улсын жишгийн дагуу гишүүдийн тоог нэмэх байдлаар явах хэрэгтэй  гэсэн шийдвэр гарсан. Гэтэл өнөөдөр 21 сайдтай, 15 нь давхар дээлтэй байдлаар орж ирж байна. Цаашаа яаж хяналт тэнцлээ хадгалах билээ? Ийм олон давхар дээлтэй сайдыг нэмбэл дахиад л нийгэм дэх үл ойлголцол үргэлжилнэ.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзсэн учраас ТББХ-д шилжүүллээ.

Засгийн газрын бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад, 56 гишүүнээс 46 гишүүн дэмжиж, хууль эцэслэн батлагдлаа.

19 : 44
2022-8-29

Төрийн хэмнэлтийн хуультайгаа уялдаж байгаа юу?

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, ялангуяа гадаад дотоод нөхцөл байдлын хүндрэлийн үед "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхээр шинэ бүтэц зохион байгуулалтыг хэлэлцэж байна. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын мега төслийг хэрэгжүүлэхэд санхүү, эдийн засгийн нөхцөл ямар байна вэ? Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, хүнс шатахууны хомсдол үүсэхийг үгүйсгэхгүй. Өвөлжилтийн нөхцөл байдал, зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл авъя. Хил боомтын алдаа дутагдал, ачаа тээвэр дээр шилээ дарсан олон асуудал гарч  ирж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэх талаас нь ямар зорилт тавьж байна вэ?

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
 
-"Шинэ сэргэлтийн бодлого"-ын 47 том төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засаг сэргэнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат. Энэ жил Гашуунсухайтын төслийг ашиглалтад оруулна. Мөн Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулна. Шивээхүрэн, Бичигтийн боомтын ажлыг эхлүүлнэ. Экспорт нэмэгдсэнээр эдийн засагт үр нөлөө авчирна. Манайд боомт хариуцсан бүтэн цагийн ажилтан байдаггүй, ажлын хэсэг байдлаар явдаг.
 
Нэг сайд 100 орчим ажлын хэсэг ахалдаг. Тиймээс цогц байдлаар авч үзэхийн тулд, нэгдсэн удирдлагаар зохицуулахын тулд Боомтын үндэсний зөвлөл, хариуцсан сайд шаардлагатай. Эдийн засгийн хөгжлийн яам улс орны бодлогыг хариуцах нэгдүгээр яам болно. Харин сайдад нэр дэвшигчдийн асуудлыг оруулж ирэх үед тухайн салбартай холбоотой тайлбар авах боломжтой.
 
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
 
-Бүтэц бүрэлдэхүүнээс асууя. Таван сайд нэмэгдээд байгаа юм уу? Энэтэй холбоотой төсөв мөнгө юу болох вэ, Төрийн хэмнэлтийн хуультайгаа уялдаж байгаа юу?

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Нэг ч яам нэмэгдээгүй. Өмнө нь баталсан Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим бодлого, харилцаа холбооны яам сайдтай болж байна. Та бүхэн санаж байгаа бол, төсөв баталж байх үеэр хэлж байсанчлан яамд салж буй асуудал байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд хариуцаад явж байсан нь зөв байлаа. Өмнө нь Эдийн засаг, хөгжлийн яам Сангийн яамтай давхардсан учир татан буугдсан гашуун түүхтэй. Бүтэц бүрэлдэхүүнээ хуваах тал дээр хоорондоо зохицож чадаагүйн улмаас татан буугдсан. Цаашдаа Эдийн засаг, хөгжлийн яам сонгодог агуулгаар бодлого төлөвлөлтийг хийхээр зарим зохицуулалтыг оруулж ирж байна. Эрхлэх асуудлын хүрээнд яамгүй гурван сайд. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын сайд гэдэг нь ЗГХЭГ-ын даргын статустай адилхан хэмжээнд орж ирж буй. Энэ сайдууд бол яамгүй байна. Холбогдох үндэсний хороогоор дамжуулж нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалт хийнэ.

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой алдаж байгаа цаг нэг яамгүй сайдаас хэд дахин үнэтэй. Ер нь манай төрийн бүтэц хөшүүн. Бид ямар асуудал тулгамдаж байна түүнийг даван туулах бүтцээ яаралтай гаргаад явах ёстой. Өнгөрсөн хугацаанд салбар дундын зохицуулалтад маш их алдаа гаргасан. Ерөнхийгөөс тодорхой байдал руу орох цаг болсон. Зарим аймгуудад хатуу сануулга өгч байна. Дураар авирладаг анхан, дунд шатны дарга нартай хариуцлага тооцох цаг болсон. Хоосон улстөр хийвэл алдагдсан боломжийг нэхэж, хариуцлага тооцох ёстой.

19 : 24
2022-8-29

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн.

“Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах асуудал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангах эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг шинээр  бий болгох зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна.

Иймд энэ хэрэгцээ шаардлагыг харгалзан, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Засгийн газар бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж