Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хөрсний байдалд судалгаа хийхэд жорлонгийн ойролцоогоос авсан хөрсөнд жорлонгоос хол авсан хөрснөөс нянгийн ерөнхий тоо 0.6 дахин их гарсан байна. Мөн сүүлийн таван жилийн дунджаар хөрсний дээжид хийсэн гэдэсний савханцрын таньц тодорхойлсон дүнг MNS 3297:2019 стандарттай харьцуулахад нийт дээжийн 57 хувь нь их, дунд бохирдолтой ангилалд хамрагдаж байна гэсэн үнэлгээ гарчээ.
Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаарт баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч 2018 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн ердөө 38 хувь нь сайжруулсан, найдвартай ундны усаар хангагдсан байна. Харин улсын хэмжээнд нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр хангагдаагүй гэж гарчээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын 74 хувь нь ундны цэвэр усаар, 63 хувь нь ариун цэврийн байгууламжаар хангагдсан байна.
Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зургадугаар зорилго болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2022.08.29/ “Novotel” зочид буудалд боллоо.
“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилж, 2015 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн юм.
Тус зөвлөлдөх уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухаан, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Нийслэлийн захирагчийн алба, ШӨХТГ, АХБ-НЫ Төсөл хэрэгжүүлэх нэгж, Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн Сан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, “WaSH Action of Mongolia” ТББ, Ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 50 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.БАТСУУРЬ:
-Монгол Улсын хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын засгийн газраас тавьсан зорилт болох 2050 он гэхэд хүн амын 90 хувийг баталгаат ундны ус, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах ажлын хүрээнд зохицуулах зөвлөл нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академитай хамтран 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн ундны усны чанарын судалгааг 2019 оноос хойш хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд суурилсан ундны усны чанарын мэдээллийн нэгдсэн санг байгуулаад байна.
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд аялал жуулчлалын салбарын хөгжил чухал ач холбогдолтой. Мөн ариун цэврийн байгууламжийн асуудал энэхүү салбарын хөгжилд ч томоохон нөлөөтэй. Ийм учраас улсын хэмжээнд боловсон нийтийн нойл, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээний ААН-үүдтэй хамтран ажиллаж байна. Ингэхдээ уг асуудлыг шийдэх төслийг БОАЖЯ-аас өнгөрсөн 2021 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Ариун цэврийн байгууламж, түүний хүртээмжийн асуудалд хамааралгүй салбар, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн гэж байхгүй. Аливаа улс орны хөгжил нь ариун цэврийн байгууламжтай салшгүй холбоотой. Иймд бүх нийтээрээ ус хангамж, ариун цэврийн байгууламжид анхаарах ёстой юм” гэлээ.
Энэхүү уулзалтын үр дүнд ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд холбогдох шийдлүүдийг гаргах аж.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ