УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо. Тус хуралдаан дээр гишүүдийн асуулт, хариултыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:
-Тогтоолын төслийг ерөнхийд нь дэмжиж байна. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүд, УИХ-д суудалтай намуудаас тавьж буй шаардлагыг харгалзан үзэх ёстой. Сая Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндсэн хууль дагасан хуулиудыг хэлэлцэх явцад гишүүдийн зүгээс ч энэ саналууд нэлээн гарсан. Ганцхан санал байна. Хугацааг арваннэгдүгээр сарын 20 гэх тодорхой өдөр тавьсан байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэхээр хугацааг тавих ёстой. Манай Тамгын газрынхан мэднэ. Бид Журмын хуулиар явахад доод тал нь хоёр сар байдаг. Журмын хуульд хоёр шаардлага тавьсан. Иймд энэ хугацааг их тодорхой тавьсан байна. Үүнийг нэг бол энэ онд багтаах, эсвэл арванхоёрдугаар сарын 1-нээр сунгах хэрэгтэй.
Ажлын хэсгийн дарга С.ОДОНТУЯА:
-2023 оны зургадугаар сарын 1-ний дотор сонгуулийн хуулиа баталсан байх ёстой. Бид хугацааг нэлээн шахуу тавьсан. Журмын тухай хуульдаа багтаагаад, арванхоёрдугаар сарын 1 гэж өөрчлөхөд болохгүй зүйл байхгүй.
-УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
-С.Одонтуяа, Т.Доржханд аа, та нарт зориулж би ард түмний өмнөөс үг хэлье. Цэцийн нэрийг барих хэрэггүй. Цэц хариуцлага хүлээх ёстой. 76 гишүүний тоог өөрчлөхийг Цэц авч хэлэлцэх боломжгүй. Би Цэцэд гомдол гаргахдаа хоёр асуудал өгсөн боловч шууд хаасан. Гэтэл оршил хэсэгт нь тооны асуудлыг авч хэлэлцэнэ гэдэг хууль тогтоох эрх мэдэлд Цэц чиглэл өгдөг болсон уу. Та нар яасан их яарч сандраад байна аа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиараа, хуулийн дагуу асуудлаа шийдье. 57 гишүүн өргөн бариад яв. Цэцийг оролцуулж чиглэл өгдөг байсан бол, Засгийн газраас чиглэл өгөх гэж байгаа юм байна. Үүнийг ард түмний төлөөлллийн хувьд зөвшөөрөхгүй шүү.
Байнгын хороодын гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төсөл дэмжигдлээ. Бусад асуудлын хүрээнд Засгийн газраас хууль өргөн барьсны дараа үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.
Холбоотой мэдээ