Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах асуудал үүсдэг. Энэ жил нийслэлийн хэмжээнд сургуулиуд гурван ээлжээр хичээллэх эсэх болон бусад асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-2022-2023 оны хичээлийн жилд хэчнээн сургууль гурван ээлжээр хичээллэх вэ?
-Аль болох гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд түрээсийн байрууд олж байна. Нийслэлийн хэмжээнд 41 сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй хүндрэл үүссэн. Үүний 20 гаруй сургуульд дотоод нөөц бололцоонд нь тулгуурлаж засвар тохижилт хийж, анги бүлгийг нь нэмээд шийдэж байна. Үлдсэн 21 сургуулийн тухайд 18 түрээсийн байр олж бэлдсэн. Дахин гурван сургууль дээр нэмэлт судалгаа хийгдэж байна.
-Сургуулиуд нэмж баригдаад буй хэрнээ ачаалал буурахгүй байна гэсэн үг үү?
-Тийм. Ерөнхий боловсролын сургуульд жил бүр 40-50 мянган сурагч нэмэгдэж байна. Эдгээрийн 50 хувь нь зөвхөн Улаанбаатарт. Зарим дүүрэгт иргэдийн шилжилт хөдөлгөөнөөс хамаарч сургуулийн ачаалал өсдөг. Асуудал юунд байна вэ гэхээр орон сууцны хорооллуудад. Олон хотхон нэг дор баригдаж, төлөвлөлт муутай байгаагаас хамран сурах тойрог зэргээс шалтгаалж сургуулиудын ачаалал нэмэгдэж байна.
Шийдвэрлэх арга замын хувьд төлөвлөлтийг сайжруулах шаардлагатай.
Орон сууцны хорооллын 60 хувь нь ашиглалтад ороход түүнд хамаарах сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх нь зөв. Ийм байдлаар асуудлыг шийдэхгүй бол түрээсийн байр бол түр зуурын л шийдэл.
-Цахим бүртгэлийн хувьд системийн алдаа гарсан уу?
-Системийн алдаа гэхээс илүүтэй хүчин чадал бий болгосон ч шилжилт хөдөлгөөн зэргээс шалтгаалж харъяа цэцэрлэгүүдэд асуудал гарсан тохиолдол байна. Энэ тохиолдолд аль болох шийдвэрлэх боломжтой зохицуулалтыг судалж үзэж, хариу арга хэмжээ авна.