Афганистанаас АНУ-ын цэргүүд гарсны дараа Хятадын хэд хэдэн бизнес эрхлэгч Кабулд үлдсэн. Тухайлбал, Ю Минхуй нэртэй бизнес эрхлэгч талибанчуудын хэрэгжүүлсэн өөрчлөлтүүдийг хүлээж авч, АНУ-ын дэмжлэгтэй өмнөх засгийн газрын албан тушаалтныг орлох болжээ. Тэрбээр Кабул дахь Хятад хорооллын үйл ажиллагааг хянаж, худалдаачидтай нягт холбоотой ажилладаг.
Талибаны засгийн газар Кабул хотын захад 216 сая ам.долларын өртөгтэй аж үйлдвэрийн хотхон байгуулах хамтарсан төслийг баталсан. Энэ нь талибанчууд засгийн эрхэнд гарснаас хойших Хятад-Афганистаны анхны дэд бүтцийн төсөл юм. Төслийн хүрээнд 150 хүртэлх үйлдвэрийг хүлээн авах төлөвтэй байна.
“Хоцрогдсон, сүйрсэн хотуудыг сэргээн босгох шаардлагатай байна. Үүнд инженер, хөрөнгө мөнгө, ур чадвар шаардагдана. Энэ тал дээр Хятадад давуу тал байгаа гэж бодож байна” гэж Ю хэллээ.
Хятад улс дэлхийн бусад орны нэгэн адил Талибаны засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч эрх баригчид нь Талибаны өндөр албан тушаалтнуудтай байнга уулздаг. Тэр дундаа элчин сайд Ван Ю үүнд багтаж байна. Түүнчлэн төрийн өмчит компаниудын төлөөлөгчид Бээжин дэх Талибаны элчин сайдын яаманд зочилж, хөрөнгө оруулалт, сэргээн босголтын төлөвлөгөөний талаар ярилцжээ.
Гадаад хэргийн сайд Ван И гуравдугаар сард өмнөд Азийн орнуудаар айлчлах үедээ Кабулд гэнэт саатсан явдал ч бий. Энэ нь талибууд засгийн эрхийг гартаа авснаас хойш Хятадын албаны хүмүүсийн хийсэн хамгийн өндөр түвшний айлчлал болсон юм. Айлчлалын үеэр Ван И Афганистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттакитай уулзаж, улс төр, эдийн засгийн харилцаа, тэр дундаа уул уурхайн салбарт хамтарч ажиллаж эхлэх талаар ярилцжээ. Түүнчлэн “Бүс ба зам” санаачилгын дэд бүтцэд Афганистаны гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.
Хятадын хөрөнгө оруулалт Афганистаны баялаг, ашиглагдаагүй байгалийн баялгийг орлого болгон хувиргаж, эдийн засгийг аварч чадна гэж талибанчууд найдаж байна. Афганистанд 2.2 тэрбум гаруй тонн төмрийн хүдэр, 30 сая тонн зэс, 1.4 сая тонн газрын ховор элементийн нөөц байгаа гэх албан ёсны мэдээлэл бий. Гэхдээ Хятадууд АНУ болон ЗХУ-ын сургамжаас санаа авч, болзошгүй эрдслийг үнэлэхдээ маш болгоомжтой хандсаар ирсэн.
АНУ-ын цэргүүд Афганистанаас гарсны дараа Хятад улс хэд хэдэн удаа хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж илгээсэн. Түүнчлэн Афганистаны хувьд Хятад улс нь Пакистан, Ираны араас орох гурав дахь том худалдааны түнш юм. Хятад улс тариачдын орлогын гол эх үүсвэр болох афган самрын импортоо арваннэгдүгээр сард сэргээсэн. Мөн Афганистанаас Хятадад экспортолж буй бүтээгдэхүүний 98 хувийг энэ сараас эхлэн импортын татвараас чөлөөлөх болсноо Бээжингээс мэдэгдлээ. Энэ мэтчилэн Хятадын Афганистан дахь эдийн засгийн нөлөө улам л тогтворжиж, өргөжиж байна.
Хятадын Элчин сайд Ван Ю өнгөрсөн долоо хоногт талибуудын Уул уурхай, ашигт малтмалын яамны сайд Шахабуддин Делавартай уулзсан. Энэ үеэрээ Айнакийн зэсийн уурхайн хайгуул, олборлолтын ажил удахгүй эхлэнэ гэж мэдэгджээ. “Айнак” төсөл нь Афганистан дахь хамгийн том зэсийн уурхайн төсөл юм. Уг төслийг 2007 онд Хятадын төрийн өмчит “China Metallurgical Group” компанид олгосон боловч түүнээс хойш ахиц дэвшил гараагүй байна.
Талибанчууд олон нийтийг бүрэн хамарсан засгийн газар байгуулж чадаагүйд хятадууд бага зэрэг бухимдаж буйг Олон улсын судлалын сургуулийн мэргэжилтэн Раффаэлло Пантуччи хэллээ. Талибууд шиг хүмүүстэй харилцах нь амаргүй тул хятадууд дасан зохицож, учраа олох шаардлагатай болж буй юм. “Талибууд хэр эв нэгдэлтэй болох нь, улс орныг бүхэлд нь хянаж чадаж буй эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс Хятад улс эсрэг талынхаа эрх мэдлийн хязгаарыг тодорхойлоход төвөгтэй байгаа” гэж тэр хэлжээ.
Бээжингийн санааг зовоож буй өөр нэг гол өнцөг бол “Афганистан их гүрнүүдийн мөргөлдөөний цэг болох вий” гэсэн айдас юм. Тодруулбал, Афганистаныг чиглэсэн Энэтхэг, АНУ, Хятад гэсэн их гүрнүүдийн зорилго огтлолцож магадгүй.
Афганистан дахь АНУ-ын цэргийн ажиллагаа дууссанаас хойш Байдены засаг захиргаа тус улсад чиглэсэн шинэ бодлогоо хараахан зарлаагүй байна. “Washington post” сонинд бичсэнээр, АНУ-ын албан тушаалтнууд Катар, Арабын нэгдсэн Эмират тэргүүтэй исламын байгууллагууд болон холбоотнуудтайгаа хамтрах замаар Талибуудтай харилцаж байна. АНУ-ын цэргүүд тус улсаас гарснаас хойш 800 гаруй америк иргэнийг Афганистанаас нүүлгэн шилжүүлжээ.
Тэгвэл Энэтхэгийн хувьд Кабулд Элчин сайдын яамаа дахин нээгээд удаагүй байна. Яамаа дахин нээснээс хойш хэдхэн хоногийн дараа Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Афганистаны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдлийг хүндэтгэж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байх уриалга дэвшүүлжээ. Энэтхэг улс өнгөрсөн наймдугаар сард талибууд Кабулд нэвтэрсний дараа Элчин сайдын яамны ажилтнуудаа нүүлгэн шилжүүлсэн юм.
Афганистаныг сэргээн босгох ажилд оролцохыг Талибаны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Энэтхэгт уриалсан. “Сэргээн босголтод гадаадын хөрөнгө оруулалтыг татахад талибуудад үзэл суртал ямар ч хамаагүй байдгийн жишээ бол Энэтхэг юм” гэж Кабул дахь Хятадын бизнес эрхлэгч Ю Минхуй хэлсэн. Тэдний хувьд Хятад, Япон, Энэтхэг, Турк аль нь ч байсан хамаагүй, тухайн улсад юу хийсэн нь л чухал гэв.
Эх сурвалж: SCMP, REUTERS
Холбоотой мэдээ