Европын холбооны Гадаад хэргийн сайд нар маргааш /2022.08.30/ Прага хотноо чуулга уулзалт хийх гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтаар Оросын жуулчдыг Европ руу зорчихыг хориглох тухай Украины уриалгыг хэлэлцэнэ.
Европын холбооны зарим орон оросуудад визний хориг тавьсан боловч холбооны хэмжээнд бүрэн хориг тавиагүй. Энэ санаа Европын холбооны улс орнуудыг хагаралдуулж магадгүй гэж эмээж буй юм. Оросын дипломат паспорт эзэмшигчид, өндөр албан тушаалтнууд, зарим компанийн удирдагчид одоогоор визний хоригт ороод байгаа билээ. Тиймээс Украины ерөнхийлөгч Зеленский жуулчдыг оролцуулаад бүх орос иргэнд хориг тавих уриалга дэвшүүлсэн аж.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Оросууд дийлэнх нь дайныг дэмжиж, Украин дахь довтолгоог сайшааж байна. Тэгвэл орос жуулчид Оросдоо л цагийг зугаатай өнгөрүүлцгээг” гэж хэлсэн.
Финланд улс энэ Пүрэв гаригаас эхлэн Оросын жуулчны визний мэдүүлгийн тоогоо бууруулахаар болжээ. Тодруулбал, өдөрт 1000 виз хүлээж авдаг байсан бол 10 хувь хүртэл бууруулах аж. Европын бусад оронд зорчихын тулд Финландын хилээр орос жуулчид дамжиж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Латви, Литва, Польш улсууд хоёрдугаар сарын сүүлчээр Оросын жуулчдад виз олгохоо зогсоосон.
Шенгений орнууд өнгөрсөн онд гурван сая орчим визний мэдүүлэг хүлээж авсан. Үүний 536 мянга нь орос иргэн байжээ.
Европын холбооны хориг арга хэмжээг албажуулахын тулд 27 гишүүн орон бүгд санал нэгдэх шаардлагатай. Гэтэл визний хоригийг эсэргүүцэх магадлалтай хэд хэдэн улс байна. Тухайлбал, Унгар, Франц, Герман, Португал зэрэг орон үүнд багтах юм. Прага хотноо болох хурлыг даргалах Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл ч бас энэ уриалгыг сайхан санаа биш гэж үзжээ. Учир нь бүх орос иргэнд хориг тавьснаар тэрс үзэлтэй оросууд хүмүүнлэгийн тусламж авах боломжгүй болно гэж үзэж байна. Тиймээс визний мэдүүлэг нэг бүрийг нарийвчлан авч үзэх хэрэгтэй гэв.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ