Энэтхэг улс бүс нутаг дахь харилцаагаа бэхжүүлэхийн тулд Монгол болон Япон руу сайдуудаа илгээх болжээ. Хөрш улсууддаа хийж буй энэхүү айлчлалыг Хятад улс анхааралтай ажиглана гэж “Hindustan times” хуудас мэдээлэв.
Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх есдүгээр сарын 6-нд Монгол Улсад айлчилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах юм. Хоёр өдрийн айлчлалынхаа дараа есдүгээр сарын 8-нд тэрбээр Японд айлчилна. Уг айлчлалынхаа үеэр Энэтхэг-Японы 2+2 хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөж буй аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэлэлцэх гол сэдэв нь Энэтхэгийн 1.2 тэрбум ам.долларын зээлээр баригдаж буй Монголын хамгийн том газрын тос боловруулах үйлдвэрийн ажил юм. Тус үйлдвэр Дорноговь аймагт баригдаж буй бөгөөд 2025 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Ингэснээр Монгол Улсын нийт хэрэгцээний 75 хувийг хангах юм.
Түүнчлэн айлчлалын хүрээнд Энэтхэг улсын тусламжтай байгуулсан кибер аюулгүй байдлын төвийн үйл ажиллагааг нээх аж. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурж байв. Тус санамж бичигт Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулахаас гадна энэ чиглэлээр боловсон хүчнийг сургах тухай дурджээ.
Ражнат Сингх есдүгээр сарын 7-нд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай уулзана.
Эх сурвалж: HINDUSTAN TIMES
Холбоотой мэдээ