Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байна гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байна гэв

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байна гэв

“Ээлтэй ертөнц ТББ” болон эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр (2022.08.29) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах хөгжих эрх ноцтой зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

"Ээлтэй ертөнц" ТББ-ын тэргүүн Т.ТУЯАЖАРГАЛ:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж байгаа олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр тэмдэглэл гаргасан. Тус тэмдэглэлд, нэн яаралтайгаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах, тэдний өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн суралцах орчин нөхцөл бүрдүүлэх дэмжлэг тохируулгын тогтолцоог хөгжүүлэх гэсэн 11 зүйлийг тусгаж, есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд яаралтай шийдээрэй гэсэн үүргийг Ерөнхий сайд Засгийн газарт өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл тэмдэглэлийн хариу ирээгүй буюу ажил болоогүй байна. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, хүүхэд болгон сургуульдаа явах бэлтгэлээ хангаж буй. Гэтэл өнөөдөр эдгээр хүүхдүүдийн хувьд очих газаргүйн зэрэгцээ тэгш хамрагдах боломж алга. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжих эрх хэзээ болтол орхигдох вэ гэдэг дээр тодорхой шийдлүүдийг маш яаралтай гаргаж өгнө үү хэмээх хүсэлтийг гурван яаманд албан тоотоор хүргэж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг дээр зөвхөн цэцэрлэгийн насаар хязгаарламааргүй байна. Үүн дээр хүнд хэлбэрийн буюу байнгын асаргаатай бүх хүний боловсролын ямар ч үйлчилгээнд хамрагдаагүй асуудал гарч ирж байна. Боловсролын тогтолцоонд нэг хүүхдэд хувьсах зардал гэж олгогдож буй. Гэтэл хувьсах зардлыг насан туршдаа авч чадаагүй олон иргэн байна.

Өнөөдрийн байдлаар 11300 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэсэн статистик судалгаа гарсан. Насан туршийн боловсролд эдгээр хүүхдүүдийг орхисноос үүдэн бүх эрх нь зөрчигдөж байгаа юм.

Монгол Улсын иргэнийг 18 нас хүрээд насанд хүрсэн иргэн боллоо гэж үздэг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд 16 нас хүрсэн бол иргэн болдог. Энэ нь 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан бол тухайн иргэний халамжийн болон асаргааны мөнгөн тэтгэмж багасдаг. Ингэхдээ 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа бол 123100 төгрөгийн тэтгэмжийг улсаас авдаг. Гэтэл хүүхэд 16 хүрэхэд иргэнийг асарч байгаа гэдгээр 84400 болж багасдаг. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болж байна. Өнөөдөр Монгол Улс 18 нас хүртэлх бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байгаа хэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг 16 нас хүрэхэд шууд насанд хүрсэн иргэнд тооцон, асаргааны мөнгийг хасч байна.

Эцэг эхчүүдийн төлөөлөл:

-Засгийн газраас хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэж томъёолчихоод, 16 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулаад явчихдаг. Тэгэхээр байнгын асаргаатай байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд маань энэ бүх зүйлээс хоцорч байна. Хамгийн тод жишээ нь 26 настай миний хүүхэд тусгай дунд 63-р сургуулийн есдүгээр ангийг төгссөн. Түүнээс хойш ямар ч сургуульд хамрагдаж чадаагүй. Сургуульд суръя гэхээр танай хүүхэдтэй ажиллаж чадах багш, хүний нөөц алга гэдэг. Засгийн газрын 7, 8-р тэмдэглэл дээр тархины саажилт, уналт таталттай, оюун ухааны болон тулгуур эрхтэний эсрэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх боловсролын болон дэмжих цогц үйлчилгээ нэвтрүүлнэ, холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжилтийг хангана гэсэн. Гэтэл энэ тал дээр хэрэгжиж байгаа зүйл алга байна. Төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурч боловсрох эрхийг нь олгоосой гэж хүсч байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж