ЭМЯ: Вакцинтай холбоотой цус өтгөрсөн, нас баралт бүртгэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Вакцинтай холбоотой цус өтгөрсөн, нас баралт бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.08.29/ харвалт, цус өтгөрөлтийн талаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:

-Бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн ард иргэдээс ирж буй санал, гомдлыг хүлээн авч мэдээлэл хийж байна. 11-11 төвд 274 иргэн хандаж, 71.5 хувийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэж, 196 хүнд хариу өгч шийдвэрлэсэн. Мөн найман санал, есөн хүсэлт, 57 талархал ирсэн байна.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга, цусны эмч Ж.НАРАНГЭРЭЛ:

-Иргэдийн дунд цус өтгөрөлт их байна гэсэн яриа, мэдээлэл гарч байна. Цус гэдэг нь судсан дотор бүх эд эрхтэнээр дамжин эргэлддэг өвөрмөц бүтэцтэй эрхтэн юм. Цус нь дотроо дүрст элемент болон шингэн хэсэгтэй. Энэ нь зохистой харьцаатай байж, энергийн хэрэгцээ болсон бодисуудыг түгээж байдаг. Гэтэл энэ харьцаа алдагдсаныг цусны өтгөрөл гэдэг. Эсийн хэлбэрийн цус өтгөрөл улаан эс ихсэх, тамхи татах, агаарын бохирдол, таргалалт, хүчилтөрөгчийн архаг дутагдлын үед үүсдэг.

Мөн сийвэнгийн бүтцийн өөрчлөлт буюу шингэн хэсэгт уураг гарч ирэхээр өтгөрөл болдог. Гуравдугаарт, бүлэгнэлтийн өөрчлөлт нь чихрийн шижин, таргалалт, хавдар, архаг өвчнүүд, зүрх судасны эмгэгүүд Сovid-19-ийн үед тохиолдож байгаа нь батлагдсан. Цус өтгөрөлт гэж тусдаа өвчлөл байхгүй. Өөр бусад өвчин эмгэгийн үед ч цус өтгөрдөг. Ганцхан цар тахлын дараа цус өтгөрдөггүй. Цар тахлын дараа хүний цус өтгөрдөг гэдэг нь батлагдсан учраас Монгол Улс үүнийг дагаж, удирдамжаа баталдаг. Дараагийн үр нөлөөг илрүүлэхээр урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэдээ хамруулж байгаа юм.

Яг ямар өвчин бэ гэдгийг оношилсны дараа эмчилгээ хийдэг. Энэ оны байдлаар Монгол Улсад амьсгалын тогтолцооны эмгэг, хоол боловсруулах тогтолцоо, шээс бэлгийн замын өвчлөл, зүрх судасны өвчлөл, гэмтэл болон хорт хавдрын өвчлөл тэргүүлж байна.

Нас баралтын шалтгаан нь зүрх  судасны өвчлөл буюу 18.8 хувь, дараа нь хавдар, гэмтэл, хордлого, гаднын шалтгаант нас баралт ордог. Онцолж хэлэхэд, 1990 онд Монголын хүн амын дотор нас баралтыг амьсгалын тогтолцоо эзэлж байсан бол 1992 оноос өнөөдрийг хүртэл зүрх судасны өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Судалгаагаар 15-69 насны иргэдийн гуравны нэг нь, 45-69 насны хоёр иргэн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэж гарсан. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин өвдөх эрсдэл өндөртэй байна.

Бид хамгийн сүүлд 2022 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар Covid-19 халдварын эмчилгээний удирдамжийг шинэчилсэн. Үүнээс өмнө 10 удаа шинэчлэгдсэн. Тодруулбал, анх цар тахал дэлхий дахинд гарахад мэргэжлийн эмч, судлаачид вирусээс үүдэлтэй хатгааг хэрхэн эмчлэх вэ гэдэг эхний удирдамжийг гаргасан байдаг. Дараа дараагийн удирдамжид судасны гэмтэл, цус бүлэгнэлтийн талаар судалгааг хийж, тогтоогоод, цус шингэлэх эмчилгээний зааврыг тусгаад явж ирсэн. Шинэ дэгдсэн халдварын эмнэл зүйн удирдамж зааврыг гаргахад их төвөгтэй байдаг. Анх Covid-19-өөр нас барсан иргэдийг задлан шинжилж, цус бүлэгнэлт үүссэн гэдгийг тогтоосон. Цар тахлын дараах үед уушги, зүрх судас, цус бүлэгнэлт, мэдрэл, сэтгэцийн эмгэгүүдийн үед эмгэгийн үр нөлөө гарч болох нь гэдгийг заавар болгож гаргасан.

Хүн амын нас баралтын статистикыг авч үзвэл, энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 10.254 тохиолдол бүртгэгдэж, 64 тохиолдлоор өссөн дүн гарсан. Гэхдээ нас баралтын таван жилийн дундажтай ойролцоо байна.

Харин зүрх судасны шалтгаант нас баралт 10254 тохиолдлоос 326 буюу 31.8 хувийг эзэлж байна. Энэ нь сүүлийн таван жилийн дундажаас 12 тохиолдлоор нэмэгджээ. Гэсэн ч 10 мянган хүн амд харьцуулахад 0.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

"ЭНЭ ӨВӨЛ ХАЛДВАРЫН ТОО УЛС ОРНУУДАД ХОЁР ДАХИН НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА"

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ЗӨВЛӨХ О.БАТБАЯР:

-Дэлхийн улс орнууд цар тахлын гурав дахь өвлийг угтах гэж байна. Өвөл хүйтэн болдог орнууд бэлтгэлээ хангаж байна. Манай улс багтдаг Номхон далайн  бүсэд цар тахлын халдвар найман хувиар өссөн. Энэ өвөл халдварын тоо улс орнуудад хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсье. Дэлхийн олон эрдэмтэн цар тахлын омикрон хувилбараас өөр шинэ хувилбар гарч, гурван жилд нэг удаа дэгддэг болно гэдэг судалгааг хийсэн байна. Ингэхдээ шинж тэмдэг нь хүнд байх эрсдэлтэй гэж тооцоолж байна.

Манай улсад төдийгүй дэлхийн бусад оронд вакцины гаж нөлөөг бүртгэдэг цахим системтэй. Энэ бүртгэлд вакцинтай холбоотой цус өтгөрсөн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж