Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс оролцсон “Цасны барс” баг тэргүүн байр эзэллээ. Тэмцээний хаалтын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай оролцож, цом, алтан медаль гардуулан өгөв.
Энэхүү тэмцээнийг өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээн улсын хэмжээнд гурван үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний хаалтын ёслолд 21 аймаг, есөн дүүргээс оролцсон 400 гаруй сурагчийг төлөөлж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Цасны барс" тасгийн захирагч, ерөнхий боловсролын 124 дүгээр ангийн 12а ангийн сурагч Энхтөрийн Өсөхбаяр үг хэлэв. Тэрбээр "Тэмцээнд оролцож, бүр ялалтын медаль зүүснээрээ миний зам мөр нэгэнт тодорхой боллоо. Тэр нь цэргийн хүн болох эргэлт буцалтгүй шийдвэр юм. Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээн ёслов.
ДӨЛ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР:
- 1-р байр: Сонгинохайрхан дүүрэг
- 2-р байр: Чингэлтэй дүүрэг
- 3-р байр: Өвөрхангай аймаг
- 4-р байр: Багануур дүүрэ
- 5-р байр: Сүxбаатар дүүргийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Тэмцээнд үеийн найзуудтайгаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорин, цэрэг спортын тэмцээнээр өрсөлдөж, тэргүүн байр эзэлсэн нийт тамирчид болон бэлтгэл хангасан албан хаагчдадаа баяр хүргэе. Та бүхний хичээл зүтгэл, сурган хүмүүжүүлэгч багш нарын сайн зааварчилгаа, бэлтгэл сургуулилалтын үр дүнд энэхүү амжилтыг гаргалаа. Тус тэмцээнд оролцсон бүх сурагчдаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн онцгойлон дүүргийн цэргийн штабын хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.
Холбоотой мэдээ