Хятад улсаас Тайванийн арлын ойролцоо цэргийн хүчээ төвлөрүүлсэнд Япон улс санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Үүний хариуд Токио хотод суугаа Хятадын дипломат төлөөлөгчийн газраас мэдэгдэл гаргаж, хоёр орны харилцаанд шинэ зөрчил үүсч болзошгүйг анхааруулжээ. Хятадын элчин сайд Кун Шанью Хятад, Япон хоёр улс харилцаагаа сэргээсний 50 жилийн ойг тохиолдуулан болсон симпозиумд үг хэлэхдээ Токиогийн талд хандан, хоёр талын харилцааг сэвтээж болзошгүй асуудалд хянамгай хандахыг шаардсан байна. Мөн тэрбээр "Хоёр орон харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн тулд харилцан итгэлцлийг дэмжиж, сайн санаа, чин сэтгэлээр харилцан яриа хэлэлцээ, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, зөрчил, ялгарлыг арилгах таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Тайванийн асуудлаас үүдэн Япон, Хятадын харилцаа салаа замын уулзварт ирснийг Бээжингийн элчин сайд онцолсон байна. Тайванийн асуудалд Хятад, АНУ-ын эсрэгцсэн ашиг сонирхолд Токиогийн хувьд Вашингтоныг налсан байр суурь илэрхийлэх болсон. Япон улс Хятадын өсөн нэмэгдэж буй цэргийн хүчирхэгжилт, Хойд Солонгосын аюул заналхийллийн эсрэг өөрийгөө хамгаалах хүчнийхээ чадамжийг нэмэгдүүлж эхэлсэн. Улмаар дэлхийн хоёрдугаар дайнаас хойш сахиж ирсэн энх тайванч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар цэргийн чадамжаа өргөжүүлсэн юм.
Харин Хятадын элчин сайд Кун Шанью хэлэхдээ "Япон улс стратегийн бие даасан байдлаа хадгалж, АНУ, Хятадын харилцаанд тэнцвэрийг баримталж, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд зөрчилд зуучлагч үүрэг гүйцэтгэн, хөрш орнуудын асуудалд дуу хоолойгоо илэрхийлэхдээ илүү анхааралтай байх хэрэгтэй" гэж мэдэгдэв.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн хувьд Тайванийг дэмжиж буйгаа илэрхийлэн энэ сарын эхээр аралд айлчилсан нь Бээжин, Тайпейн зөрчлийг нэмэгдүүлсэн бөгөөд ийм өдөөн хатгалгаа дахин давтахгүй байхыг Хятадын талаас анхааруулсан юм.
Элчин сайд Кун Шанью хэлэхдээ, "Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бат бөх хэвээр байгаа бөгөөд цаашид илүү өргөжин хөгжих боломжтой" гээд, илүү гүн хамтралыг үүсгэхийн төлөө ажиллахыг уриалжээ.
Холбоотой мэдээ