Сурвалжлага: Дотуур байрны төлбөр 500 мянгаас 3.1 сая төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Дотуур байрны төлбөр 500 мянгаас 3.1 сая төгрөг байна

Сурвалжлага: Дотуур байрны төлбөр 500 мянгаас 3.1 сая төгрөг байна

Зуны гурван сар нам гүмхэн байсан нийслэл хот оюутан сурагчдын хөл, хөдөлгөөнд дарагдаж эхэлжээ. Хичээлийн шинэ жил эхлэхээр их, дээд сургуульд суралцахаар нийслэл хотыг зорин ирэх оюутнуудад хамгийн чухал нь амьдрах газар. Орон нутгийн оюутнууд жилийн гуравны нэг буюу есөн сар эцэг эхээсээ хол, бие даан амьдардаг. Хүйт даасан умгар өрөөнд өвөлдөө даарч хөрснөөс болж ханиад томуу хүрэх нь энүүхэнд. Ая тухтай орчинд амьдрах нь бүү хэл хүний наад захын хэрэглээ болсон бие засах газар хүрэлцдэггүй, шүршүүрт ч орж чаддаггүйг оюутнууд хэлж шүүмжилдэг. Монгол Улсад дотуур байрны өртөг өндөр буюу дунджаар 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй боловч эрэлт их, нийлүүлэлт бага байна. Бид энэ удаагийн сурвалжлагаа дотуур байрны үнэ ханшийн асуудлаар бэлтгэлээ.

Улсын хэмжээнд 44 оюутны байр бий. Эдгээр байранд нийт 15 мянган оюутан хамрагдах боломжтой. Энэ нь нийт оюутны зөвхөн 10 хүрэхгүй хувийг эзэлж байна гэсэн үг.

Тодруулбал, нийслэлд жил бүр 35-40 мянган оюутан их, дээд сургуульд суралцахаар ирдэг тул дээрх дотуур байр хаанаа ч хүрэлцдэггүй учраас ихэнх нь хажуу өрөө, нийтийн байр болон нэг өрөө байр хамтран түрээслэх нь энгийн үзэгдэл болоод удаж буй. Энэ нь бас хувийн хэвшлийн сургуулиудын 50 гаруй хувь нь дотуур байргүйтэй холбоотой. Орон нутаг бүр хоёр их, дээд сургуулийн дунд нэг дотуур байртай аж.

ОЮУТНЫ ӨРГӨӨ “АРХАГ” ОЮУТНУУДЫН ХҮСЭЛТИЙГ ХАРГАЛЗАН ЭНЭ САРЫН 29-НИЙГ ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ 

Бидний хэлж заншсан “Оюутны өргөө”-г тойроод АШУҮИС, МУБИС, Хүмүүнлэгийн их сургуулийн дотуур байрууд байрладаг. Дотуур байрууд эхнээсээ "амь" ороод эхэлжээ. Биднийг очиход дотуур байр аль хэдийнэ жигдэрч, нэгдүгээр курсийнхэн төвхнөсөн байв. МУБИС-ийн оюутны дотуур байранд орох I курсийн оюутнуудын хүсэлтийг аваад дуусчээ. Харин “архаг” оюутнуудын хүсэлтийг харгалзан энэ сарын 29-нийг хүртэл бүртгэж буй аж. Тиймдээ  ч биднийг очиход хөл хөдөлгөөн ихтэй, зарим нь өрөө тасалгаагаа арчиж, цэвэрлэж харагдлаа.

Тэднээс үнэ ханшийн талаар асуувал “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Миний хувьд энэ жил хоёрдугаар курст орох гэж байна. Хамгийн гол нь төлбөрөө бүтэн жилээр нь авдаг учраас төлбөрөөс гадна дахиад байрныхаа мөнгийг эцэг, эхээрээ бэлдүүлнэ гэдэг мэдээж бэрхшээлтэй. Намар оюутнууд ирэх сургаар байрны түрээсийн үнэ нэмэгддэг. Саяхан хажуу өрөө сураглаж үзэхэд сарын төлбөр нь 350 мянга болсон байна лээ. Хэрвээ “Оюутны өргөө”-д орж чадахгүй бол ээж, аавтайгаа ярилцана даа” гэж МУБИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Б.Ирмүүн ярилаа.

ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР 500 МЯНГААС 3.1 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ БАЙНА 

"Оюутны өргөө" I, II цогцолбор энэ сарын 29-нөөс эхлэн оюутнуудаа хүлээж авахаар болжээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн дотуур байрны төлбөр бага зэрэг нэмэгдсэн байна. Тухайлбал, энгийн байр 655 мянга, "Оюутны өргөө" цогцолбор 994 мянгаас 1.3 сая төгрөг болжээ. Хүсэлт гаргасан хүүхдүүдээ багтаамжаар нь авах аж. Журмын дагуу эхлээд нэгдүгээр курсийн бүх хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулдаг байна.

  • МУИС-ийн нэгдүгээр байрны дотуур байрны дөрвөн хүүхэдтэй өрөөний төлбөр жилийн 780 мянга, хоёрдугаар байрны төлбөр 600 мянга, тавдугаар байрны төлбөр хоёр хүүхэдтэй өрөө нь нэг сая 550 мянган төгрөг байв. Магистр докторын түвшний оюутанд хоёрдугаар байрны нэг хүний өрөө нь 3.1 сая, хоёр оюутны өрөө нэг сая 550 мянга байлаа. Гадаад оюутны байранд нэг хүний өрөө 3.1 сая, хоёр хүнийх нь нэг сая 550 мянга, гурван хүнийх нь нэг сая 50 мянган төгрөг,
  •  МУБИС-ийн дотуур байрны төлбөр жилийн 430 мянга, ШУТИС-ийнх дөрвөн хүний өрөө 500 мянга, ХААИС-ийн шинэ дотуур байр нь жилийн 650 мянга бол хуучин байр нь 550 мянган төгрөг,
  • ЭМШУИС-ийн дотуур байранд орвол гаднын сургуулийн оюутан 780 мянга бол өөрийн сургуулийн оюутан 500 мянган төгрөг,
  • СУИС-ийн дотуур байр 700 мянга бол Төмөр замын дээд сургууль 600 мянган төгрөг,
  • “Этүгэн” их сургуулийн дотуур байр хоёр хүний өрөө 1.8 сая, дөрвөн хүний 900 мянга, зургаан хүний өрөө 720 мянган төгрөг байв.

Төрийн өмчит их, дээд сургуулийн оюутны байранд суух оюутнуудад эмчийн үзлэг, В.С вирусийн шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна. Төрийн болон хувийн хэвшлийн томоохон сургуулиудын оюутны байрны тухай цогц мэдээллийг хүргэхэд ийм байна. Үүнээс гадна дотуур байранд орж чадаагүй залуус хажуу өрөө түрээслэх сонголттой нүүр тулдаг.

Статистик мэдээллээр нийслэл хотод байрлах хажуу өрөөний сарын түрээс 180-600 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэхдээ сард 600 мянган төгрөг төлж, айлын хажууд суусны оронд найз, хамаатантайгаа нийлж нэг өрөө байранд 700-800 мянган төгрөгөөр амьдарсан нь хамаагүй дээр гэдгийг оюутнууд хэлж байсан юм.

Хажуу өрөөнүүд ихэвчлэн сард 300-400 мянган төгрөгийн ханштай байна. Мөн төлбөрийг зургаан сараар нь бөөнд нь авахдаа нэг сарын барьцаа мөнгө авна гэдэг нь оюутнуудад хүндээр тусдаг байна.

Стандартчилал хэмжилзүйн үндэсний зөвлөл 2008 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Оюутны дотуур байрын үйлчилгээний нэгдсэн стандарт”-ыг баталж, 2010 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон байдаг. Уг стандартаар оюутны дотуур байрны үйлчилгээ, дотуур байрны өрөөний зохион байгуулалт, ариун цэврийн өрөө, номын сан, өрөөний цонх зэргийг стандарттай болгожээ. Өнгөрсөн жилийн хувьд цар тахлаас шалтгаалан дотуур байрны ариун цэврийн асуудал сөхөгдөж. Оюутны байруудын 60 орчим хувь нь 1960-1980 онд баригдсан бөгөөд өнөөгийн мөрдөж буй стандартыг хангаж чадахгүй байгаа хэдий ч их, дээд сургуулиуд оюутны байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр жил бүр урсгал болон бүрэн засвар хийн ажиллаж байгааг албаныхан хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж