Г.Ганзориг: Монгол Улс дефолт зарлах ямар ч үндэслэл байхгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Г.Ганзориг: Монгол Улс дефолт зарлах ямар ч үндэслэл байхгүй

Эдийн засагч, шинжээч Г.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллагууд оны эцэст эдийн засаг 2 гаруй хувиар өсч, инфляци 2 оронтой тоонд хадгалагдах, валютын ханшид тодорхой хэмжээний дарамт үүсэх эрсдэлүүд бий гэсэн таамаглал дэвшүүлж байна. Нөхцөл байдал бүр дордох мэдээлэл ч өгч буй. Эдийн засгийн цаашдын төлөв байдал хэр байх төлөвтэй байна вэ?

-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа нь үнэн. Инфляци, валютын ханш гээд бидний өмнө олон сорилт тулгараад байна. Цаашдаа ч энэхүү хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилнэ хэмээн харж байна. Үүнийг ч бүхий л судалгааны байгууллагууд дуу нэгтэйгээр хэлж байна. Гэхдээ үүн дээр хоёр зүйлийг нэмж хэлэх нь зүйтэй. Нэгд, манай улсын эдийн засагт тулгараад буй нөхцөл байдал нь дэлхийн бүхий л улстай пост-ковид маягтай гарч ирж байна. Өндөр инфляци, хатуу мөнгөний бодлого, ам.долларын чангаралт гэх мэтээр. Дэлхийн эдийн засагт эдгээр шинж тэмдгүүд нь 1-2 жил үргэлжлэх нь дамжиггүй. Хоёрт, хэдий манай улсад мөнгө ховордож, эдийн засгийн өсөлт хангалттай түвшинд биш байгаа ч эерэг мэдээнүүд бас байна. Оны эхэнд нүүрсний гарц маш муу байсан бол өнгөрсөн долдугаар сараас эхлээд нүүрсний тээвэр эрчимтэй нэмэгдлээ. Мөн нүүрс, зэсийн үнэ хангалттай түвшинд байна. Тэгэхээр үүнийг дагасан валютын орох урсгал оны сүүлийн хагаст сайн байх нь.

-Монголбанк бодлогын хүүгээ 4 нэгж хувиар нэмлээ. Банкны зээл саарч, хүү өсч, ААН-ийн зээл авах боломж хумигдлаа. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хумих гол хүчин зүйл болж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Өнгөрсөн жилээс эхлэн инфляци огцом нэмэгдсэн, харин энэ хавраас эхлэн ам.долларын ханш төгрөгийн эсрэг хүчтэй чангарсан үзүүлттэй байна. Үүнийг цаашид тогтоон барихын тулд төв банкны зүгээс бодлогын хүүг өсгөсөн. Үүнтэй зэрэгцэн банкуудад AQR орж, банкуудын зээл зогсоход нөлөөлсөн. Ийнхүү мөнгөний нийлүүлэлт оны эцэст бараг 28 их наяд төгрөгт хүрч байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар 27 их наяд төгрөг болж буурсан байна. Мөнгөний хумих бодлого явагдахад мэдээж эдийн засгийн өсөлт хумигдах нөхцөл болдог. Гэхдээ үүнийг цор ганц шалтгаан гэвэл үгүй. Монголын эдийн засагт мөнгөний, сангийн бодлого нь тохируулга төдий л зүйл. Суурь нь экспорт, таваараас л шалтгаалж байдаг. Энгийнээр бид зэс, нүүрсээ л зарж байвал эдийн засгийн өсөлттэй гараад байдаг, эс бөгөөс ямар ч тохируулга хийсэн уналттай болдог жамтай. Ямартай ч ойрын 10 жил ийм л байх бололтой.

-Оны эхний хагасын байдлаар төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Энэ нь ханшид дарамт болж буй. Цаашид ханшийг тогтоон барих чиглэлээр ямар арга хэмжээ авбал оновчтой байх бол?

-Хайгаад байсан эдийн засгийн хүндрэлийн суурь нь энэ шүү дээ. Хагас жилийн дотор бид 1 тэрбум ам.доллар буюу бараг 3 их наяд төгрөгийг зах зээлээс гаргасан байна. Валютын орох урсгалыг нэмэгдүүлэх тал дээр бид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана гэх мэтээр алс ирээдүйн зүйл яриад сууж болохгүй. Хэдэн жил л ийм зүйл ярилаа шүү дээ. Зүгээр бодит байдалтайгаа нүүр тулаад яаж нүүрс, зэс, алтны экспортыг нэмэгдүүлэх вэ гэдэгт л анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд хамгийн чухал нь нүүрс, хамгийн хурдан удирдах боломжтой нь алт. Нүүрсний хувьд урд хөрштэйгөө л харилцааг улам сайжруулж, нөгөө талдаа дэд бүтцээ нэмэгдүүлэх юм. Өөр юу ч биш. Өмнө хэлсэнтэй адил мөнгөний бодлого, валютын интервенц зэрэг нь зүгээр л тохируулга төдий зүйл. Суурь шалтгаанд нөлөөгүй.

-Манай улсын инфляци импортоос хараат. Инфляци хоёр оронтой тоо руу орсон. Цаашид үнэ ханш хэр их савлах бол?

-Инфляци долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 15.7 хувьтай байна. Цаашдаа ч инфляци хэсэгтээ хоёр оронтой тоонд байна. Учир нь дэлхий дахинд инфляци өндөр байна хэмээн дуу алдацгааж байна. Дээр нь манай улсын валют суларсаар байна. Энэ хоёр нэмэгдэхэд импортоор дамжин орж ирэх инфляци өндөр байх нь тодорхой. Гэхдээ яг өнөөдөр шиг 15-16 хувьтай биш, үүнээс үл ялиг буурах болов уу. Нэг талдаа бид мөнгөний хатуу бодлого баримталж байна. Энэ нь эрэлтийн гаралтай инфляци нэмэгдэхгүй байхад нөлөөлнө. Нөгөө талдаа суурийн нөлөө гэж бий. Нэгэнт 20 хувь үнэ нь өссөн бүтээгдэхүүнүүд дээр дахин 20 хувь нэмэгдэнэ гэдэг төвөгтэй. Түүнчлэн газрын тосны үнэ харьцангуй өндөр түвшинд байгаа бөгөөд цаашид буурах боломжтой. Үүнийг дагаад бензиний үнэ буурч, инфляцид эерэг нөлөө үзүүлдэг.

-Банкуудын хувьчлалын асуудал хүлээлт дагуулсан хэвээр. Олон эдийн засагч “Өнөөдөр банкууд IPO гаргах хугацаа биш” гэж үзэж буй юм билээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Банкуудын хувьчлал гэж хэлэх нь буруу байж мэднэ. Хувийн компани олон нийтэд нээлттэй болох гэж буй үйл явдал. Тэгэхээр хоёулаа Банкны IPO л гэж ярья. Банкууд IPO гаргахад аль хэдийнээ бэлэн болсон байна. Саяхан банкууд дээрх AQR дуусч, дийлэнх банкны хувьд эерэг үр дүнтэй гарсан. Оны өмнө гурван ч банк IPO хийхээр яригдаж буй. Тэдгээр банкны хувьд өмнөх зургадугаар сард IPO гаргахаар төлөвлөсөн байсан тул бэлтгэл бүрэн хангагдсан байгаа. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын дунд ч хүлээлт маш өндөр байна. Банкууд IPO гаргах нь нэг талдаа банкны эх үүсвэр нэмэгдэж, зээл гаргалт сайжирна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Хоёрт, банкуудын IPO хөрөнгийн зах зээлд том давлагаа бий болгож, иргэд банкны эзэн болох боломж бүрдэнэ. Эдийн засгийн хүндрэлтэй үед гарсан хувьцаа хамгийн хямд байдаг. Тэр нь урт хугацаандаа хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болно. Гуравт, банкуудын ил тод байдал нэмэгдэж, бид дэлхийн хөгжилд нэг алхам ойртоно.

-Цар тахлын нөлөө, геополитикийн асуудлуудаас үүдэн дэлхийн эдийн засагт бодлогын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч буй талаар гадны экспертүүд онцлох боллоо. Монгол Улсад ч гэсэн бодлогын шинэчлэл шаардлагатай болов уу. Таны байр суурийг сонирхъё?

-Тэр үнэн. Бид хагас хүйтэн дайны үе шиг болж байна. Бид геополитик судалдаг хүн биш л дээ. Гэхдээ яалт ч үгүй энэ нь эдийн засагтай нягт холбогдож явдаг. Бид дипломатуудыг шинэ түвшинд бэлтгэх, бодлогын шинэчлэл хийх ёстой л болов уу. Эс бөгөөс урд, хойд хөрштэйгөө ч зөв ойлголцож чадахгүй. Түүнээсээ болж хэдэн сар нүүрсний экспорт саатдаг байдалтай л байна шүү дээ.

-Нийт экспортын тал хувийг дангаараа бүрдүүлж буй ч сүүлийн 3 жилд 10 гаруйхан сая тонн  нүүрс экспортолсон гэхээр чамлалттай юм. Хэдийгээр Төв банкны ерөнхийлөгч манай улс дефолтоос хол байгаа гэсэн мэдээлэл өгсөн ч нүүрсний экспорт нэмэгдэхгүй удвал биднийг дефолт л хүлээх болов уу?

-Нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн сэргэж эхэлсэн. Цаашид ч нэг их буурахгүй болов уу гэж харж байна. Харин дефолтын тухайд манай улс дампуурах буюу дефолт зарлах магадлал тун бага юм. Нэгд, Монголын эдийн засаг үнэхээр амархан хямарч, үнэхээр хурдан сэргэдэг. Бусад улсуудын хувьд эдийн засгийн уналт, сэргэлтийн цикл нь 5-10 жилээр яригддаг бол биднийх 2-3 жилээр яригдана. Энэ нь эдийн засгийн бүтэцтэй холбоотой, мөн эдийн засгийн нийт хэмжээтэй ч холбоотой. Эцэстээ ердөө 13 тэрбум ам.долларын эдийн засаг шүү дээ. 2024 оноос өсөлт нэмэгдээд ирнэ. Энд эргэлзэх хэрэггүй. Хоёрт, Манай улсын бондыг эзэмшдэг олон улсын томоохон хөрөнгө оруулалтын сангуудын хувьд манай бонд нь харьцангуй жижиг дүн. Тэдний хувьд ердөө нөхцөл байдалд тохирсон хүүгээ л ярилцах хүсэл бий. Учир нь тэд манай зээлжих зэрэглэлийн хүрээнд тодорхой бондууд эзэмшихээр хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт тусгасан байгаа. Тэрийг л барьж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Мөн өнгөрсөн долдугаар сард "Блүүмберг"-ийн сайтад “Хөгжиж буй орнууд шат дараалан дефолт зарлах түүхэн мөч ирж байна” хэмээх нийтлэл гарсан. Үүндээ Тунис, Египет, Пакистан зэрэг улсуудыг онцлоод, одоо ер нь дефолт хийх магадлалтай топ 50 улс хэмээх жагсаалт гаргасан юм. Тэдний үзэж буйгаар хөгжиж буй орны 237 орчим тэрбум ам.долларын өр асуудалд орж магадгүй байгаа нь нийт хөгжиж буй зах зээлийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний өр юм. Эдгээр 50 улсын жагсаалтыг харвал Монгол Улс байхгүй төдийгүй саяхан олон улсын үнэлгээний гурван том байгууллагын нэг болох "S&P" манай улсын зээлжих зэрэглэлийг B чигээр нь хадгалж, цаашдын төлвийг тогтвортой хэмээн үнэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж