Цар тахлын дараах нөлөөлөлд шинжлэх ухаанч хандъя!

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Цар тахлын дараах нөлөөлөлд шинжлэх ухаанч хандъя!

Цар тахлын дараах нөлөөлөлд шинжлэх ухаанч хандъя!

Цэл залуухан хүмүүс цус харвах, зүрх нь хаагдах зэрэг өвчнөөр хорвоог орхих тохиолдол нэмэгдсэн талаар иргэдийн дунд их яригдах болов. Мэдээж covid-19-ийн дараах ийм хүндрэлүүд гарч болохыг үгүйсгэхгүй ч зарим нь вакцинаас болсон хэмээн шүүмжлэх болж. Covid-19-ийн цар тахлын дараа монголчууд вакцинжуулалтыг маш сайн хийж чадсанаараа дэлхийд ч гайхагдаж байв. Магадгүй вакцинжуулалтыг цаг алдалгүй хийсэн учраас нас баралт бага байсныг ч үгүйсгэхгүй. Харин өнөөдөр иргэд цар тахал, вакцинжуулалтын буруу байсан уу хэмээн ам уралдан сошиал орчинд цацаж, дур мэдэн эмчилгээ хийж, бөөн "цахим эмч"-тэй болжээ.

Аливаа өвчлөлийн нөлөөлөл нь хүнс, орчин, хувь хүний амьдралын хэвшил гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гагцхүү цус харвах, гэнэт зүрх зогсох зэрэг өвчнүүд нэмэгдэж байгаа бол түүний шалтгаан нь covid-19 мөн үү, эсвэл өөр шалтгаантай юу гэдэгт эрүүл мэндийн байгууллага нь ямар нэг тайлбар, мэдээлэл өгөх хэрэгтэй байна, энэ цагт. Covid-19-ийн сөрөг нөлөөлөл, өвчний дараах өөрчлөлтүүдийг дэлхийн олон улс орон судалж, түүнд чиглэсэн эмчилгээ, зөвлөгөө мэдээллийг иргэддээ өгч буй.

Харин Монголд энэ талаар судалсан зүйл бий юу? Covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор Улсын онцгой комиссын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулсан. Түүнээс гадна цар тахлын нөлөөлөл, өвчлөлийн дараах хүчин зүйл зэргийг судлахад тодорхой судалгааг Эрүүл мэндийн яам хийхээр болсон.

Covid-19-ийн халдвар бүртгэгдсэнээс хойш үндсэндээ гурван жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд нийт батлагдсан тохиолдол нэг сая орчим, 2126 хүн нас барсан. Өөрөөр хэлбэл, бид цар тахалтай нүүр тулаад гурван жилийг үдэж, дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Энэ хугацаанд covid-19-тэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас лав холбогдох судалгаа, мэдээллийг олон нийтэд танилцуулсангүй. Харин улсын хэмжээнд нас баралтын тоо сүүлийн хоёр жилд нэмэгдсэн үзүүлэлттэй статистик тоо байна. Харин үүний хэд нь цар тахлаас үүдсэн, өвчлөлийн шалтгаан нөхцөлийг судалдаг, тайларладаг, ярьдаг хэлдэг газар гэж Монголд тун ховор байна. Тиймдээ ч иргэдийн дунд эргэлзээ, таамаг тасрахгүй байсаар байна.

Улсын хэмжээнд нийт нас баралт /ҮСХ/:

  • 2019-18403
  • 2020-17040
  • 2021-20856
  • 2022-?

Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж бий. Энэ төв нь өнөөдөр бидэнд тулгарсан цар тахал болоод бусад өвчний тандалт судалгааг хийж, нийгэмд нөлөө үзүүлж буй халдварт болон халдварт бус өвчин, нийгэмд хамгийн их өвчилж байгаа өвчний шалтгаан зэргийг судалдаг баймаар. Тус байгууллага нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн судалгааг дэлхийн жишигт хүргэх санхүү, хөрөнгө оруулалтын үндэсний сан бөгөөд олон улсын жишигт нийцсэн ахисан түвшний бүтээлч судалгааг тогтмол хийх эрхэм зорилготой.

Цар тахал гарснаас хойш эрүүл мэндийн салбарын төсвийг жил бүр нэмэгдүүлж, Эрүүл мэндийн сайдад онцгой эрх олгож байв.

2019 онд улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт 939.9 тэрбум төгрөг хуваарилж байсан бол 2020 онд 1 их наяд 8.6 тэрбум төгрөг тусгасан. Харин 2021 онд 742.9 тэрбум төгрөгийн зардал эхэлж баталсан бол төсвийн  тодотголоор 735 тэрбум төгрөгийн зардал нэмэгдүүлсэн юм. Тэгснээр нийтдээ 2021 онд эрүүл мэндийн салбар улсын төсвөөс 1.477.9 тэрбум төгрөг авч байгаа юм. Тэгвэл 2022 онд Эрүүл мэндийн сайдад ирэх онд 1,481,3 тэрбум төгрөгийн төсөв зарцуулах эрх олгосон. 2022 оны төсвийг хоёр ч удаа тодотгосон байдаг. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлдэг ч судалгаа, үр нөлөөг судлах ажилд ямар төсөвт баталж, ямар ажил хийсэн нь тодорхойгүй хэвээр. Хамгийн сүүлд гэхэд 2021 оны улсын төсөвт covid-19 вирусийн төрөл, хэлбэр болон вирусийн эсрэг хийсэн вакцины үр нөлөө, дархлааны хамгаалах идэвхийг судлах судалгаанд зориулж 2.4 тэрбум төгрөг улсын төсөвт суулгажээ. Харин энэ мөнгөөр юу хийсэн, ямар судалгааг яаж хэрхэн, хэн хийж байгаа нь өнөөдөр ч тодорхойгүй байна.

Эрүүл мэндийн салбарын төсөвт хүрэлцэхгүй, иргэндээ хүрч үйлчилдэггүй, эмнэлгийн ажилчдын цалин хөлс бага, эмнэлгийн барилга гээд энэ салбарт маш олон хүндрэл бий. Гэхдээ үүний хажуугаар олон улсын жишигт нийцсэн судалгаа, аливаа өвчний үр нөлөө, түүний шалтгааныг судалж, ирээдүйд учрах эрүүл мэндийн асуудлыг шийдэх бүрэн боломж бий. Ялангуяа covid-19 шиг цар тахлын өмнө бид бэлэн байх ёстой.

Хэрэв эрүүл мэндийн яам нь энэ цар тахал гарснаас хойш үр нөлөө, өвчний дараах хүндрэл, монголчуудад хэрхэн нөлөөлсөн зэрэг учир шалтгаан зэргийг судалсан бол судалгааныхаа тайланг олон нийтэд танилцуулах цаг болжээ.

Хэрэв тийм судалгаа хийгдээгүй, эсвэл бэлэн бус байгаа бол яг одооноос энэ ажлыг эхлүүлж, аливаа асуудалд шинжлэх ухаанч хандахгүй бол иргэд нь “сошиал эмч” нарын үгэнд итгэж, буруу хэвшил, эрсдэл дагуулдаг болох вий. Ирээдүйд covid-19 шиг, түүнээс аюултай ямар вирус, өвчин биднийг хүлээж байгааг тааварлашгүй. Тиймээс төр нь эрүүл мэнд, шинжлэх ухааны салбартаа хийдэг хөрөнгө оруулалтаа нэмж, болзошгүй эрсдэлд бэлэн байх бэлтгэлээ одооноос хангах цаг нэгэнт болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж