Хүссэн ч эс хүссэн ч, эсэргүүцсэн ч эс эсэргүүцсэн ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнэ засгийн бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахаар болов. Өөрөөр хэлбэл, хэн давхар дээл өмсч, хэн дан дээлээ тайлах нь өнөөдөр тодорхой болно. Эрх баригчид тохиролцоонд хүрч, нэрс тодорсны дараа Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танхимын сайд нараа танилцуулснаар ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны үндсэн зорилго биелэгдэнэ гэсэн үг. Үүний төлөө л Ардын намынхан Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулиа зөрчихөд хүргэсэн биш үү.
Үндсэн хуулийн Цэцийн тухайд манаж байгаа хуулиа машинаар “тулчихдаг” хүмүүс тул гаргасан шийдвэрт нь гайхаад байх ч шаардлагагүй. Үндсэндээ Цэцийн дээр хөх тэнгэр ч биш, Үндсэн хууль ч биш, ялсан намын дарга нар байдаг нь хэвийн үзэгдэл болсон. Олзуурхууштай нь, энэ удаагийн ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн Цэц цаашдаа ҮХНӨ-ийг хэлэлцэхгүйгээр болгож өгсөн нь манаачийг манах л гэсэн зорилготой.
Мэдээж сайдын суудал тоотой. Харин горилогч хар мянгаараа. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн үүдийг сахиж, хоёр ордны дунд хошуу, хормой дэвсэн гүйж яваа нөхдөөс баярлах нэг нь байхад гомдох нэг нь бас байж таараа.
Эцсийн эцэст Л.Оюун-Эрдэнэ засгийн бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж байгаа юм бол зөвхөн хүн солих төдий асуудал биш байгаасай л гэе.
Нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөд нийлбэр дүнд өөрчлөлт гардаггүй шиг томилгоо хийх аваас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны, дан дээлтэй сайдаа давхар дээлтэй болгосны хэрэг огтоос гарахгүй.
Хэдийгээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын сайд нараа томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй болсон. Авчиг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэхдээ, У.Хүрэлсүхийг огцорсны дараа Л.Оюун-Эрдэнэ засгийн сайд нараа томилохдоо улс төрийн, бүлэглэлийн наймаа, тохироо, яриа хөөрөөнөөс ангид байж чадаагүй. БОАЖ-ын сайд Н.Уртнасанг албан тушаалаас нь чөлөөлснийг эс тооцвол Л.Оюун-Эрдэнийн засагт огцрох, халагдах өргөдлөө өгч, хар толгойтой нь ярих ёстой сайд нар цөөнгүй байсан. Харамсалтай нь улс төрийн тохиролцооноосоо болсон уу, тогтолцооны алдаа юу, ямартай ч өнөөдрийг хүртэл тэдэнтэй хариуцлага тооцож чадаагүй өнөөдрийг хүрсэн.
Эндээс юу үнэн бэ гэвэл Л.Оюун-Эрдэнэ энэ удаад ч шинэ засгийн сайд нараа өөрийн дураар томилж чадахгүй нь үнэн. Тэгэхээр эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд Л.Оюун-Эрдэнэ толгойгоо нэлээд гашилгаж таарна. Хамгийн сүүлийн мэдээгээр Ерөнхий сайд танхимаасаа давхар дээлтэй дөрөв, дан дээлтэй дөрвөн сайдаа авч үлдэхээр тохиролцжээ. Үлдсэн нь УИХ-аас орж ирнэ гэсэн үг.
Гэвчиг Ардын нам авлигатай, авлигачидтай хатуу тэмцэхээ ард түмний өмнө амалсан, зарласан. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч тэр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч тэр.
Тэдний хэлсэн үгийг сануулъя, “…Монгол Улс 180 орноос авлигын индексээр 111-д эрэмблэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн”. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүртэл “Авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй, мөн намын өмнөөс нэр дэвших боломжгүй, улс төрийн дэмжлэг авч ажиллах боломжгүй гэдэг заалтыг намын хөтөлбөртөө оруулж батлаад, Улсын дээд шүүхээр батлуулсан” талаараа мэдэгдэж ч, мэдээлж ч байсан удаатай.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод эрх барьж байгаа намын удирдлагууд шинэ засгийн бүтэц, бүрэлдэхүүндээ авлигачдад, албан тушаалын хэрэгтнүүдийг багтаах ёсгүй юм. Ингэж байж л авлигачдаасаа салж чадна. Хэрэвзээ Ардын намын дарга нар амалснаа санаж, хэлсэндээ хүрэх аваас шүү дээ.
Шинэ сайдад горилж яваа, олон нийтийн сүлжээнд нэрээ санаатай болон санамсаргүйгээр жиргүүлж, сэвүүлж суугаа нөхдийн дунд ЖДҮчин ч байна, Хөгжлийн банкийг тонож идсэн “тонуулчин” ч байна. Гол нь Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон журмын нөхөдтэйгөө тэмцэж чадах эсэхийг харах л үлдэх шив.
Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласан. Түүнд үүнийгээ хэрэгжүүлэх, үгүйдээ л эхлэлийг тавихын тулд маш богинохон хугацаа үлдсэн.
Шинэ засагт АН биш бүлэг нь хамтрахаар Ардын намтай тохирсон гэх. Ш.Адьшаа, Н.Ганибал хоёроор могой бариулсны Д.Ганбатаас бүлгийг нь авч О.Цогтгэрэлд авч өгсний хариуд МАН-ынхан давхар дээл өмсөхөөр болсон нь үгүйсгэх аргагүй үнэн л дээ. Үндсэндээ АН-ын бүлэгтэй ханцуй дотроо наймаалцсан шалтгаан нь зөвхөн ҮХНӨ биш байх. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд том төслүүдээ хөдөлгөхийн тулд Ерөнхий сайдад сөрөг хүчний дэмжлэг чухал уу чухал. Хэдийгээр олон нийт АН-ыг гөлөөг ч гэж тоодоггүй ч гэсэн.
Хоёр жил ч хүрэхгүй хугацаанд Ардын нам улсаа, эдийн засгаа шинээр сэргээх ёстой. Иймийн учир Л.Оюун-Эрдэнэд зарласан бодлогыг нь дэмжээд явах баг хэрэгтэй. Бодлогыг нь эсэргүүцээд, урд хойд хоёр хөршид захидал бичиж бойкотлоод байвал хэцүү. Дарханы замыг ашиглалтад оруулахаас эхлээд төмөр замын төслүүдээ хэрэгжүүлэх, эдийн засгаа сэргээх, экспорт импортын гацааг арилгах, үнийн хөөрөгдлийг тогтворжуулах гээд өч төчнөөн ажил шинэ засгийн сайд нарыг хүлээж байгаа.
Ямбыг нь эдлэхийг мөрөөдөгчдөд сануулахад ял бас нэхэгддэгийг бодолцоорой.
Холбоотой мэдээ