Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэлж, хуралдаанаар Үндсэн хуулийг өөрчлөлтийг 96 хувийн саналаар дэмжив. Үүнээс гадна Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд багтах сайд нарын таамаг гарч, ирэх долоо хоногт эцэслэхээр боллоо. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлаар Ховд аймгийн Засаг даргад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан бол МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, тус аймгийн Засаг даргад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн юм. Ийнхүү энэ долоо хоногт улс төрийн томилгооноос гадна Дарханы замтай холбоотой асуудлаар АТГ албан тушаалтнуудыг саатуулж, улсын их баяр наадамд дөрвөөс дээш давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарсан зэрэг үйл явдлууд өрнөлөө.
“Ньюс” агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар эрх баригчид ээлжит бус чуулганаа зарлаж, хуралдаан өнгөрсөн Даваа гаригт эхэллээ. Үндсэн хуулийн Цэцээр “давхар дээл” өмсөх эрхээ олгуулсан тэд эрх мэдэлдээ яаравчлан ээлжит бус чуулганаа зарласан юм.
Угтаа бол намрын чуулган нэг сар гаруй хугацааны дараа эхлэх учиртай. Тэгвэл энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал, цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсохоор төлөвлөөд буй.
Үндэсний аюулгүй байдлын мэдээлэл нь гадаад бодлоготой холбоотой байх болов уу гэсэн таамаг бий. Харин нөгөө нэг анхаарал татаж буй асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх учраас парламент энэ удаад ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлнэ гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “давхар дээл”-тэй сайд нарынхаа тоог нэмэх заалт оруулсны дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орно. Процессын хувьд ч ингэж байж парламент, гүйцэтгэх засаглал хоёрын хүсэл, “тохироо” цааш үргэлжлэх ёстой.
ДӨРӨВ ДАВСАН УЛСЫН ЦОЛТОЙ НЭГ БӨХӨӨС ДОПИНГ ИЛРЭВ
Улсын их баяр наадмаар зодоглож, дөрвөөс дээш давсан нийт бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуны талаар наймдугаар сарын 22-нд ҮБСХ-ноос мэдээллээ.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг:
-Зохих журмын хүрээнд мэдээлэл өгч байна. Үндэсний их баяр наадмын тухай шинэчлэгдэж дөрөв болон түүнээс давсан бөхчүүдээс шинжилгээ авсан. Нийт 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Мөн 16 харваачийн шинжилгээг Өмнөд Солонгос дахь олон улсын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан байгаа.
64 бөхийн сүүлийн бөхчүүдийн хариу өнгөрсөн Баасан гаригт ирсэн.
Нийт 130 хуудас материал ирсэн. Нийт бөхчүүдээс нэг бөхөөс допинг илэрсэн. Эдгээр бөхчүүдийн хариу WADA-гийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээгдсэн. Хувь тамирчин хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатны шинжилгээнд орно. Хэрэв өөрөө зөвшөөрвөл Б сорьцын шинжилгээг есдүгээр сарын 1-нээс өмнө авна. Харин хэрэглэсэн гэж хүлээн зөвшөөрвөл нэрийг нь зарлана.
Системд орсон шинжилгээний хариу, мэдээллийг солих ямар ч боломжгүй. Хариуцлагын асуудал чангарч байгаа гэдгийг бүх галынхан мэдэж байгаа. Допинг хэрэглэвэл дараа дараагийн спортын амжилт байхгүй болно гэдгийг мэдэж байгаа. Тиймээс энэ жил энэ асуудал харьцангуй жигдэрсэн гэж бодож байна.
Ховдын Засаг даргад Э.Болормааг нэр дэвшүүллээ
Ерөнхий сайдын захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа. Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ерөнхий сайдын тушаалыг танилцуулж аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм. Тэгвэл энэ долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл наймдугаар сарын 25-нд хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.
МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилогдвол Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулэглэдсэн наас хойших 91 жилийн түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллах юм.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж.
ДАРХАНЫ ЗАМЫН АСУУДЛААР АЛБАН ТУШААЛТНУУДЫГ СААТУУЛАВ
Авлигатай тэмцэх газар Дарханы замын асуудлаар хяналт шалгалтыг хийж буй. Тухайлбал, Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Улмаар холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэлсэн. Энэ дагуу наймдугаар сарын 15-нд Зам тээврийн хөгжлийн яамны таван албан тушаалтны албан өрөө болон орон байр гээд нийтдээ 30 гаруй объектод нэгжлэг хийгээд байгаа. АТГ-аас прокурорын зөвшөөрөл авах шаардлагатай тул шалгагдаж байгаа албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэсэн юм.
Наймдугаар сарын 23-нд тус зам тендер шалгаруулалттай холбоотой ажиллаж байсан зарим хүнийг саатуулсан байна. АТГ-аас хэдэн хүнийг хэдий хугацаанд саатуулсан болохыг тодруулахад прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын шалгалт холбогдох яаманд хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ үеэр АТГ-ын өөр нэг албан тушаалтан мэдээлэхдээ, автомашины улсын дугаарыг худалдах дуудлага худалдаа зохион байгуулахдаа өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгасан гэж мэдээлж байв.
НИЙТ ГИШҮҮНИЙ 96,8 ХУВЬ НЬ ДЭМЖИЖ ҮХӨ-ИЙГ БАТЛАВ
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 25-ны нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.-т "нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүй ирцтэй бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ" гэснийг онцолсон юм.
Ийнхүү Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн 96.8 хувийн саналаар баталлаа.
Холбоотой мэдээ