Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшиж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Даваа гараг хүртэл хойшилжээ. Хурал яагаад хойшлов. Та хурлын танхимд эргэж орж ирээгүй шалтгаанаа хэлж болох уу?
-Ховд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 26-нд эхэлсэн. МАН-ын бүлэг санал хураалтын өмнө завсарлага авсан. МАН-ын бүлэг эргэж орж ирсэнгүй, намайг алга болчихлоо гэх яриа гарсан. Хурлын дэгийн дагуу миний бие Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч биш учраас хэлэлцэх асуудал эхлээгүй байхад орох боломжгүй. Би ойрхон хүлээгээд л сууж байсан. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас над руу залгаагүй учраас би хурлын ирц бүрдээгүй гэж ойлгосон.
-Ардчилсан нийгэмд нутгийн иргэд нь Засаг даргаа өөрсдөө сонгох эрхтэй. Гэтэл заавал намын томилгоогоор Засаг даргаа сонгох гэж байгаа нь иргэдийн шүүмжлэл дагуулж байх шиг?
-Ардчилал дотроо олон төрөл. Ерөнхийлөгчийн сонгуулийг шууд ардчиллын төлөөллөөр зохион байгуулж, сонгодог. Харин өнөөдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд бидний сонгосон төлөөллийн ардчиллаар дамжуулан аймаг, нийслэлийн Засаг даргыг сонгодог. Энэ ардчилал мөн үү мөн. Гэхдээ ИТХ-д байгаа эрх баригч улс төрийн намын бүлэг нэр дэвшүүлж, иргэдээ төлөөлж сонгох эрхтэй.
Тиймээс намайг Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлээгүй гэх ойлголттой байх шиг байна. Ховд аймгийн МАН-ын бүлэг намайг ИТХ-д нэр дэвшүүлсэн. Би өмнөх өдөр нь аймгийн намын хороо, намын бүлэг, тэргүүлэгчидтэйгээ уулзаж, 100 хувийн саналаар дэмжигдсэн .
Одоо надтай өрсөлдөж байгаа төлөөлөгч тухайн хурал дээр байсан. Нэр дэвшүүлж байгаа хүн ч байсан. Хоёулаа миний төлөө гараа өргөж, асуулт асууж дуу нэгтэйгээр дэмжин, халуун дулаан яриа болсон. Тэндээс магадгүй бүхнийг өөрчилж, хурдтай ажиллаж, авлигын эсрэг хатуу зогсох юм байна гэдэг ойлголтыг авсан юм уу маргааш нь байдал өөрчлөгдсөн. Гэхдээ 100 хувийн саналаар тогтоол батлагдсан учраас маргааш нь тогтоолын дагуу бүлэг саналаа оруулсан.
Хүмүүс энэ асуудлыг МАН-ын дотоод хагарал гэж ярьж байна. Гэтэл үнэндээ ашиг сонирхол нэгдсэн хэсэг хүмүүс л эсэргүүцлээ илэрхийлж байна.
-Яагаад Ховд аймгийн Засаг даргад нэр дэвших болов. Та өөрийгөө намын даалгавраар нэр дэвшиж буй гэдгээ хэлсэн байсан. МАН-ын бодлогоор аймгийн Засаг дарга болж байна уу?
-Би энэ саналыг үнэхээр бодож хүлээж авсан. Өөрчлөлт хийхэд тийм ч амар биш. Маш хариуцлагатай албан тушаал. Одоо ч би хариуцлагатай албан тушаал хашиж байгаа болохоор их бодож шийдвэр гаргасан. Намын бодлогоор нэр дэвшиж байгаа нь тийм ч шинэ зүйл биш. Улс төрийн намууд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дотоод дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. МАН-ын хувьд Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг намын Удирдах Зөвлөлтэй зөвшилцөн шийдвэрлэх талаар дүрэмдээ тусгасан байдаг. Саяхан ажлаа өгсөн Б.Дүгэржав Засаг даргыг сонгохдоо 2018 онд МАН-ын Удирдах зөвлөлөөр буюу намын бодлогоор ИТХ-д санал оруулж, сонгосон.
Харин миний хувьд энэ удаа ил тод нэр дэвшиж байгаа учраас хүмүүст буруу ойлголт өгөөд байх шиг байна. Түүнээс биш дэг журмынхаа дагуу л явж байна. Хэрвээ тэдний хэлж байгаагаар хүч хэрэглэх байсан бол арай өөр дүр зураг харагдах байсан болов уу. Би өөрөө ил тод, нээлттэй байх саналыг тавьж, асуулт хариултад хариулж, мэтгэлцээн байдлаар явъя гэх саналыг тавьсан.
Ховд аймаг гэлтгүй хөдөө, орон нутгийн цаашдын бодлогын талаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д хот, хөдөөгийн сэргэлт бүлэг багтсан. Яагаад гэхээр өнөөдөр Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь газар нутгийнхаа 0.3 хувь дээр амьдарч байна. Хэдийгээр дэлхийд нэг хүнд ногдох хүн амын хэмжээгээр нэгдүгээрт эрэмбэлэгддэг ч бид өнөөдөр ямархуу байдалтай амьдарч байна вэ.
Энэ бүхэн эргээд амьдралын чанарт нөлөөлж байна. Жил болгон нэг аймгийн дайтай хүмүүс нийслэлд нүүж, ирж байхад энэ түгжрэл, утаа, замбараагүй хот төлөвлөлт байлгүй яах вэ. Бид хотод түгжрэлээ арилгая гэж ярихаас илүүтэй углуурга болсон хөдөө орон нутгийг хөгжүүлэх ёстой. Хөдөө орон нутгийн хөгжил цэцэглэж, энд хамгийн аз жаргалтай амьдрах боломжтой. Ховд аймгийн хувьд маш сайхан замтай, олон улсын нисэх буудалтай, хүн ард нь их хөдөлмөрч. Түүнчлэн, баруун бүсийн тулгуур төв гэх статустай явдаг. Энд “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжих бүрэн боломжтой. МАН-ын бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын түвшинд Ховд аймагт орон нутгийн хөгжлийн манлайлал гаргах том зорилго бий.
Мөн дээрээс нь МАН-аас хүний нөөцийн бодлого явуулж буй. Сүүлийн 30 жил төвөөс хүн томилж байгаагүй. Олон улсын байгууллагууд ч гэсэн тухайн орны хүнийг эх оронд нь томилдоггүй. Учир нь тэндээ уусаж, танил талаа ажилд авах гэх мэт сайн, муу асуудал гардаг. Энэ бол боловсон хүчний нэг төрлийн зөв бодлого.
-Засаг даргад нэр дэвшихэд эсэргүүцэлтэй тулгарна гэж бодсон уу. Эсрэгээрээ дэмжих байх гэж найдаж байв уу?
-Намайг ховдчууд дэмжиж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Би өнөөдөр /2022.08.27/ аймгийн төв, зах худалдааны төвөөр явж, иргэдтэй ярилцлаа. Мэдээж МАН судалгаан дээр үндэслэж, энэ шийдвэрийг гаргаж буй. Орон нутгийн нөхцөл байдал, иргэдийн хандлага, юу хүсэж байгааг ч мэдэж байгаа. Энэ үүсэж байгаа эсэргүүцлийг ховдчууд гэхээсээ илүүтэй өмнө дурдсан ашиг сонирхлоороо холбогдсон хэсэг хүмүүс гаргасан. Би мэдээж бүх юм сайхан болно гэж бодоогүй. Энэ бол ардчиллын нэг хэсэг. Тэр процессын дагуу л явж байна.
Ховд аймагт улс даяараа анхаарал тавьж байгаад олзуурхаж байна. Хот хөдөөгийн хөгжлийн асуудал, орон нутгийн гүйцэтгэх удирдлагыг томилох асуудлыг хэлэлцэж байна гэдэг маш чухал. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ.
-Хэрвээ аймгийн Засаг даргаар сонгогдвол ажлаа юунаас эхлэх вэ. Тухайн орон нутгийн ямар асуудалд анхаарч, ажиллах бол?
-Би Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргын хувьд Авлигын индексийг бууруулах үндэсний хороонд байдаг. Тиймээс Сангийн сайд Б.Жавхлантай ярилцаж, Ховд аймагт зарласан тендер, төрийн худалдан авах аажиллагаа, төсвийн зарцуулалтад шалгалт оруулахаар болсон. Тэгэхээр ирэх долоо хоногоос Ховд аймагт Сангийн яамнаас шалгалт хийж эхэлнэ.
Орон нутагт үүссэн чухал асуудлын нэг бол Халзанбүргэдэйн орд. Би Ховд аймагт ирээд л энэ талаар судалж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцаж, тодорхой мэдээлэл авлаа.
Мөн ирэх долоо хоногт салбарын яамнаас шалгалт хийнэ гэсэн. Иргэдийн эсэргүүцлийг ойлгож байна. Аймгийн ИТХ-д орохдоо энэ талаар мэдээлэл аваад, орсон. Уг орд нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байдаг, төрийн мэдэлд байдаггүй юм билээ.
-Хөдөөд том том төсөл гэлтгүйгээр анхаарч, сэтгэл гаргах ажил олон байна гэдгийг та хэлж байсан?
-Манай ард түмэн “Өөдлөх айл үүднээсээ” гэлцдэг. Хүн гэртээ хаа хамаагүй хог тарьдаггүй шүү дээ. Засаг даргын Тамгын газар, төрийн удирдлагын хувьд аймаг орон нутаг нь гэр нь гэсэн үг.
Аймгийн хогны асуудлыг шийдвэрлэхэд бодлогын түвшинд шийдэх шаардлагагүй. Сэтгэл гаргаж, зөв зохион байгуулалтад оруулж, шаардлагатай төсөв мөнгийг нь зөв зүйлд зарцуулаад явахад болно.
Тэр байтугай юманд төсвийн мөнгө зарцуулж, удааширч буй ажлууд олон бий. Яагаад хүмүүсийн амьдарч буй аймгаа цэвэрлэж болохгүй гэж. Аймгийн төв гэлтгүй хөдөө сумдаар хог хаягдал их байна.
Засгийн газрын 8-р сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Таны томилгоог Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалттай холбон ойлгож байна?
-Засгийн газрын түвшинд зөв бодлого гаргахын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпийн үеэр БНХАУ-д айлчлахдаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн асуудлыг хөндөж байсан бол сая тус улсын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлах үеэрээ энэ асуудлыг шийдвэрлэж, дэмжихээ илэрхийлсэн.
Гэхдээ бид өмнө нь хичнээн зөв бодлого гаргасан ч гэсэн хэрэгжилт дээрээ алддаг гашуун туршлага бий. Төсөл эхэлдэггүй, уддаг, гацдаг гэх мэт. Хэрвээ зөв бодлого гарсан бол хэрэгжилт дээрээ анхаарч ажиллах гэдэг утгаар би нэр дэвшиж буй. МАН-аас өгсөн бодлогын дагуу “Шинэ сэргэлтийн бодлого”-оо хэрэгжүүлэх ажлын чухал хэсэг нь Эрдэнбүрэнгийн УЦС-ын төсөл юм.
-Хэрвээ сонгогдвол анхны эмэгтэй Засаг дарга болох нь ээ?
-Тийм гэж ойлгож байгаа. Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд баталж “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж тунхагласнаас хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд төдийгүй Монгол Улс засаг захиргааны хувьд одоогийн аймгуудыг байгуулснаас хойш түүхэндээ эмэгтэй Засаг даргатай байгаагүй юм билээ.
Тэгэхээр магадгүй эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн энэ бас нэг том алхам болж чадна. Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийн манлайлал олон улсын түвшинд тийм ч доогуур биш.
Бид үе үеийн эмэгтэй манлайлагчдын зассан замаар явж, өнөөдрийн боломж бий болсон. Бидний дараагийн үед илүү ахицтай, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллана гэдэгт хувь хүнийхээ үүднээс итгэж явдаг.
-Таны аав, ээж Ховд аймгийн уугуул хүмүүс гэсэн үү?
-Манай аав Ховд аймгийн Мөст сумын харьяат, захчин хүн. Одоо ч гэсэн өвөө, эмээ маань Манхан суманд амьдардаг. Аав, ээж болон эмээ, өвөөгийнхөө нутгийг хөгжүүлэх боломж гэж харсан. Хөгжлийн бодлогын чиглэлээр суралцаж, ажилладаг хүмүүсийн хувьд нэг бодлын мөрөөдлийн ажил юм.
Ховд аймаг олон ястны өлгий нутаг. Тэр утгаараа Монгол Улс нэрийн дор эв нэгдлийг эрхэмлэж, бие биедээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Холбоотой мэдээ