“Запорожье” АЦС-ын байр руу Оросын хүчин удаа дараа халдсан гэж Украины цөмийн эрчим хүчний “Энергоатом” компани Бямба гаригт мэдээлэв. Тус компани “Үе үе буудсаны улмаас цахилгаан станцын дэд бүтэц эвдэрч, устөрөгч алдагдах, цацраг идэвхт бодис цацагдах эрсдэлтэй болсон. Мөн гал түймрийн аюул өндөр байна” гэв. Одоогоор хохирлыг шалгаж байгаа аж.
Энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков уг халдлагад Украиныг буруутгасан байна. Тэрбээр Украины арми 24 цагийн дотор 17 их бууны сум харваснаас дөрөв нь цөмийн түлш хадгалах байгууламжийн дээвэр рүү оносон гэж мэдэгдэв.
Түүний хэлснээр тус газрын эргэн тойронд цацрагийн түвшин өөрчлөгдөөгүй байна.
Эх сурвалж: NHK