Ажиа гэгээнтэний ахмадын өдөр өнжүүлэх үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2022.08.27-нд нийтлэгдсэн

Ажиа гэгээнтэний ахмадын өдөр өнжүүлэх үүдээ нээлээ

Ажиа гэгээнтэний ахмадын өдөр өнжүүлэх үүдээ нээлээ

Ажиа гэгээнтэний санаачлан босгож буй ахмадын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих хөгжлийн төвийн барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.08.27/ боллоо. Уг төвийн нээлтийн үйл ажиллагаанд Ажиа гэгээнтэн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тэргүүдтэй зочид, ахмадуудын төлөөлөл оролцов.

Уг үйл ажиллагааг Ажиа гэгээнтэн нээж үг хэлэхдээ “Ахмадуудад зориулан босгосон өдөр өнжүүлэхээ өчигдөр албан ёсоор “Агнистын төв” гэж нэрлэсэн. Манай төв асрамжийн газар биш өдөр өнжүүлэх гэдгийг  дахин хэлмээр байна.

Ахмадууд 60 нас хүрээд тэтгэвэртээ гардаг. Тэтгэвэртээ гарсны дараа ихэвчлэн гэртээ ганцаардаад суудаг.

Тиймээс ахмадуудад өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хөгжилдөж, сонирхлоороо хүссэн зүйлээ хийж өдрийг сайхан өнгөрүүлээсэй гэж хүссэн учраас энэхүү өдөр өнжүүлэхийг нээсэн. Олон нийтээс хандив хураасны үндсэн өдөр өнжүүлэх төв маань бий болсон. Төвийг босгоход гар бие оролцсон, туслалцаа үзүүлсэн бүхий л хүмүүстээ маш их баярлалаа” гэлээ.

"Агнист" төв нь Хан-Уул дүүргийн 21 хороонд байрладаг зургаан давхар 2120 метр квадрат талбай бүхий, ахмадуудад зориулсан, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон, эерэг хөгжилтэй өнгөрөөхөд дэмжих зорилгоор байгуулжээ.

Ахмадууд өөрийн дур сонирхол, хүсэл зорилгодоо нийцүүлэн зураг зурах, оёдол үйл хийх, ном хэвлэл унших, дасгал хөдөлгөөн, иог бясалгал хийх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн усан эмчилгээ, нөхөн сэргээх болон физик эмчилгээний өрөөнүүдийг тусгайлан тохижуулсан байна.

Настан буурлууд өөрсдийн амьдралын туршлага, эрдэм мэдлэгийг бие биедээ хуваалцаж сэтгэл санаагаа сэргээх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор лекц яриа хийх сургалтын танхимыг ч мөн хийжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцож буй ахмадууд өдөр өнжүүлэх төвтэй болж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Ахмадуудын төлөөлөл Ө.Мөнхжаргал "Маш их баяртай байна. Ажиа гэгээний энэ үйл ажиллагаа нь хүмүүсийг буянд уриалан дуудсан, бусдад туслах юм сан гэдэг сэдлийг төрүүлсэн сайхан үйл боллоо" гэв.

Дархан-Уул аймгийн ахмадын хөгжлийн төв, орон нутгийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал А.Янжмаа:

-Ажиа гэгээндээ баярлалаа гэж олон ахмад, залуучуудын өмнөөс хэлмээр байна. Манай ахмадууд түүхийг өөртөө тээж явдаг үнэт капитал. Монгол Улсын хэмжээнд анх удаа Дархан-Уул аймагт ахмадын өдөр өнжүүлэх төв нээгдсэн. Хоёр дахь нь Ажиа гэгээнтэний санаачлага буянаар Хан-Уул дүүрэгт босч байна. Ингэснээр 21 аймагтаа ийм төв байгуулах эхлэл суурь тавигдаж байгаад маш талархалтай хүлээж авч байна.

Манай улсад Ажиа гэгээнтэний санаачилгаар олон ажил үр дүнгээ өгч хэрэгжиж байгаагийн нэгэн жишээ нь ЭХЭМҮТ-ийн дэргэд баригдсан, өндөр хөгжилтэй орны түвшинд бүрэн тоноглогдсон, долоон давхар Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг юм.

Энэ хүүхдийн эмнэлэг болон эмч, сувилагч, зочин эмч нарын мэргэжил дээшлүүлэх төвийг 2014 онд ашиглалтад оруулсан бүтээн байгуулалтууд нь одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, Монголын ирээдүй болсон бяцхан үрсүүдэд тус дэмээ өгсөөр байна.

Д.Намуунцэцэг

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
20
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж