Тэр бол "Ноён эмэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.08.27-нд нийтлэгдсэн

Тэр бол "Ноён эмэгтэй"

Тэр бол "Ноён эмэгтэй"

Тэр Монголын кино урлагийн "ноён эмэгтэй". Үзэгчид түүнийг Хувьслын Урнаа ч гэж дууддаг. Уран бүтээлээрээ дамжуулан эмэгтэйчүүдийн эрх, шударга бус нийгмийн золиос, хүний эрх, хүчирхийллийн эсрэг хүчтэй дугарч, хөндөж чаддаг тэрбээр энэ удаа нийгэмд чангаар "хашгирч", тэсрэлт хийж чадлаа. Салбартаа хувьслыг авчирлаа.

Тэрбээр шинэхэн уран бүтээлээ шинэлэг болсон гэж тодотгосон. Үнэхээр түүний өмнөх өмнөх дүрүүдээс "Ноён эмэгтэй"-н дүр тэс өөр байлаа. Монголдоо анхдагч эмэгтэйчүүдийн тулаант /action/ кино гэдгээрээ онцлог. Цаашдаа ч энэ жанрт хүчээ сорино гэдгээ "элдэвтэй"  У.Уранчимэг нуусангүй.

Кино 1974 оноос эхлэлтэй. Охидын цэвэр ариухан нөхөрлөл хэрхэн хар толбоор будагдаж, өш хонзон болон хувирч буйг харуулна. Одоогоос 20-иод жилийн өмнө нийгмийн ороо бусгаа цагт эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байсныг өгүүлж, эмэгтэйчүүдийн хорих ангиар дүрслэн харуулсан нь үзэгчдийн сонирхлыг татна.

Жүжигчдийн хувьд ч "улиг болсон" танил дүрүүдээс аль болох татгалзаж, цоо шинэ дүр төрх, уран бүтээлчидтэй хамтарч ажилласан нь сонирхолтой санагдав. Киноны дууны баг болох "Авиа" студийн хамт олон болон зураглаач Б.Баатарын "Team hero" баг үнэхээр гар нийлж ажиллажээ.

"МИНИЙ ХУВЬД ЭНЭ БҮТЭЭЛ МААНЬ ХАМГИЙН ШИНЭЛЭГ БОЛСОН"

Кино нээлтийн өмнө “Ноён эмэгтэй” киноны постерыг “Squid game” киног хуулбарласан гэж шүүмжилж байсан. Яг уран сайхны киног үзэх мөчид тэр бүхэн салхинд хийсч, уран бүтээлчдийн ур чадвараар бахдуулж чадав. Зарим үзэгчид "Юун “Squid game” кино. Харьцуулашгүй дэлгэцийн бүтээл болсон байна" гэцгээж байлаа.

"Хувьсал" продакшны уран бүтээлчид киноны зохиолыг 2019 онд бичиж, 2020 онд Дархан хотод 100 гаруй уран бүтээлч, 300 гаруй арын албаны ажилтантай зураг авалтаа эхлүүлж, 2021, 2022 онд киноны пост продакшны ажлууд болох дуу оруулалт, хөгжим чимэглэл, компьютер граффик, өнгө тавилт гэхчилэн олон хүний хөлс хүч, сэтгэл зүрхээр нэгэн шинэ уран бүтээл мэндэлсэн нь энэ.

"Ноён эмэгтэй" киноны найруулагч, жүжигчин У.Уранчимэг “Хувьсал” продакшны долоо дахь бүтээл болох “Ноён эмэгтэй” уран сайхны киног үзэхээр ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн минь авах гээхийн ухаанаар хандаж, бид зэмлэл магтаалыг зэрэг хүртэх болно. Миний хань продюсер Г.Цоггэрэлдээ талархлаа. Энэ киноны арын албанд ажилласан бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье.

Киноны зохиолыг үргэлжилсэн үгийн нэрт төлөөлөгч С.Жаргалсайханы 20 жилийн өмнө тавигдаж байсан "Бид эрчүүдийг хүснэ" хэмээх зохиолоос сэдэвлэж “Хувьсал” продакшны уран сайхны бодлогыг хариуцдаг, кино зохиолч Г.Бямбасүрэн маань кино зохиол болгон буулгасан.

Энэ авьяаслаг залуу зохиолч маань “Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг бичиж, нэгдүгээр найруулагчаар ажилласан. Миний хувьд энэ бүтээл маань хамгийн шинэлэг болсон гэж бодож байгаа. Ийм болгоход тусалсан гайхалтай зураглаач бол Б.Баатар юм" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.

КИНОНЫ АРЫН АЛБАНЫХАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, НЭГ ӨРӨӨ БАЙРААР ШАГНАВ

Түүнийг урлагийнхан ясны уран бүтээлч гэж тодорхойлдог. Тэр ч утгаараа кино нээлтийн ёслол зохион байгуулалт сайтай болж, хамгийн эхэнд киноны арын албанд ажилласан ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж, тайзнаа урьсан юм.

"Хувьсал" продакшны үүсгэн байгуулагч У.Уранчимэг продакшны жүжигчин, кино зохиолч Г.Бямбасүрэнд есөн жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж, нэг өрөө байраар шагнаж, гэнэтийн бэлэг барив. Кино зохиолч бүсгүйн хувьд "Тэнгэрээс буусан од" киноны зохиолыг бичсэн бөгөөд энэ удаа С.Жаргалсайханы "Бид эрчүүдийг хүснэ" зохиолын дөрвөн дүрийг 16 болгож задалж бичсэн байна.

Мөн нээлтийн арга хэмжээний үeэр кинонд ажилласан арын албаныхнаасаа хөдөлмөрийн аварга тодруулж, дөрвөн хүнд мөнгөн шагнал олгов. Үүнээс гадна киноны ард байдаг уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлж, жүжигчин О.Үржинханд, Г.Бямбасүрэн нарын дөрвөн жүжигчинг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

СОРОГДОГИЙН ЖАРГАЛСАЙХАН АГСАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Энэ үеэр Сорогдогийн Жаргалсайхан агсанд хүндэтгэл үзүүлж, түүний хүү Ж.Билгүүн үг хэлсэн юм. Тэрбээр “Бага байхад драмын театр дотор Сорогдогийн Жаргалсайханы хүү байна” гээд явахаар аав “Миний нэрийг бариад энд тэнд яваад байна” гээд Япон руу явуулсан. Аав минь бурхны оронд залраад 15 жил болж байна. Намайг аав минь урлагт гурван настайгаас минь хөтөлж оруулж, найруулагч мэргэжлээр их сургуулиа төгссөн.

Анх аавын минь бичсэн “Шөнө дундын бүжиг” зохиолыг уншаад таныг уйлсан гэж сонссон. Манай аав 80 гаруй жүжиг, 20 гаруй кино зохиол бичсэн байдаг. Одоо би “Үхэж үл болно” зохиолыг нь англи хэл дээр орчуулж, гадаадад аавынхаа нэрийг гаргаж явна” гэсэн юм.

"Хувьсал" продакшн өнгөрсөн хугацаанд “Надаар тоглосон хайр”, “Шөнө дундын бүжиг”, “Дурлахыг хориглоно”, “Чамайгаа алдмааргүй байна”, “Зургадугаар сар минь баяртай”, “Чи минийх”, “Нэг л уучлая”, “Би хүсэхгүй байна” зэрэг тайзны 20 гаруй шилдэг бүтээлийг үзэгчдэдээ толилуулсан.

Уг хамт олон сүүлийн жилүүдэд дэлгэцийн урлагт хүчээ сорьж “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од” гэх мэт шилдэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан билээ.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж