Бага насны хүүхдүүд өвчилдөг ховор төрлийн шинэ вирусийн халдвар Энэтхэгт гарчээ. Тус улсад улаан лоолийн ханиад нэртэй өвчний 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн тул эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө өгч байна. Улаан лоолийн ханиад өвчин нь улаан цэврүү үүсч илэрдэг учир ийм нэртэй аж.
Керала мужид тавдугаар сарын 6-нд анхны тохиолдол илэрснээсээ хойш өнөөг хүртэл нийт 82 хүүхэд өвчлөөд байна.
Харин хөрш Тамил Наду муж болон зүүн Одиша мужид есөн настай хүүхдүүд халдвар авсан 26 тохиолдол гарав.
Энэтхэгийн Эрүүл мэндийн яам уг вирусийг амь насанд аюулгүй гэж мэдэгдсэн боловч энэ долоо хоногт бүх мужид урьдчилан сэргийлэх удирдамж хүргэлээ. Энэ өвчин нь тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд ихэвчлэн тардаг гоц халдварт вирус аж. Халдвар авсан үед ядрах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, халуурах, шингэн алдах, үе мөч хавдах, томуу төст өвчний нийтлэг шинж илрэхээс гадна улаан лоольтой төстэй цэврүү үүсдэг байна.
Эрдэмтэд вирусийн шалтгааныг тогтоохоор ажиллаж буй. Анагаахын чиглэлээр бичдэг Их Британийн “Лансет” сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтэлснээр энэ нь Covid-19-тэй ямар ч холбоогүй гэв. Шумуулаар дамждаг вируст өвчний үр дагавар байх магадлалтай гэсэн мэдээлэл байна. Эсвэл тав хүртэлх насны хүүхэд болон дархлаа суларсан насанд хүрэгчдэд чиглэсэн гар, хөл, амны халдварт өвчний шинэ хувилбар байж болох юм.
Улаан лоолийн ханиад нь өөрөө өөрийгөө хязгаарладаг буюу аяндаа арилж, эдгэрдэг өвчин аж. Гэхдээ өвчний шинж тэмдэг илэрсэн бол сэжигтэй тохиолдлыг тусгаарлах арга хэмжээ авахыг албаныхан анхааруулжээ.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ