Украин дахь дайнд НАТО-ийн холбоотнуудын ашиглаж байсан зэвсгийн зураг төсөл тэргүүтэй нууц мэдээллүүд хакерын бүлэглэлийн гарт орж, улмаар цааш зарагдсан байж болзошгүй байна. Хакердуулсан мэдээллийн дунд "MBDA" пуужингийн системийн зураг төсөл байжээ. Мэдээллийг эвдэрсэн хатуу дискнээс хакердаж авсан байж болзошгүй гэж НАТО үзэж байна.
Хулгайлагдсан 80 гб хэмжээтэй өгөгдлийг 15 биткойноор зарж байгаа гэх мэдээлэл байна.
Энэ нь ойролцоогоор 273 мянган фунт стерлинг болох аж. НАТО-ийн өгөгдлийн сан дахь мэдээллүүдийг нууцын зэрэглэлээр нь тав ангилдаг. Хулгайлагдсан мэдээлэл дунд хоёрдугаар зэрэглэлийн нууц мэдээлэл байж болзошгүй байна.
Нэгдүгээр түвшний нууц мэдээлэл алдагдсан тохиолдолд НАТО-д маш их хохирол учруулна гэж үздэг. Тэгвэл хоёрдугаар түвшний нууц мэдээлэл алдагдах нь НАТО-д ноцтой хохирол учруулах юм. Гуравдугаар түвшин бол НАТО-ийн ашиг сонирхолд хохирол учруулна, дөрөвдүгээр түвшин бол ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлнэ. Харин тавдугаар зэрэглэлийн мэдээллийг ангилалгүй хяналттай мэдээлэл гэж нэрлэдэг.
Хакерууд хулгайлагдсан мэдээллээ зарахдаа “Цэргийн хаалттай төслүүдийг боловсруулахад оролцсон компаниудын ажилчдын тухай нууц мэдээлэл” гэж баталж буй аж.
Түүнчлэн АНУ-ын агаарын эскадрилийн 2020 оны сүүлээр Эстонид гүйцэтгэсэн тагнуулын даалгаврын талаар дэлгэрэнгүй бичсэн мэдээлэл алдагдсан байж болзошгүй. Уг дэлгэрэнгүй мэдээлэлд үүрэг гүйцэтгэгчийн овог нэр, утасны бүртгэл, утасны дугаар, GPS-ын координатууд орно. Мөн “Land Ceptor CAMM” пуужингийн дотоод ажиллагааг нарийвчлан харуулсан танилцуулга байгаа гэв. Алдагдсан мэдээллүүдийн ихэнх нь 2017-2020 оны хоорондох мэдээлэл аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ