Тойм: Үндэсний үйлдвэр, импортын форм 30-100 мянгын зөрүүтэй

Хуучирсан мэдээ: 2022.08.27-нд нийтлэгдсэн

Тойм: Үндэсний үйлдвэр, импортын форм 30-100 мянгын зөрүүтэй

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.


НЭГ СУРАГЧ ДУНДАЖААР 150 МЯНГААР ХИЧЭЭЛДЭЭ БЭЛДЭНЭ

Хичээлийн шинэ жил эхлэхэд арав хүрэхгүй хоног үлджээ. Энэ жилийн тухайд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хичээлийн хэрэгслийг ч мөн тойрсонгүй. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлтгэх шаардлага эцэг эхчүүдэд тулгардаг. Тухайлбал, олон хүүхэдтэй айл өрхөд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангана гэдэг “амаргүй даваа” байдаг. Тэр тусмаа эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед хүмүүсийн худалдан авах чадамж эрс буурсан нь нууц биш. Иймээс хичээлийн хэрэгслийн үнэ ханш болон, иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг сурвалжиллаа.

“Нарантуул” худалдааны төвд 15:00 цаг орчимд хүний хөдөлгөөн ихтэй байлаа. Голцуу эцэг эхчүүд, хүүхдээ дагуулан шинэ дүрэмт хувцас, цүнх үзэж байна. Энэ жилийн тухайд дэвтэр, цүнх, үзэг балны үнэ бага зэрэг нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жил 12 хуудастай дэвтэр 200 төгрөг байсан бол энэ жил 350 төгрөгөөр худалдаалж байна. Өөрөөр хэлбэл 12 хуудастай дэвтэр 100-150 төгрөгөөр нэмэгджээ. Энэ талаар худалдагчаас тодруулбал, цар тахал, Эрээний хил хаасантай холбогдуулан дотооддын үйлдвэрлэгчид үнээ нэмсэн. Тиймээс үнээ нэмэхээс өөр аргагүй” гэлээ.

Өөр нэгэн лангуугаар орвол дэвтэр мөн л дэвтэр 250-350 төгрөг байлаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ЭХ НЯЛХАС ИХ ЗАСВАРЫН ХАЖУУГААР АЧААЛАЛТАЙ БАЙНА

Монголдоо ганц гэгддэг эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу “Эх нялхас” байгуулагдаад 92 жил болжээ. Гэвч энэ хугацаанд төдийлөн их засвар хийгээгүй урсгал засвараар аргацаасаар өдийг хүрсэн аж. Азаар сайн санаат хүмүүс, албан байгууллагуудын ач, тусаар тус эмнэлэг бага багаар засварт орсоор байна. Энэ удаад улсын аварга О.Хангай “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн бэлэглэсэн түрүү бөхийн байгаараа “Эх нялхас”-ын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсгийн нэг болох хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулж, хүлээлгэн өгчээ.

Тус тасаг нь нэгдүгээр давхартаа нийтийн ариун цэврийн хэсэг, хүлээлгийн хэсэг, цахим бүртгэлийн хэсэг, хувцас өлгүүр гээд 218 м.кв талбайтай бөгөөд өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгдөг “Эх нялхас”-ын хамгийн ачаалал ихтэй хэсгийг нэг аж.

Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулсан улсын аварга О.Хангай ярихдаа “Тоёота компаниас жил бүр өгдөг түрүү бөхийн шагналаа эх хүүхдийн эрүүл мэндийн төвд шилжүүлээд хүүхдийн амбулаторийг тохижуулаад өнөөдөр хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Энэ төвөөр үйлчлүүлж буй хүүхэд, эцэг эхчүүд маань аятай, тухтай байх нөхцөл бүрдлээ. Тохижилтыг хийсэн баг хамт олон ч сэтгэл гаргаж, хийж гүйцэтгэсэн байна. Аливаа улс үндэстний эрүүл мэндийн хөгжлөөс хамааран гэр бүл, үр хүүхдийн эрүүл мэнд хамааралтай байдаг. Монголын эрүүл мэндийн салбар улам хөгжиж, олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй болж, хүн бүрт хүртээмжтэй үйлчилгээ үзүүлээсэй гэж хүсч байна. Үүнд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулсанд баяртай байна” гэв.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ҮҮДЭЭ ХААЛГАСАН 13 СУРГУУЛИЙН ЗАРИМ НЬ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 13 дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зогсоож, хаана гэж мэдэгдсэн. Гэвч эдгээр дээд сургуулийн зарим нь сайдын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, шинээр оюутан элсүүлж байна. Тиймээс энэ удаа тусгай зөвшөөрлөө цуцлуулж буй дээд сургуулиудыг зорин очиж сурвалжиллаа.

Зарим дээд сургуулийн хувьд хаврын элсэлтээ аль хэдийнээ хийж дууссан үед сайд мэдэгдэл хийснээс болж үйл ажиллагаагаа явуулах хэцүү, үүдээ хаах хэцүү болсон тухайгаа учирлаж байв. Харин аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг “Газарчин” дээд сургууль үйл ажиллагаагаа зогсоожээ. Хичээлийн байр нь эл хуль, эзэнгүй угтав. Сургуулийн удирдлагаас тодруулахад “Салбарын сайдын мэдэгдлийн дагуу бүртгэлээ зогсоосон. Хүүхдүүдээ ийш тийшээ шилжүүлэх асуудлаа ярилцаж байна. Бид яамныхаа шийдвэрийг дагана” гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Дараагаар нь байгаль орчны гэх тодотголтой “Эко Ази” дээд сургуулийн зүгээс их засвар хийж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Шинээр оюутан элсүүлж байгаа. Манайх Улаанбаатар эрдэм их сургуулийн бүрэлдэхүүн сургууль учраас үйл ажиллагаа хэвийн явуулна” гэдэг хариултыг өгөв. Мөн “Маргад” дээд сургууль шинээр оюутан элсүүлж байгаа бөгөөд хэвлэлд мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэх шийдвэр гаргасан.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР, ИМПОРТЫН ФОРМ 30-100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮТЭЙ

Хичээл сургууль эхлэх дөхөж намрын их хөдөлгөөн дунд эцэг, эхчүүд сурагчдынхаа бэлтгэлийг базааж буй. Энэ үед хамгийн эрэлттэй зүйл нь дүрэмт хувцас байдаг. Дотоодын үйлдвэрийнх зузаан материалтай чанар муутай, үнэтэй, импортынх харьцангуй хямд, эдэлгээ удаан гэж олон хүн хэлдэг. Тэгвэл зах зээл дээр худалдаалж байгаа дүрэмт хувцасны үнийн зөрүү болон стандарт шаардлага ямар ялгаатай байгаа талаар сурвалжиллаа.

Бид дотоодын гурван үйлдвэрийн нэрийн дэлгүүрт очиж, материал, чанарын талаар мэдээлэл авав. Худалдааны зөвлөхүүдийн хэлж байгаагаар материалын татан авалтаас шалтгаалж үнэ нь урдаас орж ирж буй бэлэн формоос үнэтэй байдаг гэх тайлбарыг өглөө. Эхний кэйс бол дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд томоохонд тооцогддог үндэсний үйлдвэр. Материалаа Солонгосоос татаж авч, туслах хэрэглэгдэхүүнийг хятадаас авдаг гэв. Материалын захиалгыг эрэлт ихсэхээс өмнө буюу 3-6 сарын өмнө татан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд бэлтгэдэг байна.

Ингэхдээ 100 хувь цэвэр даавуугаар биш полиэстер, хөвөн даавуу хослосон хүүхдийн биед тухтай, харшил өгөхгүй, шатамтгай бус материалыг сонгож, стандартын дагуу оёдог гэлээ.

Дээрх үйлдвэрийн формын үнэ 115-210 мянган төгрөгийн үнэтэй байв. Дараагийн үйлдвэрийн тухайд Хятад болон Японоос материалаа татан авч, 30 гаруй хүнийг цалинжуулж, үйлдвэрлэл явуулдаг байна. Үнийн хувьд 120-231 мянган төгрөг. Материалын үнээс гадна үүнд ажиллах хүний цалин хөлс багтаж буй. Ажиллах хүчний тухайд нэг үйлдвэр багадаа 20 дээд тал нь 40-50 хүний нөөцтэй ажилладаг байна. Гэх мэтчилэн дотоодын үйлдвэрүүд импортынхоос 30-100 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж