Арилжааны банкууд урт хугацаатай зээл олголтыг өнгөрсөн гуравдугаар сараас хязгаарлалттай олгож буй. Гэхдээ тавдугаар сараас хойш орон сууцны зээл болоод ипотекийн зээл, цалингийн зээл, зарим урт хугацааны зээлийг арилжааны банкууд хязгаарлаж наймдугаар сараас хэвийн олгохоо өнгөрсөн сард мэдээлсэн. Гэвч энэ сард ч мөн арилжааны банкууд зээл олгохгүй байгаа бөгөөд хэзээнээс хэвийн олгох нь одоогоор тодорхойгүй байна.
Эдийн засагчдын хэлж буйгаар иргэд банканд хадгаламж байршуулах нь багассан учраас зээл олголтын эх үүсвэр тасалдаж, зээл олгохгүй байхаас өөр сонголтгүй болсон.
Ирэх 10-11 дүгээр сард эдийн засаг улам хүндэрч, арилжааны банкууд он дуустал зээлд хязгаарлалт тогтоох эрсдэлтэйг хэлж байгаа юм.
Тиймээс банкуудтай холбогдоход тодорхой заасан хугацаа байхгүй ч зээл олголтын материал хүлээж авахгүй байгааг онцоллоо.
Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Санхүүгийн зах зээлд нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч түүнд нийцсэн хариу үйлдэлд суурилдаг. Иймээс банкууд зээл хязгаарласан гэхээсээ илүү хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэвэл арай илүү үнэнд нийцэх байх.
Макро эдийн засгийн байдал, бизнесийн орчин, иргэдийн амьжиргаа гээд бүх л нөхцөл байдал зээл олголтын эсрэг чиглэлд байна.
Энэ нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Нөгөө талаар эх үүсвэрийн нөхцөл байдал ч таатай бус байна. Мөнгөний захын үзүүлэлтүүд болох мөнгөний нийлүүлэлт, хадгаламжийн статистик үүнийг харуулж байна. Иймээс эдийн засгийн нөхцөл байдал нь санхүүгийн зах зээлийг болгоомжлох, хязгаарлах нөхцөл байдалд орох суурь болсон. Иймд банкууд ч гэсэн өөрөө бизнесийн байгууллага тул томоохон эрсдэл бий болгохоос сэргийлж байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ байдал нь эдийн засаг сэргэхийн хэрээр эргээд хэвийн болох боломжтой.
Эдийн засагч С.БЯМБАХОРЛОО:
-Банкуудад гол нь зээл санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй болчхоод байна гэж дүгнэж байна. Банкууд орон сууц, цалин зэрэг урт хугацаатай зээл олгох бололцоогүй нөхцөл байдалтай болсон. Нөгөө талаар дээр хэлсэнчлэн иргэд хадгаламжид мөнгө хийх нь багассан учир банк зээлийн эх үүсвэргүй болоход хүрээд байгаа. Хэрэв эдгээр сөрөг нөлөөллүүд даамжирвал цаашид эдийн засаг улам хүнд байдалд орж болзошгүй.
Ер нь бол ирэх арваннэгдүгээр сараас эхлээд нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй байна.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХУВЬД ШАЛГУУРЫН ДАГУУ МАТЕРИАЛЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй олон мянган өрх байгаа ч зээлийн материалыг зарим банк авахгүй байгаа. Тус зээлийн хувьд хэдийгээр хувийн хүүтэй ч хамрагдах магадлал жил ирэх бүрт багасч байгаа аж. Арилжааны банкуудын өгсөн мэдээллээр 160 сая төгрөг хүртэлх хэмжээтэй 30 жилийн хугацаатай зээл нь орон сууц барьцаалсан хувь банкнаас гаргадаг зээлээс хүүний төлбөр харьцангуй бага. Учир нь орон сууцны зээл буюу байр барьцаалсан зээл нь жилийн 18 хувийн хүүтэй дээд лимит нь 100 хүртэлх сая төгрөг байдаг байна. Тиймээс ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа урт ч хүсэлт өгөх иргэд багасахгүй байгаа аж.
Ачаалал, хүсэлт өгсөн иргэдийн материалыг хянах зэргээс шалтгаалж “Хаан” болон “Худалдаа хөгжлийн банк” тавдугаар сард тавьсан хязгаарлалтаа өнөөдрийг хүртэл цуцлаагүй байгаа аж. Харин “Төрийн банк”, “Голомт”, “Хас” банкны тухайд иргэдийн материал хүсэлтийг хүлээж авч байгаа гэв.
“Хаан” банкны зээлийн эдийн засагчийн өгсөн мэдээллээр тус банк дээрээс ирсэн тушаалын дагуу 2022 оны тавдугаар сарын 23-наас эхлэн ипотекийн зээл олголтыг бүрэн зогсоож, хүсэлт авахгүй хэвээрээ байгаа аж. Гэхдээ шалгуурт нийцсэн иргэдийн ипотекийн зээлийн материалыг авч эхлэхээр болж байгаа. Материалыг авсан ч хамгийн багадаа 2-3 сар хүлээх шаардлагатай гэлээ. Covid-19-ийн нөхцөл байдлаас болоод ипотекийн эргэн төлөлт энэ оныг дуустал хойшлуулсантай холбоотой санхүүжилтийг зогсоогоод буй. Гэхдээ Монголбанкнаас тус зээлийг зогсоох, иргэдийн хүсэлтийг авахгүй байх шийдвэр, тушаал гаргаагүй байна.
ЦАЛИНГИЙН БОЛОН БУСАД ЗЭЭЛИЙН ОЛГОЛТЫГ ШАЛГУУРЫН ДАГУУ ӨГНӨ
Ипотекийн зээл авах боломжгүй иргэд зах зээлийн хүүтэй буюу сарын 1-1.5 хувийн хүүтэй арилжааны банкны орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ ихээр өгөх болсон байна. Энэхүү зээлд ч хамрагдах хүсэлтэй иргэд их байгаа учраас материалыг шалгуурт нийцэж байгаа эсэхийг 15-30 хоногийн дотор хянаж үзээд зээлийн эдийн засагчид иргэдтэй холбогдож байгаа аж. Цалингийн зээлийн хувьд ч мөн адил шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг нягталж зарим банк олгож байгаа гэлээ.
Урт хугацааны зээлийг олгох нь иргэдийн аж амьдралд хэрэгтэй ч нөгөө талаар үнийн хэт хөөсрөл, эдийн засгийн уналтыг сэргээж болзошгүй тул ийнхүү арилжааны банкууд хязгаарлалт тогтоох шийдвэрээ ирэх аравдугаар сар хүртэл цуцлахгүй төлөвтэй байна. Мөн урт хугацааны зээл олголтыг ойрын саруудад хэвийн үргэлжлүүлнэ гэж хэлэх боломжгүй гэдгийг зээлийн эдийн засагчид анхааруулж байна.
Холбоотой мэдээ