Олонхын дэлдсэн аюулын харанга!

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Олонхын дэлдсэн аюулын харанга!

Олонхын дэлдсэн аюулын харанга!

Сонгогчдын санал ихээр гээгддэг сонгуулийн тогтолцоогоор олонхын дэмжлэггүйгээр нэг нам сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад хэрхэн хууль ёсыг уландаа гишгэлж, дур зоргоороо авирлаж болдог вэ гэдгийг МАН яруу тодоор харуулж байна.

Олонхын шийдвэр болгон зөв байдаггүй гэдгийг ч батлан харуулав. Тэд өөрсдийнхөө хүссэнийг хүчээр бүтээх ёстой гэж зүтгэдгээ өчигдөр УИХ-ын чуулганаар хавтай харуулав. Гэхдээ тэрхүү бусармаг явдал нь зүй тогтол, хүний мөн чанарын эсрэг явжээ.

МАН, АН гэлтгүй УИХ шимэгчдийг өөгшүүлж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө батлав. Тэрхүү чуулганд 62 гишүүн оролцсоноос хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур гээд буй Т.Доржханд эсрэг санал өгч, МАН-ын 55 гишүүн, АН-ын Ц.Туваан, Ш.Адьшаа, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Б.Бейсен, С.Одонтуяа нарын зургаан гишүүн дэмжсэнээр давхар дээлийн хязгаарлалтыг хүчингүй болгов. Зуун жилийн турш чинээлэг монгол хүнийг үзэн ядах сэтгэлгээг дэвэргэж ирсэн МАНчлал өөрсдөө давхар албан тушаал, эрх мэдэл, цалин мөнгө, хангамжийн төлөө ийнхүү сэжгийн жүжгээ тоглов.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна гэсээр байхуйд Цэцээр тогтоол гаргуулж, нэгэнт тогтоол гаргачихсан учраас өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрч буй мэтээр жүжиг тоглов. Эртнээс бэлтгэсэн жүжгийн бүх зүйлийг төлөвлөсөн гэдгээ харуулж 30-хан минутын дотор Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан нь ичгүүртэй. Давхар дээл нөмрөхөөр тийн яарчээ. Засгийн газрын өөрчлөлт ярих тоолонд жендер ярьдаг эмэгтэй гишүүд ч уламжлал ёсоор увайгүйгээ харуулж намын даргадаа бараалхахдаа квот нэхсэн сурагтай.

МАН урьд өмнө нь олонхоороо түрээ барьж олон олон хуулийг өөрсдийнхөө таашаалд нийцүүлсэн. Хувийн өмч рүү ч улайм цайм халдан дээрэмдсэн, элдэв санг ичгүүр сонжуургүй “цусалсан”. Байгаад эцэст нь Үндсэн хуулийн дээгүүр алхах хаалгыг нээчихлээ.  Тэд эрх мэдэл, ашиг сонирхлынхоо төлөө ийнхүү нэгдсэн нь хэнд ч ойлгомжтой.

Давхар дээлийг эсэргүүцэн давхар дээл өмсөөд жагсч явсан Ж.Мөнхбат өөрийн биеэр давхар дээлийг байнгын хороо нь дэмжсэн гэдгийг уянгалуулан дуудна лээ. Энэ бүхэн бидэнд ямарваа нэгэн ёс суртахууны хэм хэмжээ бий эсэх, сайн мууг үнэлэх үнэлэмж, зөв буруугийн хэмжүүр бий юу гэх асуултыг тавиад байх шиг. Лав УИХ-ын гишүүдэд алга.

Бидний эрх чөлөө, нийгмийн гэрээ рүү 62-хон нөхөр халдаж дөнгөж байна. Ингэхийн тулд намын даргын заналхийлэл, ичих булчирхай ч хэрэггүй. Давхар албан тушаалын сураг байхад л хангалттай бололтой.

МАН-ын олон мянган гишүүн ч биш. Удирдлагад нь буй хүмүүс л сайхан амьдарч байвал бусад нь хамаагүй гэх адгийн шуналдаа автжээ. Хүмүүс хамтаараа амьдарч байгаа нөхцөлд тодорхой хувийн өмч, хувь хүний эрх, орон зай гэх мэтийг хүндэтгэхгүй нийтлэг нэг хүлээн зөвшөөрсөн зарчим баримтлахгүй бол тухайн иргэншил тогтворгүй байдалтай нүүр тулгарч, хүмүүсийн дунд зөрчил гаардаг. Ийм аюулыг ч тэд тооцсонгүй. Иргэд бол цагаан цаас. Эднийг яаж ч болно гэх дарангуйлагчийн дүрээ тэд харууллаа. Аахар шаахар зүйлээр аргацааж, халамж, тэтгэмжээр хууран хусам өгөөд өөрсдөө өрмийг нь хамж, өөдгүй занг л эрх баригчид гаргаж байна. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж, өөрсдийг нь шүүмжилсэн иргэдийн троллуудаар дайруулж, хэдэн их наядаар хэмжигдэх төсвийн хөрөнгийг шамжигдуулж сууна. Нэг л өглөө сэрэхэд улсаа худалдчихсан суухгүй гэх баталгаа алга.

Олонхын хүч түрсэн, оройгүй шуналтай хүмүүсийг оройдоо залах ийм аюултай. Олонхоороо ямар ч асуудлыг яаж ч шийднэ болно гэдгийг эрх баригчид харууллаа.

Бид тэвчсээр л байна. Гэхдээ хүлцэн тэвчихэд ч хязгаар байх ёстой. Бид цаашдаа ардчилсан улс байж чөлөөт нийгмээ хадгалж үлдэнэ гэвэл сонор сэрэмжээ сайжруулах хэрэг гарч байна. Сайжруулаад зогсохгүй түүнийхээ төлөө тэмцдэг байхыг шаардаж байна.

Дэлхийн хаана ч ялгаагүй тэгш байдал гэх идеологи хүчээ авч буйг судлаачид анхааруулсаар байна. Хуучнаа санагалзагсад Монголд мөн ч олон байх шиг. Үүнийг нь ч эрх баригчид санаатай, санаандгүй дэвэргэнэ. УИХ-ын даргаасаа эхлээд ахиухан цалин авбал өндөр татвар авах санал гаргаж байна. Хувийн өмчийг нийгэмчилж, төрийн оролцоотойгоор тэгшитгээд ирэхээр юу болдог билээ? Хэсэг бүлэг хүмүүст л илүү эрх мэдэл эдлэх боломж олгодог. Тэгш байдлын тухай донгосох тусам баян, ядуугийн ялгааг гааруулдаг билээ. Дахин хуваарилалтын тухай өмнө нь босоо Ганбаа л орилдог байсан бол өнөөдөр УИХ-ын гишүүдийн тэн хагас нь ам уралдан ярьдаг болов. Үүний цаана намчдын бизнес цэцэглэдэг, өөрсдөдөө ашигтайгаар шийддэг, хувийн өмчийг булаадаг зүйл л гаарав.

Газар дээр диваажин байгуулах боломжгүй, байгуулах гэж оролдвол там байгуулна гэдэг байх аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж