Э.Амартүвшин: Монголынхоо нэрийг гаргахын тулд илүү хичээнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин: Монголынхоо нэрийг гаргахын тулд илүү хичээнэ

Э.Амартүвшин: Монголынхоо нэрийг гаргахын тулд илүү хичээнэ

НЭМЭЛТ 13:13

“ОЛОН УЛСАД МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ГАРГАХЫН ТУЛД УЛАМ ИЛҮҮ ИХ ХИЧЭЭНЭ”

Дуурийн дуулаач Э.Амартүвшинд өнөөдөр /2022.08.26/ Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг олголоо. Энэ талаарх түүний сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр “Өнөөдөр миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй гайхамшигтай түүхэн, сайхан өдөр болж өнгөрч байна. Өндөр дээд төр, эрхэм төрийн тэргүүн маань Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх нэр хүндтэй сайхан шагналыг олголоо. Багахан зэрэг хөдөлмөрлөсөн, олон улсад эх орныхоо нэрийг гаргасныг маань өндрөөр үнэлж сайхан шагналыг олголоо гэж бодож байна. Монголынхоо нийт ард түмэнд, төрүүлж өсгөсөн аав ээждээ, эрдэмтэн багш нар, ажлын хамт олон, найз нөхөд, төрөл төрөгсөд гэрийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд бусдын адил өвөө, эмээгийндээ бага насаа өнгөрүүлж, багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Түүнийгээ дагаад арван жилээсээ эхлэн дуулаад, эргэлт буцалтгүй шийдээд СУИС-д орж, сайхан багш нартайгаа учирч, дуурь хэмээх сайхан урлагийн амт, шимтэнд ороод явж байна. Зорьсон зорилго, мөрөөдлийнхөө төлөө явахад ард түмэн минь нэр хүндтэй сайхан шагнал олголоо. Цаашид олон улсад Монголынхоо төлөө өшөө илүү зүтгэнэ. Дэлхийн том театруудад мэргэжлээрээ дуулж байна. Дэлхийн чансаатай бүхий л том театрт дуулсан. Ер нь бол маш их завгүй 2-3 жилийн төлөвлөгөөний дагуу дууриа дуулаад явж байна” гэлээ.

https://www.facebook.com/news.mn.agency/videos/1407964486392669

 


Э.АМАРТҮВШИНД АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЭЭНЭ

Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа алтан хоолойтнуудын нэг Э.Амартүвшинд өнөөдөр /2022.08.26/ Төрийн ордонд Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ. Тэрбээр ханьтайгаа эх орондоо амарч байгаа бөгөөд наймдугаар сарын 31-нд Итали руу буцах аж. Түүний хань Д.Туяа нь эр нөхөртэйгөө нэг салбарт хүчин зүтгэдэг бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байсан.  Гэргий Д.Туяа нь Алма-Ата хотын хөгжмийн дээд сургууль төгсч, Итали улсад мэргэжил дээшлүүлсэн уран бүтээлч юм.

Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж, 2016 оноос эхлэн дэлхийн томоохон театруудтай гэрээ байгуулан дэлхийн дуучин болсон түүхтэй.

Түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар /2021.11.24/ Ардын жүжигчин цол хүртээсэн боловч өөрөө гадаадад тоглолттой байсан учраас эх орондоо биечлэн ирж чадаагүй билээ. Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа  Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ.

Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.

  • 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
  • 2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
  • 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
  • 2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
  • 2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

Гэрэл зураг: Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж