Бензема Европын шилдэг болж, Барселонатай таарсан Кан жуумалзав

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Бензема Европын шилдэг болж, Барселонатай таарсан Кан жуумалзав

Бензема Европын шилдэг болж, Барселонатай таарсан Кан жуумалзав

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн УЕФА Аваргуудын лигийн 2022-2023 оны улирлын хэсгийн шатны сугалаа болон өнгөрсөн улирлын Европын шилдгүүдийг шалгаруулах ёслол өчигдөр/2022.08.25/ боллоо.

Энэ жил Байерн Мюнхен, Барселона, Интер Милан гэсэн Герман, Испани, Италийн гигантууд нэг хэсэгт оров. Өөрөөр хэлбэл, Роберт Левандовски Барселонагийн хамтаар хуучин багийнхаа эсрэг тоглохоор болж байна. Польш довтлогчийн хувьд Германы багийн төлөө 375 тоглолтод 344 гоол оруулж, домогт Гёрд Мюллерийн ард бичигдсэн түүхтэй. Мөн тэрбээр өнгөрсөн улирал 46 тоглолтод 50 гоол оруулсан билээ.

Өнгөрсөн жил хэсгийн шатыг давж чадаагүй Барселонаг энэ жил өндөр амжилт үзүүлнэ гэж фэнүүд нь хүлээж байна. Гурван том багийн хамтаар Чехийн аварга Викториа Пльзень С хэсэгт орсон. Байерн Мюнхен багийн захирал, домогт хаалгач Оливер Кан Барселонатай нэг хэсэгт орсноо хараад жуумалзав. Учир нь хоёр багийн сүүлийн гурван тоглолт Байерн Мюнхений илт давамгай байдалд өндөрлөсөн. Ялангуяа 2019-2020 оны хасагдах шатанд Байерн хүчирхэг өрсөлдөгчөө 8-2 гэсэн харьцаатай хожиж, дэлхий нийтийг цочроож байсан.

Харин өнгөрсөн улирлын аварга Реал Мадрид F хэсэгт РБ Лейпциг, Шахтёр Донецк, Селтик багуудтай багтав. Реал өнгөрсөн жил финалд Ливерпүүлийг 1-0 гэсэн харьцаатай хожиж, 14 дэх дэлдэн чихт цомоо өргөсөн билээ.

Мөн Манчестер Ситигийн шинэ цэрэг Эрлин Холанд хуучин баг болох Боруссиа Дортмундынхаа эсрэг тоглох болж байна. Энэ зун Германаас Англид газардсан Холанд Дортмундын төлөө 88 тоглолтод 85 гоол оруулсан өнөө цагийн шилдэг довтлогч.

Өнгөрсөн улирлын аман хүзүү Ливерпүүл клуб Аяакс, Наполи, Рэнжерстэй нэг хэсэгт оржээ.

УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тойргийн тоглолтууд есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд явагдана.

Хэсгийн шатны байдал:

  • А хэсэг – Аяакс, Ливерпүүл, Наполи, Рэнжерс
  • В хэсэг – Порто, Атлетико Мадрид, Байер Леверкузен, Клуб Брюгге
  • С хэсэг – Байерн Мюнхен, Барселона, Интер Милан, Викториа Пльзень
  • D хэсэг – Айнтрахт Франкфурт, Тоттенхэм Хотспур, Спортинг Лиссабон, Марсель
  • E хэсэг – АС Милан, Челси, РБ Салзбург, Динамо Загреб
  • F хэсэг – Реал Мадрид, РБ Лейпциг, Шахтёр Донецк, Селтик
  • G хэсэг – Манчестер Сити, Севиллья, Боруссиа Дортмунд, Копенгаген
  • H хэсэг – ПСЖ, Ювентус, Бенфика, Маккаби Хайфа

Сугалааны дараа шагнал гардуулах ёслол болсон. Өнгөрсөн улирлын Европын шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар Евро-2022 эмэгтэйчүүдийн Европын аваргад багтайгаа түрүүлсэн Английн шигшээ багийн босс Сарина Вигман тодорсон бол эрэгтэй шилдэг дасгалжуулагчаар Реал Мадридад 14 дэх Европын цомыг нь авчирсан Карло Анчелотти тодорсон юм.

Эмэгтэй шилдэг тамирчнаар Барселона болон Испанийн шигшээ багийн од Алексиа Путельяс тодорч, энэ шагналыг хоёр жил дараалан авсан анхны эмэгтэй тамирчин болов. Мэдээж, эрэгтэй шилдэг тамирчнаар таамаг ёсоор Карим Бензема тодорсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж