Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор улс төрийн урвалт, шарвалт бараг ердийн үзэгдэл болжээ. Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд, давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх ёстой хэмээн хөөс сахартал ярьсан Т.Доржханд гишүүн өчигдрийн чуулганы хуралдаанд эсрэг кноп дарав. Өөрийнхөө ярьсан хэлснээс тэр “урвасан”. Угтаа бол түүний Үндсэн хуулийн Цэцэд гаргасан ганцхан заалт нь “Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” гэх заалт байв. Түүний ийн эхлүүсэн улс төрийн шугамын дагуу өнөөдрийн эрх баригчид дунд “дайн” өрнөж буй.
Анх энэ Үндсэн хуулийн энэ заалтаар Цэцэд гомдол гаргасан цагаас эхлэн Т.Доржхандыг эрх баригчдын захиалгаар ийм зүйл хийсэн гэж дээр, дооргүй ярьж байв. Угаас ганцхан суудалтай ХҮН-ын хувьд Засгийн газрын сайд нарын хэд нь давхар дээлтэй байх, давхар дээлгүй байх падлий ч үгүй асуудал. УИХ-д нэг суудалтай ч тэр сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж, эрх баригчдад гол “дайсан” нь байх үүрэгтэй. Гэвч ийн давхар дээлийн асуудлаар Цэцэд гомдол гаргаж, эрх баригчдын хүслийг гүйцээгээд эхэлсэн нь Т.Доржхандын жинхэнэ хүсэл юу байв. Чухам яагаад Үндсэн хуулийн Цэцийг хүртэл хууль зөрчихөд хүргэж, эрх баригчдын хууль санаачилж, хэдхэн минутанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэл явсан Т.Доржханд өөрийнхөө эхлүүлсэн зүйлийн эсрэг кноп дархад хүргэв. Эсвэл нэг сайдын суудал, тодорхой эрх мэдэл “амлаж” байсан эрх баригчид Т.Доржхандаас урвасан уу.
Т.Доржхандын эхлүүлсэн улс төрийн нүүдэл эрх баригчдад, Үндсэн хуулийн маргаан шйидэхэд, хуульчид, улс төрчдийг ч талцуулж, цаашдаа ч Засгийн газрын бүтцэд ямар өөрчлөлт орох, хэн нь давхар дээл өмсөх гээд олон асуудал ойрын өдрүүдэд өрнөнө. Энэ өдрүүдэд Т.Доржханд мэтийн олон ноёд урваж, нохой шарвах биз ээ.
Т.ОД
Холбоотой мэдээ