Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар та МСҮТ-тэй холбоотой чухал мэдээллийг өгсөн. Тухайлбал, 4800 хүүхдийн регистр ашиглан, төсвөөс 2.3 тэрбумын хулгай хийхээр завдсан асуудал гарсан байна лээ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-Мэргэжлийн боловсролын салбар Хөдөлмөр нийгмийн харъяаллын яаманд 2012 оноос очсон бол, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Боловсролын яаманд буцаж ирсэн. Өнөөдөр мэргэжлийн боловсролын салбарт 43 мянган хүүхэд суралцаж буй гэдэг тоо ирсэн. Үүнээс яг бодитой хэчнээн хүүхэд сурч байна вэ гэдэг нь анхаарал татахуйц асуудал юм. Монгол Улсад төрийн өмчийн, хувийн МСҮТ, коллеж гэхчлэн 76 бий. Үүсээд буй асуудлын тухайд, хоёр яам ажлаа хүлээлцэж аваад мэдээллийн системд бүртгэсэн хүүхдүүдээ дахин бүртгэж байгаа. Энэ ажил сүүлийн дөрөв, таван сар үргэлжилж байна. Дээрх асуудал юунаас үүссэн бэ гэвэл хуучин МСҮТ-д сурдаг байсан хүүхдүүдэд 200 мянган төгрөг өгдөг байсан. Дан ганц хүүхдүүдэд биш 1.5 жилээр сурч буй насанд хүрэгчдэд ч гэсэн өгдөг байсан л даа. Ингээд МСҮТ-д сураагүй хүмүүсийн регистрийн дугаарыг ашиглаж мөнгө авдаг, эсвэл МСҮТ-д сураагүй хүүхдийн регистрийн дугаар ашиглагддаг байж магадгүй гэсэн хардлага нийгэмд байсан. Энэ бол шинэ зүйл биш. Энэ жилийн төгсөлтөөр бид бодитоор 200 мянган төгрөгийн тэтгэлэг авч буй хүүхдийн тоог тулгаж үзэхэд үндсэндээ 4800, 5000 орчим хүүхдийн зөрүү гарсан. Энэ тоо яагаад гарсан бэ гэдгийг бид судалж байна. Өнөөдрийн байдлаар МСҮТ-д сураагүй мөртлөө, ЕБС-д сурч буй хүүхдүүдийн регистрийн дугаарыг ашиглаж 200 мянган төгрөг авч байсан байж магадгүй гэсэн таамаг байна. Цаана нь байгаа 3200 хүүхдийн регистрийг тулгаж байна. Ээдрээтэй асуудлууд бий. Нийтдээ 4800 орчим хүүхдийн хий бичилт хийж хувьсах зардлуудыг авдаг байсан байж магадгүй. Байнгын хорооны хурлаар 2.3 тэрбум гэж яригдсан бол энэ тоо нэмэгдээд үндсэндээ дөрвөн тэрбум орчмоор улсын төсөвт хэмнэгдэж байна гэсэн үг. Боловсролын систем, МСҮТ-ийн системтэй нэгтгээгүй байсан бол магадгүй дөрвөн тэрбумын хохирол улсад учрах бодитой аюул эрсдэл байжээ.
Энэ асуудал ганцхан МСҮТ-өөр зогсохгүй. Манай СӨБ-ын түвшинд ажиллаж байсан цэцэрлэгүүд, сураагүй хүүхдийн регистрийн тоог ашиглаж хувьсах зардлууд авдаг, мөн ЕБС-иудад суралцаагүй, хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдийн регистрийн дугаарыг ашиглаж, хувьсах зардал авдаг байсан байж магадгүй гэх бодитой эрсдэл үүсчхээд байна. Үүнийг мөн шалгах ёстой.
Энэ жил бид цэцэрлэгийн бүртгэлийг E Mongolia-аар хийж эхэлсэн.Үндсэндээ, цэцэрлэгт байгаа нийслэлийн хүүхдийн тоо зөрж эхэлж байна. Анх 106 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэж байсан бол сугалаатай цэцэрлэгээс гадна үлдэж байгаа 38 мянган хүүхэд гэж байсан боловч тоо нь хоорондоо зөрж байгаа асуудлууд гарч байна. Улсын бүртгэлийн газар дээр байгаа тоо, улсын статистик дээрх тоо, аймгуудын боловсролын газрууд дахь тоо, нийслэлийн боловсролын газар байгаа тоо болон Боловсролын яаман дээр байгаа тоонууд зөрдөг.
Монгол Улс цахим шилжилтүүдийг хийх хэрэгтэй байна. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах юм бол Монголд жинхэнэ утгаараа авлига , хээл хахууль байхгүй болох үндэс бүрдэнэ.
-Та түрүүн яриандаа дурдсанчлан дээрх асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах уу. Цаашид татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийлгэхгүйн тулд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-МСҮТ-ийн 76 сургуулийг тулгаж үзнэ. Энэ нь ганцхан мэргэжил сургалтын төв ч биш цэцэрлэг, сургуулиуд дээр хүртэл гарч байж болзошгүй зүйл. Тэгэхээр энэ асуудлуудыг эхнээс нь тоон тулгалт хийн системийн бүх тоог цэгцлэх болно. Ингэхдээ сургууль сургуулиар нь хүүхдүүдийг гурван системээр тулгалт хийж байна. Аль цэцэрлэг, сургууль дээр энэ асуудал гарсан байгааг тулгаад эцсийн байдлаар олон нийтэд ил болгон хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.
-Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарим их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэтэл дээрх нэр бүхий сургуулиуд элсэлтээ аваад эхэлсэн байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ нь гэнэтийн шийдвэр биш шүү дээ. Үндсэндээ сүүлийн зургаан сард манай яамнаас магадлан итгэмжлэх зөвлөлөөс, олон талын их, дээд сургуулийн хамтарсан ажлын хэсгүүд гаран мөн эдгээр сургуулийн эздүүдтэй ярилцаад алдаа дутагдалтай байгааг мэдээлэн анхааруулга, сануулга өгч байсан. Ингэхдээ 13 сургуулийн үйл ажиллагааг хааж тухайн сургуулиудыг нэгтгэж байгаа. Эдгээр сургуулиуд нийлээд 1500 хүрэхгүй оюутнууд байна. Тус сургуулийн оюутнууд чанартай их, дээд сургуулиудад сурахдаа дуртай байгаа гэж Монголын оюутны холбооноос мэдэгдлүүд гаргасан байсан. Нэг зүйлийг хатуу хэлэхэд өнөөдөр Монгол Улсад 110 мянган оюутан 13-хан сургуульд суралцаж байна. Ер нь дөч хүрэхгүй оюутантай их, дээд сургууль гэж байж болохгүй. Ингэхдээ подвальд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулиудад нь их, дээд сургуулийн статусийг ашиглаж татвараас зугтан бизнес хийдэг. Яагаад гэвэл боловсролын салбар нь олон төрлийн татвараас чөлөөлөгддөг. Ийм л татварын хулгай нүүрлэсэн газруудыг илрүүлсэн үйл явдал болсон.
Цаашдаа ч гэсэн 2024 онд нэр бүхий сургуулиудад зургаан сарын хугацаа өгсөн байна. Зарим их, дээд сургуулиуд Богд уулан дээр олон га газар авчхаад түүнийгээ компанийн нэр дээр бус өөрийн сургууль дээр бүртгэн газрын татвараас зайлсхийж байгаа зүйлс байна.
-Их дээд сургуулийн төлбөрийн нэмэгдэл шүүмжлэл дагуулж байна. Иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй, эцэг эхчүүд арилжааны банкнуудаас зээл авч чадахгүй байгаа учраас энэ жил төлбөрийн дарамтад орох асуудал гарч ирж байна?
-Бид энэ жил төрийн өмчит их дээд сургуулиудад төлбөр нэмэхгүй байх чиглэлүүдийг өгсөн. Монгол Улсын Засгийн газар дээр үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа учраас энэ хүрээнд төрийн өмчит их дээд сургуулиудад ийм чиглэл өгсөн. Харин хувийн дээд сургуулиудын хувьд энэ зохицуулалтыг хийхэд хэцүү. Гэхдээ бид нэг зүйлийг бодох ёстой. Олон жил төрийн өмчит дээд сургуулиудын төлбөрийг барьж байна. Жилд гуравхан сая төгрөгийн төлбөрөөр нэг их дээд сургуульд суралцана гэдэг бол бас их хүндрэлтэй асуудал шүү дээ. Хувийн цэцэрлэг гэхэд таван сая төгрөгийн төлбөртэй байна. Хувийн дунд сургууль гэхэд 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй байна.
Хүүхдэдээ бид нар чанартай дээд мэргэжлийг олгоё гэж байгаа бол цаашид их сургуулийн төлбөр өртгөө дагаад нэмэгдэх зайлшгүй шаардлага үүсээд байна.
Гэхдээ сүүлийн хоёр жил covid-19-өөс шалтгаалж иргэдийн орлого буурсан, ажлын байраа алдсан гэх мэт эдгээр нөхцөл байдал үүсээд байгаа учраас бид одоо үйл ажиллагаа хэвийн явуулах 60 гаруй их сургууль дотроос төрийн өмчит 20 гаруй их дээд сургуульд энэ намрын хичээлийн жилдээ үнийн зохицуулалтууд хийгээд явах боломж байна л гэж харж байна.
-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх асуудал энэ намраас яригдах уу. Хүүхдийн хоолны мөнгийг нэмэх бололцоо байгаа юу. Жишээлбэл, 2400 төгрөгөөр хүүхэд хоолны илчлэгээ авч чадахгүй байна. Цаашид хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхээс нь гаргуулах нь зүйтэй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ер нь зөв шүү дээ. Одоо 2400 төгрөгөөр хүүхэд авах ёстой илчлэгийнхээ 50 хувийг л авч байна. Тэгэхээр цаашдаа салбарын сайдын хувьд харахад мэдээж үнэхээр хүнсний талон авдаг гэдэг юм уу, хүн амын зорилтот бүлгүүд, орлого багатай иргэдийнхээ хүүхдийг бид хамгаалах ёстой. Эдгээр иргэдийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн хоолны зардлыг гаргах нь төрийн үүрэг. Саяхныг хүртэл цэцэрлэгийн хоолны зардал бол 50 хувь нь эцэг эхчүүдээс гардаг байсан ийм тогтолцоо 2016 он хүртэл байсан. Тэгэхээр цаашдаа бид нар ингэж бие биеэ хуурч амьдарч болохгүй юм байгаа юм. 2400 төгрөгөөр бүхэл өдөржингөө хүүхдэд нь хоол өгөөд сууж байна аа гэдэг бол чанаргүй л хоол өгч байна гэсэн үг. Энэ хичээлийн жилээс авхуулаад есдүгээр сарын 1 гэхэд эцэг эхчүүд хоолны 50 хувийг өгнө гэсэн зохицуулалт бол байхгүй.
Өнөөдрийн байдлаар төр 100 хувь хоолны мөнгө гаргаад явж байгаа. Харин энэ асуудал 2023 оны улсын төсвийн хэлэлцүүлэгтэй уялдуулж ярилцах зүйл гэж бодож байна.
-Ирэх долоо хоногт хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Түгжрэлийн асуудлаас улбаалаад хичээл сургуулийн цагуудад өөрчлөлт оруулах уу?
-Оруулна. Хамгийн их түгжрэлтэй, төвийн хэсэг дээр байгаа их дээд сургуулиудын хувьд нэг дүгээр курсийнхний хичээлийг наймдугаар сарын 27, 28-аас эхлүүлнэ. Харин дадлагын ажил хийж байгаа 2, 3 дугаар курсийнхнийг зөрүүлээд есдүгээр сарын 5, 10 гэж тооцоолж байна. Яагаад ингэж зөрүүлж байна вэ гэхээр Боловсролын хуулиар ЕБС-ийн сургуулиуд есдүгээр сарын 1-ндээ заавал орох ёстой байдаг. Тийм учраас сургуулийн тодорхой цагийг зөрүүлэх хэрэгтэй байгаа. Ачаалал үүсэж байгаа хэсгүүдийн цагийг 20, 30 минутаас нэг цаг зөрүүлэх зохицуулалтууд хийнэ. Ингэснээр, ид ачааллын үед түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна. Өглөөний түгжрэлийн 30-40 хувь нь хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь өгөх гэж байгаа хүмүүс, оройны эд түгжрэлийн үеэр сургууль цэцэрлэгийн тарах цаг байдаг учраас түгжрэлийн гол цэгүүд дээр байгаа сургууль, цэцэрлэгийн ийм зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага үүсэж байгаа юм.