Латви улсын нийслэл Рига хотод орших 80 метр өндөр хөшөөг нураажээ. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад зориулан ЗХУ-ын үед барьсан уг хөшөөг нураасан нь Латви, ОХУ-ын харилцаанд зөрчлийг нэмэгдүүлнэ гэж ажиглагчид харж байна. Балтын тэнгисийн Латви улсад сүүлийн 10 гаруй жилд гараагүй өргөн хүрээтэй цахим халдлага өнгөрсөн долоо хоногт гарсны дараа Рига дахь Зөвлөлтийн үеийн хөшөөг нураасан нь энэ.
Латвид олон орос иргэн амьдардаг бөгөөд 1.9 сая хүн амынх нь 25 орчим хувийг бүрдүүлдэг үндэсний цөөнх аж. Уг хөшөөг оросууд аугаа ялалтын бэлгэдэл гэж үздэг бол латвичууд ЗХУ-ын эзэрхийллийг илэрхийлдэг гэж дургүйцэх болжээ. Хөшөөг нураахаар тойруулан хашаа хатгаснаас хойш эсэргүүцлийн жагсаал өрнөж, долоон хүнийг баривчилсан байна. Хөшөөг нураах үйл явцыг телевизээр шууд дамжуулжээ.
ОХУ-ыг Украин руу дайрсны дараа Латви улс Москвагийн эсрэг Европын орнуудаас хамгийн хатуу хоригийг тавьсан юм. Тухайлбал, оросуудад жуулчны виз олгохоо зогсоож, тус улс дахь Зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг нураах хуулийг баталсан.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG