Нийслэлийн статистикийн газраас гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Энэ долоо хоногт махны дундаж үнэ, үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 16029 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13965 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 155 төгрөгөөр, цул махны үнэ 402 төгрөгөөр тус тус буурчээ.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хар хорин” зах дээр хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 253 төгрөгөөр, цул махны үнэ 210 төгрөгөөр тус тус буурсан. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хар хорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 9.2 хувиар буурч 1499 төгрөгөөр, монгол лууван 16.8 хувиар буурч 3890 төгрөгөөр, байцаа 2.5 хувиар өсч 1890 төгрөгөөр, хүрэн манжин 5.7 хувиар буурч 3961 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Харин гурилын үнэ хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1600-1900 төгрөг, 1-р зэргийнх 1400-1700 төгрөг, 2-р зэргийнх 1000-1300 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1580-1800 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1500 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1600-1800 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” захад талхыг хамгийн хямд буюу 1600 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төв, “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнээр буюу 1800 төгрөгөөр худалдаалж байна.
Холбоотой мэдээ