ДӨЛ-2022: Эр зориг, тэсвэр хатуужлын сорилт

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

ДӨЛ-2022: Эр зориг, тэсвэр хатуужлын сорилт

ДӨЛ-2022: Эр зориг, тэсвэр хатуужлын сорилт

ИЖИЙ шиг ЭХ ОРОН минь! Аугаа яруу найрагчид зүгээр ч нэг ийн мөр холбоогүй биз ээ. Ирээдүй хойч болсон хүүхэд залуусаа ижийгээ хайрлах их хайраараа Эх орноо хайрлах сэтгэлтэй болгон хүмүүжүүлж, төлөвшүүлэх нь энэ цаг үед юу юунаас ч илүү чухал билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Дөл-2022” цэрэг-спортын улсын аварга шалгаруулах цогцолбор тэмцээний нээлт 2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэлсэн. Биднийг тус төвд очиход 21 аймаг, 9 дүүргийн шилдэг 400 орчим сурагч талбай дээр байраа эзлэн жагссан байлаа. Өнгө өнгийн өмсгөл хувцсаараа ялгарах сурагчид хэзээний л батлан хамгаалах салбарт хүчин зүтгэж буй албан хаагчид мэт бэлтгэл сургуулилалтаа сайтар базаасан нь илт. Дунд сургуулийн ахлах ангийн сурагчид гэхэд гар хөл, алхаа гишгээнээс эхлээд нэгэн жигд, өөлөх зүйл алга аа.

Цогцолбор тэмцээний нээлтийн ёслолд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нарын албаны болон бусад зочид төлөөлөгчид оролцов. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуул Батлан хамгаалахын сайдыг угтан авч, тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ тамирчин сурагчдыг бэлэн жагссан тухай илтгэсэн юм.

"ДӨЛ" ТЭМЦЭЭН ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, ХҮМҮҮЖИЛ ОЛГОДОГ ОНЦГОЙ ГАВЬЯАТАЙ"

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Улс орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирж, хурд хүч, авьяас чадвараа дайчлан оролцож байгаа сурагчид, багш-дасгалжуулагч Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. “Дөл” тэмцээн хүүхэд, залуучуудыг зөв ёс суртахуунтай, хувийн зохион байгуулалттай, зорилго тэмүүлэлтэй иргэн болон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанар, хувь хүний хүмүүжилд эергээр нөлөөлдгийг дурдахад таатай байна.

2015 онд батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг болон Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэхүү төр, засгаас баталсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн өндөр ач холбогдолтой юм” гэж онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр 38 жилийн өмнө есдүгээр ангидаа өнөөгийн Баянзүрх дүүрэг, тухайн үеийн Найрамдлын районоосоо шалгаран "Шонхор" тоглолтод тасгаараа оролцож, тусгай байр эзэлж байснаа дурссан юм. Сайд Г.Сайханбаяр хэлэхдээ "Дөл-2022" цэрэг-спортын цогцолбор тэмцээнд оролцохоор жигдрэн жагссан та бүхнийг хараад сурагч насны минь дурсамж сэдэрч, сэтгэл хөдөлж байна. Яг л та нар шиг тэмцээн хурдан болоосой гэж хөөрч догдолж, шөнө нойр хүрэхгүй хүлээж байснаа санаж байна. "Дөл" тэмцээн хүүхэд, залууст цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох, хувийн зохион байгуулалттай, тэсвэр хатуужилтай иргэн бэлтгэхэд онцгой гавьяатай нэг талын сургалт” гэв.

Салбарын сайдын онцолсноор, “Дөл” цэрэг-спортын цогцолбор тэмцээн 1980 оны эхээр “Шонхор” тоглолт нэртэйгээр анх удаа зохион байгуулагдсан түүхтэй ажээ. Тухайн үед Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон үйлдвэр, албан байгууллагууд, сум нэгдэл, аймаг, дүүргүүдийн хэмжээнд жил бүр, улсын хэмжээнд гурван жил тутамд нэг удаа явагддаг байжээ. Өдгөө Батлан хамгаалахын сайд, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусгасны дагуу хоёр жилд нэг удаа аймаг, нийслэл, дүүрэгт  уламжлал болгон зохион байгуулагдаж буй аж. Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн 3 баг оролцсоноос тэргүүн байрт Өмнөговь, дэд байрт Баянхонгор, гутгаар байрт Дорноговь, тусгай шагналт байрт Сүхбаатар, Дорнод аймгийн баг тамирчид шалгарчээ.

"ТИЙМ НЭГ ГЭГЭЭН. ХӨӨРӨЛ ИХТЭЙ ХӨВГҮҮД, ОХИД"

Тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнийн мэдээлснээр, 2017 оны “Дөл” цэрэг-спортын тэмцээнээс ялгарч буй онцлог нь энэ жил буудлагын дасгалыг эргүүлэн оруулжээ. Аюулгүй байдал талаасаа анхаарч, сургалтын буюу хийн буугаар тасгууд дасгалыг гүйцэтгэхээр тогтсон байна. Тэрбээр “Гранат шидэлтийн хувьд тогтсон дүрэм, журам заавар байгаа ч сурагчдыг бид харж үзэх ёстой. Тэр утгаараа оноо, дүнг нь хасахгүй” гэв.

Ахлах дэслэгч Д.Болор “Тэд аймаг, орон нутаг, дүүргээ төлөөлсөн өндөр хариуцлагаас гадна үеийн нөхдөө цэрэг-спортоор манлайлахаар дор бүрнээ л хичээж байна. Гэхдээ тийм нэг гэгээн. Хөөрөл ихтэй. Тэмцээн болох өдрөө тэсэн ядан хүлээсэн хөвгүүд, охид. Нэрийг нь дуудахаар "Би" гэж ёсолж мэндчилнэ. Цэргийн "амьдрал"-даа дэндүү дуртай, эмх цэгц, зохион байгуулалт, дэг журам өөрсдөд нь шинэ мэдрэмж өгсөн нь андашгүй. Нэг тасгийн 13 сурагчийн дор хаяж 8 нь "Би том болоод цэргийн хүн болно" гэсэн бат итгэл суусан байна гээд бод доо. "Дөл" өсвөр насны охид, хөвгүүдэд ийм л сайн үр тарьж, эх оронч үзэл төлөвшүүлдэг хосгүй сургалт юм байна.

Хурандаа Д.Цог-Эрдэнэ "Дөл"-д оролцож буй нэг хүүхдийн цаана 1000 хүүхэд бий. Сайн үлгэрлэлийг тэдэнд өгч чадвал тэд хэдэн мянга дахин болгон цацаж чадна" гэж тодорхойлсон нь үнэхээр л үнэн санж. Дүү нарынхаа цэргийн албанд чин сэтгэлээсээ хандаж, хөөрч догдлон гүйхийг харах урамтай сайхан байна. 1984 оноос эхтэй "Дөл"-ийн өнөөдрийн түүхийг өнгөтөөр, гэгээнээр бичиж буй орон нутаг, нийслэл дүүргийн хөөрхөн дүү нартаа амжилт хүсье. Энэ тэмцээнд та бүхэн бүгдээрээ ялагч!” гэж тэмдэглэв.

Бид "Дөл-2022" тэмцээнд оролцож буй зарим аймаг, дүүргийн сурагчидтай танилцаж, сэтгэгдлээс нь хуваалцлаа. 

"ДЭГ ЖУРАМТАЙ, ЭМХ ЦЭГЦТЭЙ БОЛЖ СУРЧ БАЙНА"

Архангай аймгийн "Тайхар" тасгийн шилдэг сурагчид. Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Батцэнгэл гэсэн дөрвөн сумаас шигшигдэж ирсэн цэрэг-спортын шилдэг 13 сурагч буудлага, гранат шидэлтээ түлхүү анхаарч бэлтгэсэн бөгөөд бэлтгэл нь бүрэн цэгцэрчээ. Бусад аймаг, дүүргүүдийн тасгуудтай харьцуулахад олон сумаас шигшигдэж оролцож буй ахлах ангийн сурагчид. Тасгийн захирагчаар Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Мөнх-Урсгал ажиллаж буй аж. Тэрбээр тасгийнхнаа шагналт байрт шалгарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа хэлээд, “Ирэх жил Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд, ҮБХИС-д элсэхээр төлөвлөсөн. Багаасаа цэргийн хүн болох мөрөөдлөө “Дөл”-өөр “хэрэгжүүлсэн” ч цаашдаа бодит ажил болгож, мундаг офицер болно” гэв.

Архангай аймгийн “Тайхар” тасагт спортын дэд мастераас эхлээд үндэсний бөхөөр хичээллэдэг тамирчин хөвгүүд, орон нутагтаа дуулж бүжиглэдгээрээ хэдийнэ танигдсан авьяаслаг охид багтжээ. Тасгийн гишүүн, Тариат сумын сурагч Г.Дашням "Энэ тэмцээний ач холбогдол хүүхэд залуучуудыг бага наснаас нь эх оронч үзэлтэй болгох ач холбогдолтой гэж боддог. Энэ тэмцээнд бэлтгэж оролцох хугацаандаа дэг журамтай, эмх цэгцтэй болж сурч байна. Би багаасаа сонирхсон учраас ирэх жил 12 дугаар ангиа төгсөөд цэргийн хүн болно гэж шийдсэн" гэв.

 

“БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО ЭНЭ УРАЛДААНД ТЭРГҮҮЛЭХ"

Баянхонгорын авьяаслаг 13 сурагч. Тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяраар ахлуулсан тамирчин сурагчдын дийлэнх нь гар бөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэдэг төдийгүй дуу, хөгжмийн авьяасаараа сум орон нутагтаа манлайлагчид ажээ. Тасгийн захирагч Б.Төгстөгөлдөр ярихдаа “Бидний гол зорилго энэ уралдаанд тэргүүлэх юм. Багш, дасгалжуулагч нар маань ч хэлдэг. Өөрсдөдөө итгэлтэй бай, зоригтой бай. Та нарын нас зоригтой, шийдэмгий байж чадвал юуг ч давж чадна гэдэг юм. Бид орон нутгийнхаа зон олон, найз нөхдийнхөө итгэлийг дааж, амжилт үзүүлэхийг чухалчилж байна. Гэхдээ амьдрал баялаг, олон хүчтэй тамирчин байгааг бас хэлэх ёстой. Би Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч” гэсэн бол тасгийн гишүүн М.Отгон-Эрдэнэ “Үе тэнгийнхээ олон хүүхдүүдтэй мөр зэрэгцэн гүйж яваадаа баяртай байна. Үе тэнгийнхнээсээ суралцах зүйл олон байгааг ч мэдэрч байна. “Дөл-2022” цогцолбор тэмцээнд оролцсоноороо өөрийнхөө мөрөөдлийг олсон. Энэ нь би цэргийн мөрдэстэй бүсгүй болох ёстой гэсэн зорилт билээ” гэв.

Хурандаа Г.Нэмэхбаярын хэлснээр, аймаг, орон нутагтаа “Дөл” цэрэг-спортын тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдээ тодруулжээ. Тус тасгийн тамирчин сурагчдын 80 гаруй хувь нь Жаргалант сумынх аж. Тэрбээр "Манай хүүхдүүдийн бэлтгэл үндсэндээ хангагдсан, гагцхүү сэтгэл зүйг нь тайван байлгахад анхаарч байна. Хүүхэд учраас хөөрөөд байх тал бий” гэсэн юм.

"Дөл" тэмцээнд гурав дахь удаагаа оролцож буй сурагч Г.Мөнхтогтох "Энэ тэмцээнд оролцсоноор сахилга бат, хүмүүжил, дэг журмыг маш сайн мэдэж авсан. Мөн хүнийг хүндлэх хэрэгтэйг, олуулаа хичээвэл нэг хүн шиг болж чаддагийг мэдэж авлаа. Эхний тэмцээний хувьд ядрах, шантрах, хойшоо ухрах тохиолдол их байсан. Одоо бүхнийг хийж сурч байна. Би 2019 оны "Дөл" тэмцээнд тасгийн захирагчаар яваад, энэ жил манай баг гуравдугаарт орсон.

Би энэ жил 12 дугаар ангид орно. Батлан хамгаалахын чиглэлээр мэргэжлээ сонгохоор төлөвлөсөн. Энэ тэмцээнд оролцож байгаагаараа би үе тэнгийнхнээсээ нэг, хоёр алхам өмнө явж байна гэсэн үг. Манай тасгийн эмэгтэй сурагчдын хувьд ижил түвшинд бэлтгэгдсэн. Биднээс дутахааргүй алхаа гишгээ, техниктэй. Буу задаргаа зэрэгт биднээс бараг илүү байдаг" гэлээ.

"БИ ЦЭРГИЙН ХҮН БОЛНО"

Холын Ховдын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Дамдиндорж аймагтаа хоёр удаа түрүүлж, анх удаа "Дөл-2022" тэмцээнд оролцож буйгаа хэлэв. Түүнээс сурагчид ямар шалгуур давж байж энэ тэмцээнд оролцох эрхтэй болдог талаар тодруулахад "Эр зориг, тэсвэр хатуужил гээд бүх шалгуур хангах ёстой байдаг" гэж хариулсан юм. Тэрбээр бага наснаасаа цэрэг-спортод сонирхолтой яваагаа хэлээд "Энэ тэмцээнд оролцох нь тэсвэр хатуужилтай, эр зоригтой болох гол ач холбогдолтой. Багш, дасгалжуулагчтайгаа нийлээд энэ тэмцээнд 15-уулаа оролцож байна. Би цэргийн хүн болно" гэв.

Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумын нэг газар тоглож өссөн хүүхдүүд "Дөл-2022" тэмцээнийг зорин иржээ. Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Мөнхтөгөлдөр "Бид зан зангаа мэдэлцсэн, нэгнээ хайрлаж хүндэлдэг төрсөн ах, дүүс шиг болтлоо ижилссэн. Бид аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулсан “Дөл” тэмцээнд шат дараалан түрүүлж, өнөөдөр улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан. Бидэнд бүх талын дэмжлэг үзүүлсэн аймгийн ЗДТГ болон төрийн зарим байгууллага, нутгийн ах, эгч нартаа талархаж буйгаа уламжилъя" гэв. 11 дүгээр ангийн сурагч Б.Азжаргал "Би цэргийн хүн болно оо гэж олон хүүхэд хэлж байгаа байх. Би ч гэсэн цэргийн хүн болно. Ирээдүйд сайн офицер болох миний зорилго” гэв.

"ОХИД Ч ХӨВГҮҮДЭЭС ДУТАХГҮЙ"

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 30 дугаар дунд сургуулийн шилдэг сурагчдаас бүрдсэн "Чандмань" тасгийнхан багш, сурагчдын хамт нийт 4 сая гаруй төгрөгийн хандив цуглуулж, сургуулийнхаа өвдөж ядарсан, тусламж нэн шаардлагатай байгаа хоёр хүүхдэд сэтгэлийн дэм болгон бэлэглэжээ. Дүүргийнхний гол тактик нь олон сургуулийн олон шилдэг сурагчаас сонгон шалгаруулж авах бололцоо байсан ч нэг баг, хамт олон амжилтын эх үндэс гэдэг утгаар нь тус сургуулийг сонгожээ. Дүүрэгтээ хоёр үе шаттай зохион байгуулагдсан “Дөл” тэмцээнд өндөр ач холбогдол өгч оролцож, тэргүүлсэн хамт олон аж.

Сурагч М.Номин хэлэхдээ "Цэргийн албыг заавал эрэгтэй хүн хаах албагүй. Эмэгтэй хүнийг их тэвчээртэй гэж ярьдаг. Эрэгтэй хүүхдүүдтэй цуг бэлтгэл сургуулилалт хийхэд тэсвэр тэвчээр их шаардана. Эмэгтэй хүн эрчүүдээс дутахгүй. Миний хувьд "Дөл" тэмцээнд анх удаа орж байна. Баг хамт олонтойгоо хийсэн болохоор бэлтгэл сайн хангагдсан. Бэлтгэлийн хугацаанд алхаа гишгээ гээд алдаа дутагдал нэлээн олон гарсан. Тэр бүхнийг давж туулаад энд ирсэндээ маш их баяртай байна. Бид сүүн цагаан өнгийг бэлгэдсэн цагаан хувцсаар жигдрэх оролцож байна. Энэ тэмцээнд оролцсоноороо маш том хүмүүжил, эх орноо хайрлах сэтгэл, хамгийн гол нь хүн хүнээ дээдлэх чухал болохыг мэдэж авлаа. Үеийнхэндээ өөрөө өөрсдийгөө хянаж, дүрэм журам баримталж байх хэрэгтэй юм байна шүү гэж хэлэхийг хүсч байна" гэв.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяа Ерөнхий боловсролын 7, 10, 60 дугаар сургуулийн шилдэг сурагчдаас бүрдсэн “Хангарьд” тасаг бусад багуудын адил үеийнхээ охид, хөвгүүдээс урлаг, спорт, цэрэгжилт, ачаалал даах чадвараараа манлайлагчид ажээ. Тасгийн захирагчаар 12 дугаар ангийн сурагч Т.Хурцгэрэл ажиллаж байна. Тэрбээр “Манай тасагт бокс, морин хуур тоглодог, дуулж бүжиглэдэг, онц сурдаг олон шилдэг сурагч багтсан. Бүгдээрээ эв найрамдалтай, нэгнээ гэсэн сэтгэл дүүрэн. “Дөл” бол хүүхэд, залуучуудад сайн үлгэрлэл үзүүлэх өндөр ач холбогдолтой тэмцээн. Энэ тэмцээнд оролцсон хүн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах, цэргийн албаараа бахархах сэтгэлтэй болдог. Улсын аваргаас багаараа алт авахын төлөө хичээнэ” хэмээгээд, “Ирээдүйд сайн офицер болох мөрөөдөлтэй” гэв.

“Хангарьд”-ийн гишүүн Б.Мөнхжин “Монгол Улсын иргэн бүр эрүүл, боловсролтой, чадавхтай, оюун ухаан, бие бялдарын хөгжил өндөртэй байх нь улс орны язгуур эрх ашиг. Батлан хамгаалах яамнаас энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа нь эрүүл чийрэг ирээдүйн иргэнийг бэлтгэн гаргах гэсэн том агуулга гэж харж байна. Ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, сэтгэл зүйн тэвчээр суулгаж, багаар ажиллах ур чадварыг олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд “Дөл” маш чухал юм” гэв.

ДЭЛХИЙН АВАРГАД ХҮЧ СОРИХ БОКСЧИН ОХИНТОЙ "АЛТАН-ОД"-ЫНХОН

“Алтан од” тасгийн сурагчид Монгол III дунд сургуулийн 10, 11 дүгээр ангид сурдаг. Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг түшиглэн бэлтгэлээ базаасан тус тасаг “Дөл-2022” тэмцээний дунд сургуулиуд болон дүүрэг гэсэн эхний хоёр үе шатад анги, хамт олноороо манлайлсан учир дүүргээ төлөөлөн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ. Тус тасгийн гишүүн, 12а ангийн сурагч Б.Саруул боксын спортоор хичээллэдэг, саяхан болсон Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд тэргүүлж, дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Тэрбээр БНСУ-д болох тэмцээнд оролцоод, дараа нь буюу ирэх арваннэгдүгээр сард Испанид болох Дэлхийн аваргын тэмцээнийг зорих ажээ. Тасгийн захирагч Ж.Төгсжаргал жүдо бөхөөр хичээллэдэг, улс, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд цөөнгүй удаа оролцож, медалийн тавцанд зогсчээ.

"ЗЭЭ ХҮҮ МИНЬ АЛИВААД ИХ ИДЭВХТЭЙ, НЯМБАЙ БОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА"

"Дөл-2022" тэмцээнд оролцож буй хүүгээ дэмжихээр ирсэн эмээ, охиноо дагуулсан ээж бидний анхаарлыг татав. Тэд хүүхэд залуус утас "ухах" зэргээр цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэх, элдэв хорт зуршилд автахын оронд цэрэг-спортын тэмцээн уралдаануудад оролцож, энэ чиглэрээр суралцах нь өөрсдөд нь чухал болохыг онцлон өгүүлсэн юм.

Иргэн Д.Рэгзэдмаа хэлэхдээ "Миний зээ хүү энэ тэмцээнд оролцож байгаа юм. Төрсөн дүү минь цэргийн хурандаа хүн байдаг. Хүүгээ цэргийн хүн болгоно гэж бодож байсан хүсэл минь биелж байна. Миний хүү их идэвхтэй байгаа юм. Хүү минь цэрэг спортоор хичээллээд бие нь чангараад, юманд их идэвхтэй, няхуур нямбай, биеэ даасан болсон. Миний хүү зургадугаар ангидаа "Тэмүүжин өрлөг"-т өрсөлдөөд тэнцээгүй юм. Одоо Монгол III сургуульд сурдаг, энэ чиглэлээр идэвхтэй хичээллэж байгаа хүүдээ баярлаж байна. Энэ тэмцээнд хүүхдүүдийг харайлт, гүйлт, сунайлт гээд цэрэг-спортын шалгуураар шалгаж авсан гэж ярьж байсан. Эцэг эхчүүдэд хүүхдүүдээ ийм гоё тэмцээнүүдэд оруулж баймаар юм байна шүү гэж хэлмээр байна" гэж ярив.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Дөл-2022” цэрэг-спортын улсын аварга шалгаруулах цогцолбор тэмцээний нээлтийн ёслолын төгсгөлд ҮБХИС-ийн харьяа “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн сурагчид жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийнхан гардан тулааны үзүүлэх тоглолт тус тус толилуулж, тэмцээнд оролцогч баг тамирчид цэргийн ёслолын жагсаалаар алхав.

“Дөл” цэрэг-спортын цогцолбор тэмцээн “Гарааны өмнөх ажиллагаа” болон “Марш, гүйлтийн тэмцээн” гэсэн хоёр төрлөөр өрсөлдөнө. “Гарааны өмнөх ажиллагаа” наймдугаар сарын 25, 26-ны өдөр, “Марш, гүйлтийн тэмцээн” наймдугаар сарын 27-ны өдөр тус тус явагдаж, дүнгээ гаргах юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж