“Цус өтгөрснөөр залуучууд гэнэт харвах тохиолдол ихэсч байна”

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

“Цус өтгөрснөөр залуучууд гэнэт харвах тохиолдол ихэсч байна”

“Цус өтгөрснөөр залуучууд гэнэт харвах тохиолдол ихэсч байна”

Covid-19-ийн улмаас цус өтгөрч, ядрах сульдах, мартах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа тухай цахим орчинд яригдах болсон. Тиймээс цус өтгөрөх нь ямар аюултай бөгөөд хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар Маранатаэмнэлгийн хүний их эмч Б.НоминЭрдэнэтэй ярилцлаа.


Юуны өмнө цус өтгөрөлт гэж юу болох талаар бидэнд хэлж өгөхгүй юу?

-Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх тос, холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг. Харин хүмүүс цус өтгөрөлт болон цусны бүлэнг нэг гэж ойлгоод байдаг. Энэ нь тусдаа ойлголт. Цусны бүлэгнэлт гэдэг нь ялтас эсүүд ихэсч, судасны хана хатуурснаас цусны урсгал саатаж, эд эрхтэнд жижиг бүлэнгүүд үүсэхийг хэлнэ. Бүлэгнэлтэд оролцдог ялтас эсүүд ихсэх, багасах, судасны хана хатуурч уян чанар алдах зэргээс үүдэн бүлэн үүсдэг.

-Цус өтгөрдөг шалтгаан нь юу вэ?

Цус өтгөрөхөд маш олон янзын шалтгаан байдаг. Ихэвчлэн амьдралын буруу хэв маяг, зуршлаас болдог. Жишээлбэл, нойр хоолны дэглэм алдагдах, өөх тостой хоол хүнс ихээр хэрэглэх, шингэн дутагдах, архи тамхины хэрэглээ ихсэх зэргээс шалтгаалдаг. Мөн хүний тав тух алдагдах, даарах, удаан зогсох, хэвтэх зэрэг хөдөлгөөнгүй байдал давамгайлснаас болдог. Эмийн буруу хэрэглээ, хорт хавдар, харшил, төмөр ихсэх, бодисын солилцоо алдах зэргээс болж хүний цус өтгөрөх боломжтой.  Цус өтгөрөлтийн үйл явцыг тайлбарлавал өөх тос, уургаар баялаг хоол идэхэд хоол боловсруулах эрхтнүүдийн тусламжтайгаар тэрхүү өөх тос цусанд шимэгддэг. Цусанд шимэгдсэн уураг, өөх тос зэрэг молекулт нэгдэл ихэссэнээр цус зуурамтгай болж өтгөрдөг.

Цус өтгөрөх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно. Цус өтгөрснөөр уушгины эмболизм үүсдэг. Цусны бүлэгнэл нь гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасч, зүрхний шигдээс, тархины цус харвалт, уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг. Мөн эд, эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Ингэснээр ойлгоц удаашрах, аливааг амархан мартах, ой санамж муудах, эрч хүчгүй болох, амархан ядрах, толгой өвдөх зэрэг шинж тэмгүүд илэрдэг. Харин залуучуудын дунд ажиглагдах болсон нэг зүйл нь хэт их ажлын ачаалалтай байснаас цус нь өтгөрч, судасны хананы уян хатан чанар алдагдчихсан байдаг. Үүнээс үүдэн идэр, залуу насны хүмүүсийн дунд гэнэт цус харвах тохиолдол нэмэгдэж байна.

Ихэвчлэн ямар хүмүүст цус өтгөрөх шинж тэмдэг илэрдэг вэ?

Цус өтгөрөхөд нас хамаагүй байдаг. Дээр дурдсан цус өтгөрөх суурь шалтгаануудыг бий болговол цус өтгөрнө. Бие махбодын хувьд эрүүл хүмүүсийн цус өтгөрөх нь бага. Харин архаг суурь өвчтэй, артерийн даралт ихэсдэг, архаг өрөвсөлтэй, судасны гаралтай эмгэгтэй хүмүүсийн цус өтгөрөх өндөр эрсдэлтэй. Залуучуудын хувьд спиртийн хэрэглээ ихэссэнээр цус өтгөрөх асуудал их гарч байгаа.

Covid-19-ийн нөлөөгөөр цус өтгөрөх тохиолдол их гарч байна гэж ярих болсон. Энэ үнэн үү?

-Covid-19-ийн халдвар нь цусны бүлэн буюу тромбо үүсгэдэг. Уг халдварын титэм уураг нь уушгины цулцан болон судас, зүрхний эндотель эсийн ангиотензин хувиргагч энзим хэмээх өвөрмөц уурагтай холбогдож тухайн эсийг гэмтээснээр цусны бүлэн үүсдэг. Covid-19 туссаны дараа ихэнх хүмүүс ядраад байна гэж ярих болсон. Энэ нь тухайн эрхтнүүдэд очиж байгаа цусан хангамж алдагдсаны улмаас гүйцэт тэжээлээ авч чадахгүй байгаагаас шалтгаалсан.

Хүмүүс цусаа шингэлэхийн тулд дур мэдэн дусал, тариа болон аспирин хэрэглэдэг. Энэ нь хэр зөв бэ?

Манай монголчууд дур мэдэн янз бүрийн эм тариа хэрэглэдэг. Хүмүүсийн ам дамжсан ярианд итгэж сайн гэсэн болгоныг хэрэглэх янзтай байдаг. Ер нь ямар ч эм тариаг эмчийн заавар, зөвлөгөөгөөр л хэрэглэх ёстой. Дур мэдэн элдэв янзын эм тариа хэрэглэх нь олон сөрөг нөлөөтэй. Витаминыг хүртэл хэтрүүлбэл хор хөнөөлтэй байдаг шүү дээ. Аспирины хувьд тромбоцит гэдэг цус бүлэгнэлтэд оролцдог эсүүдийн наалдцаас сэргийлдэг. Энэ нь зөвхөн бүлэгнэлийн тогтолцоонд нөлөөлөхөөс гадна үрэвслийн эсрэг үйлдэлтэй байдаг. Харин дусал, тариаг судсаар эргэлдэж буй цусны хэмжээ багассан тохиолдолд өндөр заалтаар эмчийн хяналттай хэрэглэх ёстой. Хүн биедээ дутагдаж байгаа витаминыг эм тариагаар бус хоол хүнсээрээ 100 хувь нөхөж болно. Тиймээс аль болох шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. Гэрийн нөхцөлд аливаа эм тариаг дур мэдэн хэрэглэх нь эргээд тухайн хүнд сөрөг нөлөө үүсэх боломжтой.

Цус өтгөрөхөөс хэрхэн сэргийлж, яаж шингэлбэл зөв бэ?

Шууд эм тариа хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд цусаа шингэлэх боломж бий. Жишээлбэл, гэр бүлээрээ тогтмол буцалсан ус ууж дадах. Цэвэр ус бол тромб үүсэхээс сэргийлдэг бөгөөд гарын доор хамгийн ойр бөгөөд хамгийн хүчтэй хэрэгсэл. Мөн цус шингэрүүлэх хүнс гэж бий. Оливын ба маалингын тос, самар, сонгино, сармис, нимбэг, наранцэцэгийн самар, хүрэн манжин, какао, гашуун шоколад, загас ба загасны тос, томат, томатны шүүс, овьёосны агшаамал, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, интоор, цангис, чий жимс, цагаан гаа. Дээр дурдсан хүнсний жагсаалтаас ядаж 2-3 нь өдөр бүр таны хоолны ширээн дээр байх ёстой. Түүнчлэн сармис тогтмол хэрэглэвэл тромб үүсэх магадлал тал хувиар багасна. Мөн чанартай нойр авч, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, цэвэр агаарт гарч, архи тамхины хэрэглээг багасгах хэрэгтэй. Ингэж чадвал нэгт цус өтгөрөхөөс сэргийлнэ. Хоёрдугаарт өтгөрсөн цусыг шингэлж болно.

Д. Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж