Эрт илрүүлэгт алга ташъя

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Эрт илрүүлэгт алга ташъя

Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 5 дугаар сарын 01 өдрөөс Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг эхлүүлсэн. Энэхүү ажлыг эхлүүлэхдээ иргэн бүрт хүрч үйлчлэх болно. Бүтэн жил үргэлжлэх тул иргэд цаг зав гаргаж энэ үзлэгтээ хамрагдаарай гэсэн анхааруулгыг Эрүүл мэндийн яамнаас өгч байлаа.

Эхний үр дүнгээ тоон судалгаа хэлбэрээр харж үзлээ. Энэ ажлынхаа үр дүнг Засгийн газарт танилцууллаа хэмээн энэ лхагва гарагт Эрүүл мэндийн сайд С.Энхболд илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 272,434 иргэн хамрагджээ. Үүнээс 121,743 нь эрэгтэйчүүд, 150,691 нь эмэгтэйчүүд гэнэ.

Хэн нь хаагуураа үзүүлчихэв. Би лав үзүүлэх гээд чадаагүй хэмээн ганц нэг хүмүүс нийгмийн сүлжээнд шүүмжилсэн харагдана. Мөн ганц нэг хүн урьдчилан сэргийлэх үзлэг гэж хэдэн асуумж бөглүүлчихээд өнгөрч байна. Худлаа юм бишүү гэх мэтээр шүүмжлэж харагдана. Энэ талаар холбогдох хүнээс лавлаж асуухад асуумж нь урьдчилан сэргийлэх үзлэгийн нэг хэлбэр. Асуумжаар иргэнд ямар нэг эрсдэл байх юм бол дараа дараагийн шатны үзлэг, шинжилгээнд хамрагдах болно. Та эмчид очиж үзүүлэхдээ шууд л ямар нэг үзлэгийн төхөөрөмжийн дор орж хэвтдэггүй биз дээ. Эхлээд эмч таны юу өвдсөн, хаана өвдсөн, хэрхэн өвдсөн гэж асуудаг. Яг үүнтэй ижилхэн танд ямар эрсдэл байна вэ? гэдгийг л тодорхойлж буй хэлбэр хэмээн тайлбарлав.

Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээгээр Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай хоёр дүүрэг болох Баянзүрх, Согинохайрхан зохион байгуулалт сайтай, хүн амынхаа тодорхой хувийг хамруулж чаджээ. Ингэхдээ зөвхөн дүүргийн эмнэлэг гэхгүй өөр хувийн лавлагаа шатлалын эмнэлгийг ашиглаж байна. Харин Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгууд үзлэгийн хувиараа орон нутгийг тэргүүлж байна.

Дээр хэлсэнчлэн 272,434 иргэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас 136,241 иргэнд өвчин бүртгэгдсэн байна. Нэг үгээр хэлбэл иргэдийн 50 хувь нь ямар нэг хэлбэрээр өвчтэй гэсэн дүн гарсан гэж болно.

Өвчтэй гэж гарсан хүмүүсийн 66,4 хувь нь хоол боловсруулах эмгэгтэй. Үүнд ходоод, улааан хоолой, бүдүүн, шулуун гэдэс зэрэг нь өвдсөн, эмгэгтэй байгаа нь үзлэг, шинжилгээгээр батлагдсан байна. Үүнээс харах бол Монголчуудын хувьд хоололтын буруу дэглэм, тогтолцоотой шууд холбоотой. Дийлэнх нь өглөө өлөн гардаг. Нэг дор хэт их хоол иддэг зэрэг нь хоолны замын эмгэг өвчтэй болох үндэс болдог талаар мэргэжлийн эмч анхааруулж байна.

Мөн 136,241 иргэн өвчтэй гэж бүртгэгдсэн дотор шээс, бэлгийн замын өвчлөл өндөр хувьтай бүртгэгджээ. Үүнээс гадна амьсгалын замын өвчлөл иргэдийн дунд эрсдэл ихтэй байгааг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн тоо харуулсан байна.

270 орчим мянган иргэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад 844 хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр иргэд эрт илрүүлэг, үзлэг оношлогоонд хамрагдаагүй байсан бол хавдраа мэдэхгүй эрсдэлд орсон хэвээрээ явсаар амь насаа алдах эрсдэл ойрхон байжээ. Дээрх иргэдийн 240 нь нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын эмнэлэгт нарийвчилсан шинжилгээ өгч хавдар нь ямар шатанд буй, хортой эсэх зэргийг тогтоолгож байна.

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг төр, хувийн хэвшлийн 118 эмнэлэгт хийж буй. Хөдөө орон нутагт энэ ажлыг зохион байгуулахын тулд 19 аймагт Эрүүл мэндийг дэмжих төвийн ашиглалтад оруулжээ. Энэхүү ажлыг хийхийн тулд эмнэлгийн нэг хэсгийг засварлаж, шинэ тоног төхөөрөмж суурилуулж, иргэдийг чирэгдэлгүй үзэх нөхцлийг бүрдүүлж, гадны эмнэлгийн жишгээр шийдсэн байна. Уг ажлыг хийхэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцгойлон анхаарч аймагт бүрт очиж ажиллан Эрүүл мэндийн дэмжих төвийн үйл ажиллагаанд хяналт тавьсан гэнэ. Үүний үр дүнд аймгууд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг иргэдэд хүндрэл учруулахгүй зохион байгуулах бааз суурь бий болсон гэж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хэлж буйгааар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг 5 жилийн дараа Монгол улс илүү их мэдрэх болно. Үүнийг жил бүр зохион байгуулах шаардлагатай. Одоо 50 хувь нь өвчтэй гарч буй бол 5 жилийн дараа энэ тоо хэд дахин буурна. Нөгөө талдаа эрүүл мэндийн салбар иргэнээ өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэлбэрт суралцаж, хэвшил болно хэмээн тайлбарлав.

Энэ бүхнээс харахад Эрүүл мэндийн салбарын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо бол маш зөв ажил болжээ. Үүнд бүх нийтээрээ алга таших нь зөв юм аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж