“Монголд анхны том хэмжээний ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэнэ”

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

“Монголд анхны том хэмжээний ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэнэ”

“Монголд анхны том хэмжээний ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэнэ”

Дэлхийн улс орнуудад усан хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэх асуудал нэн чухалд тооцогддог. Энэ хүрээний хөтөлбөр Монгол Улсад ч мөн дутагдаж байсан бөгөөд  байгаль, экологийн тэнцвэрт байдал, усны зохистой ашиглалтын талаар мэдлэг ойлголт, практик туршлага бага байв. Тэгвэл 2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Усны Компакт гэрээ”-ний тусламжтайгаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн бүтээн байгуулалт Улаанбаатарт хэрэгжиж буй юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоногт 50 мянган шоо метр, жилд 18.3 сая шоо метр гүний цэвэр усыг хэмнэх боломжтой үйлдвэрийн шав тавих ёслол өчигдөр /2022.08.25/ боллоо.

Нийслэлийн ус хангамжийг урт хугацаанд тогтвортой нэмэх зорилготой уг төслөөр баригдах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно.

Ингэснээр дахин боловсруулсан усаар дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах боломж бүрдэх аж.

КОМПАКТ ГЭРЭЭ НЬ ЗӨВХӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААР ХЭМЖИГДЭХГҮЙ

Хаягдал усыг дахин боловсруулах талаар олон улстай харьцуулахад Монгол Улс бага туршлагатай. Тиймээс усны салбарт хэрэгжүүлэх Компакт гэрээ нь олон давуу талтай бүтээн байгуулалтыг бий болгох аж. Тухайлбал, Мянганы сорилтын корпораци /МСК/ нийслэлийн газрын доорх усны нөөц, эрэлтийн судалгааг хийсэн байна. Үүний дараагаар Улаанбаатар хотын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний усны эрэлтийг хангах зорилготой төсөл хөтөлбөрийг боловсруулжээ.

Хөрөнгө оруулалтын тухайд Монгол Улсын Засгийн газрын 111 сая, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын санхүүжилт бүхий компакт гэрээ юм.

Хаягдал ус дахин боловсруулах төсөл нь MNS 4943:2015 стандартыг хангасан усыг Төв цэвэрлэх байгууламжаас авч, цэвэршүүлж Дулааны III, IV цахилгаан станцад өгөх үйлдвэр барина. Ингэхдээ ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав болон насосны өргөх станц зэргийг барьж байгуулах төлөвлөгөөтэй. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл нь нийт иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн, усны үйлчилгээний бодит өртгийг шингээсэн үнэ тарифыг боловсруулах юм. Мөн гэр хорооллын шугамд холбогдсон ус түгээх байруудыг автоматжуулах, үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг хянах лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлыг хийх аж. Тэгэхлээр Компакт гэрээний хүрээнд зөвхөн үйлдвэрийн барилга баригдахгүй бөгөөд олон нийтэд усны үнэ цэн, мэдлэг ойлголтыг ч тодорхой хэмжээнд түгээх онцлогтой байна.

УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭХ ҮЙЛ ЯВДЛЫН ГЭРЧ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-2018 онд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци  хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хийж байгаа энэ бүтээн байгуулалт Улаанбаатар хотын ус хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Бид өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх үйл явдлын гэрч болж байна. 2025 онд Монгол Улсад анхны том хэмжээний ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэн босох болно.

Нэг жилийн өмнө Улаанбаатар хот, цаашид дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлж байсан.

Төслийн санхүүжилт, барилга угсралт зэргийг төлөвлөгөөний дагуу хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд, мэргэжлийн холбоодын идэвхтэй оролцоо чухал.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд хэлэхдээ “Дэлхийн хамгийн их усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй Улаанбаатар хотод энэ үйлдвэрийг барьснаар хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг аюулгүй, тогтвортой усаар хангаж, хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” гэв. Харин АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк “462 сая ам.долларын хамтарсан энэ хөрөнгө оруулалт хоёр орны ард түмний түншлэлийн бэлгэ тэмдэг” гэдгийг онцолсон юм.

НИЙСЛЭЛИЙНХНИЙ УНДНЫ УСНЫ НӨӨЦИЙГ ХАДГАЛАХАД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ҮЙЛДВЭРИЙН ШАВЫГ ТАВИЛАА

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү:

-Улаанбаатарчуудын хоногийн усны хэрэглээ 145-155 мянган метр куб. Харин бохир усны хэмжээ 190 мянга орчим метр куб. Ус дахин боловсруулах үйлдвэр баригдсанаар Улаанбаатар хотын ахуйн хэрэглээнд саарал ус нийлүүлж, тэр хэрээр гүний цэнгэг усыг гамнаж хэмнэх боломж бүрдэнэ.

Хамгийн чухал нь нийслэлийнхний ундны усны нөөцийг хадгалан хамгаалахад асар том үүрэгтэй үйлдвэрийн шавыг өнөөдөр тавилаа.

Саарал ус хэрэглэх нь ирээдүйдээ хийж буй буян гэж ч хэлж болно. Аж ахуйн нэгж байгууллагуудаас хамгийн түрүүнд “М-Си-Эс” ХХК-ийн ундааны үйлдвэр саарал ус гаргаж эхэлсэн. Уг усыг ТҮК-ийн ажиллагсад мод, зүлэг ногооны арчилгаа, ТЭЦ-IV компани хөргөлтийн системдээ тодорхой хэмжээнд ашиглаж байна.

Ус дахин боловсруулах үйлдвэр барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний “М-Си-Эс Проперти” ХХК шалгарсан бөгөөд технологийн зураг төслийг Франц улсын дэлхийн хэмжээний шилдэг компаниуд гүйцэтгэх аж.

Төсөл хэрэгжих ач холбогдлын хувьд дулааны цахилгаан станцуудын зориулалтаар ашиглаж буй усыг дахин боловсруулсан усаар орлуулснаар газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлж, чөлөөлөгдсөн эх үүсвэрийг Улаанбаатар хотын ус хангамжид ашиглах боломж бүрдэнэ. Мөн тус хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хүчин чадал цаашид хоногт 100 мянган шоо метр хүртэл усыг хэмнэх зориулалттай өргөтгөх боломжтой аж.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэ-Билгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж