Жүжигчин Ч.Ундрал Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдсон. Уг зөвлөлийн долоон гишүүнийг томилж, өчигдөр /2022.08.25/ анхдугаар хурлаа хийжээ.
Тодруулбал, Кино урлагийн зөвлөлд киноны салбараас сонгон шалгаруулалтад 20 гаруй хүн оролцсоноос кино оператор Б.Пүрэвдорж, кино судлаач Б.Түмэн-Өлзий, найруулагч, кино зохиолч, багш Н.Ганхуяг, кино найруулагч, кино зохиолч Н.Уранчимэг, кино продюсер С.Чимэддагва, кино продюсер Т.Номунзул, кино эдийн засагч, багш Г.Энхбаяр нар шалгарсан байна.
Кино урлагийн салбарынхан 10 жил ярьсны эцэст 2021 онд хуультай болсон. Товчхондоо, УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Хууль батлагдсаны дараа 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан.
Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна. Дарга болон гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэсэн заалтаараа Соёлын сайдын тушаалаар томилогдох юм.
Үлдсэн долоо нь киноны чиглэлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчдээс бүрдэнэ гэж заасан байдаг.
Кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан. Одоо салбарын сайд нь зөвлөлийн гишүүдээ батламжлах л үлдээд байгаа аж.
Кино урлагийг дэмжих тухай хууль нь 2011 оноос хойш 10 жилийн хугацаанд гурван Засгийн газар, гурван ажлын хэсгийн нүүр үзсэн гэдгийг дурдах нь зүйтэй.
Уг ажлын хэсэгт киноны салбараас Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, “Боролдой” студийн захирал С.Мягмар, "ST" студийн захирал Б.Амарсанаа, "Монголын кино бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Сэнгэдорж, “Аримун” продакшны продюсер, жүжигчин Д.Ганцэцэг, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр, “Хүмүүн фильм” студийн найруулагч Д.Мөнхсүх, кино эдийн засагч, эрх зүйч багш Г.Энхбаяр, "IFI" продакшны продюсер С.Уран, кино зохиолч, найруулагч А. Миеэгомбо гэсэн 10 хүн ажилласан байдаг.
Холбоотой мэдээ