Мартагдсан дүрвэгсэд

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Мартагдсан дүрвэгсэд

Мартагдсан дүрвэгсэд

Дөрвөн настай Ясмин охин хаана харъяалагдахаа мэдэхгүй, тодорхойгүй амьдралаар төрснөөсөө хойш амьдарч байна. Бангладеш дахь дүрвэгсдийн хуаранд төрсөн тэрбээр Мьянмарт буй өвөг дээдсийнхээ тосгонд буцаж очих боломжгүй болжээ. Одоогийн байдлаар охин Энэтхэгийн нийслэл Дели хотод ядруухан амьдарч байна.

Мьянмарын үндэстний цөөнх болох олон мянган рохинжа хүний нэгэн адил Ясмин охины эцэг эх 2017 онд эх орноосоо дүрвэсэн юм. Тэд цэргийнхний эхлүүлсэн геноцидын кампанит ажлаас зугтахын тул ийм шийдвэр гаргасан. Дүрвэгсдийн олонх нь Бангладеш, Энэтхэг зэрэг хөрш орон руу дүрвэжээ.

Рохинжа үндэстэн нь НҮБ-ын мэдээлснээр дэлхий дээрх хамгийн том харъяалалгүй хүн ам юм. Геноцидын кампанит ажил эхлээд даруй таван жил өнгөрсөн ч тэдний хувь заяа тодорхойгүй хэвээр байна. Тухайн үед 700 мянган рохинжа хүн эх орноосоо дүрвэжээ. Ясминий аав Рехман нь Мьянмарт бизнес эрхлэгч байсан. Улс оронд нь үймээн дэгдэх үед Рехман эхнэр Махмудагийн хамт Бангладешийн зүүн өмнөд хэсэгт орших КоксБазарын дүрвэгсдийн хуаранд иржээ. Мьянмартай хиллэдэг энэ хуаранд хүрэх гэж тэд маш олон хоног зарцуулсан байна. Хоол хүнс хомсдолтой, буяны байгууллагуудад л түшиглэж амьдардаг байсан хосууд жилийн дараа Ясмин охиноо төрүүлсэн аж.

Бангладешийн засгийн газар лалын шашинт рохинжа үндэстнүүдийг Мьянмар луугаа буцахыг шаарддаг. Тиймээс олон мянган дүрвэгчийг алслагдсан Бхасан Чар арал руу шилжүүлжээ. Энэ газрыг “арлын шорон” гэж тодорхойлох нь бий.

Нөхцөл байдал амаргүй байсан тул Рехман Бангладешийг орхих нь дээр гэж шийджээ. Ингэвэл хүүхдийнх нь ирээдүйд хэрэгтэй гэж бодсон тул 2020 онд гэр бүлээрээ Энэтхэг рүү нүүсэн байна. Тооцоолол нь тодорхой бус байгаа ч Энэтхэгт өдгөө 10-40 мянган рохинжа дүрвэгч байгаа гэж үздэг. Энэтхэгийг зорих дүрвэгсдийн тоо 2012 оноос хойш өссөөр байна. Энэтхэг дэх рохинжачууд олон жил амьдрахдаа багагүй маргаан дагуулсан. Гэхдээ дүрвэгсдийг орон сууц, тохижилт, цагдаагийн хамгаалалтаар хангана гэсэн албаны хүний мэдэгдэл энэ сард гарчээ. Тиймээс Энэтхэг дэх дүрвэгсдийн нөхцөл байдал дээрдэж магадгүй байна. Гэтэл Энэтхэгийн эрх баригч Бхаратия Жаната намаас эсрэг утгатай мэдэгдэл гаргасан. Тэд рохинжачуудад эдгээр хангамжийг санал болгосноо үгүйсгэж, харин ч албадан гаргах ёстой хууль бус гадаад иргэд гэж хэлжээ.

Орон сууц, хот байгуулалтын сайд Хардип Сингх л гэхэд өнгөрсөн долоо хоногт дүрвэгсдийг албадан гаргах хүртэл цагдан хорих төвд байлгана гэж мэдэгдсэн.

"Human Rights Watch" хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Энэтхэг дэх 40 мянга орчим рохинжа дүрвэгчийн дор хаяж 20 мянга нь НҮБ-ын Хүний эрхийн комисст бүртгэлтэй байдаг аж. Дүрвэгсдэд орогнол олгохын оронд албадан гаргахыг оролдсон гэж хүний эрхийн байгууллагууд Энэтхэгийг шүүмжилдэг. “Рохинжачууд ямар ч гэмт хэрэг үйлдээгүй тул хорих лагерьт хорих боломжгүй. Тэд хавчлагаас зугтахаас өөр аргагүй байсан тул энд ирсэн” гэж хуульч Колин Гонсалвес хэллээ. Энэтхэгт дүрвэгсэдтэй харьцах ямар нэгэн бодлого, хууль гэж байхгүй. Дүрвэгсдэд хангамж олгох тухай жиргэсэн албан тушаалтан НҮБ-ын дүрвэгсдийн тухай 1951 оны конвенцийг хүндэтгэн дагаж мөрддөг гэж бичсэн. Гэсэн хэдий ч бодит байдал дээрээ энэ конвенцийг биелүүлж чадахгүй байна. Дүрвэгсдийн конвенцийн дагуу бол арьс өнгө, шашин шүтлэгээс үл хамааран бүх хүнд орогнол олгох учиртай аж.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын мэдээлснээр, Энэтхэг дэх дүрвэгсдийн 46 хувь нь эмэгтэйчүүд, 36 хувь нь хүүхдүүд аж.

Ийнхүү тодорхойгүй байдал дунд Рехманы гэр бүлийн адил олон олон гэр бүл цөхөрч буй аж. “Энэтхэгийн засгийн газар биднийг хүсэхгүй байна. Тэд биднийг Мьянмар луу буцаах бус хөнөөхийг хүсч байна. Хүүхдийн минь ирээдүй бүрхэг байна” гэж Рехман хэлэв.

Өдгөө Бангладеш дахь дүрвэгсдийн хуаранд нэг сая хүн байна. Тэдний тал хувь нь хүүхдүүд.

Дахин нэг жишээ татвал Котиза Бегум гэх эмэгтэй 2017 оны наймдугаар сард гурван хүүхдийн хамт Мьянмараас дүрвэжээ. Тухайн үед цэргийнхэн гэрт нь дайран орж ирээд, гал нээсэн бөгөөд замдаа таарсан хэнийг ч хайрлаагүй аж. Тэд гурван өдрийн турш хоол ундгүй алхаж байж КоксБазарт ирсэн байна. Өдгөө бороо цаснаас халхлах боломжгүй оромжид төрийн бус байгууллага, буяны байгууллагуудын өглөгөөр хооллож амьдардаг.

КоксБазар хуаранд амьдардаг хүүхдүүдэд Мьянмарын сургалтын хөтөлбөрөөр хичээл заадаг. Энэ нь тэднийг хэзээ нэгэн цагт эх орондоо эргээд очиход хэрэг болно гэсэн зорилготой юм. Нөгөөтэйгүүр энэ нь рохинжа дүрвэгсдийг Бангладештэй нэгдүүлэхгүй байх арга гэж зарим хүн үзэж байна.

Олон улсын санхүүжилтийг танах нь хүмүүнлэгийн тусламжаас бүрэн хамааралтай байдаг эмзэг бүлгийн хүн амд тун хүндээр тусна гэдгийг НҮБ-аас саяхан гаргасан судалгаанд дурджээ.

Рохинжа үндэстнүүдийг хүлээж авах сонирхолтой газар хаана ч алга гэхэд болно. Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелеттэд хандан мэдэгдэл хийсэн. Тэр эх орондоо байгаа дүрвэгсдийг Мьянмар луу нь буцаах ёстой гэж мэдэгджээ. Гэвч Мьянмарт мөргөлдөөнтэй, үймээн самуунтай байгаа тул дүрвэгсдийг буцаах нь аюултай гэж НҮБ үзэж байна. Рохинжачуудын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаад буй Мьянмарын хунта энэ оны хоёрдугаар сард цэргийн эргэлт хийж, тус улсыг хяналтдаа аваад буй. Цэргийн эргэлтийн улмаас мөн л олон зуун рохинжачууд Малайз, Филиппин зэрэг улс руу дүрвэсэн. Мьянмарын армийн эсрэг үүсгэсэн хэргийг Олон улсын шүүхээр хэлэлцэхийг рохинжачууд хүлээж буй. Тэд шударга ёсыг тогтооно гэж найдахын сацуу эх орондоо буцахыг мөрөөдөж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж