МоАХ-ны дарга Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 25-нд болж шүүхээс түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жил гарах эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан. Тодруулбал, Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн. Энэ шийдвэртэй холбоотойгоор Д.Монголхүү давж заалдаж буй.
Тус давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2022.08.25/ болно.
Иргэн Д.Монголхүү:
-Удахгүй нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр намайг таван цагдаа зодсон гэдгийг нотолж БЗД-ээс нэг жил гаргахгүй гэдэг ял өгсөн хэргийн давахын хурал болно. Буцах замгүй болсон. Эрх баригчид "манай буруу байжээ, уучлаарай” гэлтэй биш яаж ийгээд Монголоод буруугаа чих гэж тушаасан байх. Тэгээгүй бол шүүгч хүнээс хэзээ ч тийм үндэслэл гарах боломжгүй. Байхгүй хуулиар хүн ялладаг шүүгч гэж хаана ч байх ёсгүй.
Одоогоос нэг жилийн өмнө цагдаагийн байгууллагынхан хүч хэрэглэж баривчилгаа явуулсныг хүн бүхэн харсан. Гэтэл өнөөдөр тэдгээр хүмүүс буруутан биш хохирогч болчхоод байгаа.
Анхан шатны шүүхээс хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр ял оноосон. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тухайд үед хийсэн лайв бичлэг ч бий. Цагдаа нар хуулийн үндэслэл, шаардлага огт тавиагүй байж даргын тушаалаар намайг саатуулахаар хүч хэрэглэсэн. Би тухайн үед ямар шаардлага тавьж байгаа талаар үндэслэл л асуусан. Гэтэл ямар ч шаардлага танилцуулаагүй. Мэдээж би Үндсэн хуулиар хамгаалсан эрхийнхээ дагуу үзэл бодлоо илэрхийлж байхад цагдаагийн байгууллага хүч хэрэглэсэн. Тиймээс эсэргүүцэж болно. Тийм байтал намайг цагдаагийн алба хаагчдад хүч хэрэглэсэн нэрийдлээр яллана гэдэг утгагүй.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр яаж ч гарсан эцсийн шийдвэр. Энэ нь эцсийн үнэн гэсэн үг биш. Ямартай ч иргэн хүн заавал биелүүлэх ёстой.
Хэрэв зохиомол хэрэг дээр иргэнийг яллаж байвал Дээд шүүхэд гомдол гаргана.
Холбоотой мэдээ