Монгол Улсын Их Сургууль, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, ӨМӨЗО-ны Багшийн Их Сургууль, БНХАУ-ын Зүүн Хойдын Их Сургуулиас хамтран “Монголын тэгш өндөрлөгийн ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн судалгаа” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2022.08.25/ зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний хуралд 50 орчин судлаачид, мэргэжилтнүүд оролцож, 10 төсөл, судалгааг танилцууллаа. Мөн ӨМӨЗО-ны багш, судлаачид өөрсдийн судалгаагаа танилцуулж байгаагаараа онцлог.
МУИС-ын Газарзүйн тэнхимийн багш Г.Бямбахүү өөрийн хийсэн судалгааныхаа талаар танилцууллаа. Тэрбээр “Шилийн богд ууланд зайнаас тандан судлалын аргаар буюу хиймэл дагуулын өгөгдөл зураглалаар мониторинг хийж цаг хугацааны хувьд хэрхэн өөрчлөгдөж байгаа процессыг гаргаж ирэхийг зорьсон. Үүн дээр хоёр үндсэн асуудал хөндөгдөнө. Нэгдүгээрт, түймрийн шаталтын зэрэглэлийг тогтоох. Америкийн геологийн судалгааны хүрээлэнгээс долоон шатлал, зэрэглэлийг тогтоосон байдаг. Энэ долоон шатлалыг өөрийн орны түймрийн үзэгдэл дээр хамгийн их өртсөн болон хамгийн бага өртсөн талбаруудыг өнгөөр ялгаж, тодорхойлж гаргаж ирэхийг зорьсон.
Өнгөрсөн хавар Хэнтий аймгийн Баянхутаг суманд 7000 км квадрат талбай шатсан байсныг онцгой байдлын ерөнхий газар илрүүлсэн. Тэрхүү түймрийн шалтгаан нь нэг айлын үнснээс болж гарсан. Онцгой байдлын ерөнхий газраас тухайн түймрийг гаргасан айлд торгууль оногдуулна. Торгуулийн хэмжээ, хохирол нь хэдэн зуун саяар тоологдоно. Энэ их мөнгийг барагдуулна гэдэг тухайн айлын хувьд маш хүндрэлтэй. Төлбөрөө төлж чадаагүйн улмаас хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүснэ. Салхины хурднаас хамаараад талбайн өртсөн хэмжээ өөр өөр гарна. Тиймээс үүнийг тогтоосноор хохирлын хэмжээ буурна. Шатсан талбайн зэрэглэлийг тогтоосноор хохирлын үнэлгээнд дээр онцгой ач холбогдолтой.
Хоёрдугаарт, нөхөн сэргээх үйл явцыг гаргаж ирж байгаа. Түймэр нь хоёр үндсэн шалтгаанаас үүсдэг. Хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн өөрийнх нь үйл ажиллагаанаас болдог. Судалгаанаас харахад байгалийн үйл явцаас гарсан түймэр өөрөө өөрийгөө нөхөн сэргээж байгаа нь ажиглагдсан. Нэг ёсондоо байгаль өөрийгөө нөхөн сэргээх процессыг бий болгож байна. Эдгээр үйл явцыг мэргэжлийн байгууллагад санал болгох үүднээс энэхүү судалгаагаа танилцуулсан.
Хятадын засгийн газрын байгалийн судалгааны сангаас 2019 энэхүү төслийг санхүүжүүлсэн. Судалгааны төсөл маань үүгээр дуусч эцсийн үр дүнгээ танилцууллаа. Дараагийн судалгааны төсөл энэ оны нэг сард эхлээд 2023 оны сүүлээр дуусах төлөвлөгөөтэй байна.
Судалгаа хийхэд өндөр нарийвчлалын хиймэл дагуулын зураг олддоггүй. Хэрэв бид олон улсын байгууллагуудаас худалдаж авбал хэдэн сая ам долларын өртөгтэй. Харин Ази номхон далайн сансрын хамтыг ажиллагааны байгууллагаас санхүүжүүлж хамтран ажиллаж байгаад талархууштай байна. Мөн Хятадын өндөр нягтаршилтай хиймэл дагуулын зургаар хангаж байгаа. Тиймээс хаана ч, ямар ч байршилд анализ хийх боломжтой болсон” гэлээ.
Д.Намуунцэцэг
Холбоотой мэдээ