ФОТО: “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

ФОТО: “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний нээлт боллоо

ФОТО: “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Дөл-2022” цэрэг-спортын улсын аварга шалгаруулах цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өнөөдөр (2022.08.25) эхэллээ. Тус цогцолбор тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн шилдэг 400 орчим сурагч оролцож байна.

Цогцолбор тэмцээний нээлтийн ёслолд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нарын холбогдох албаныхан, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын удирдлага, тамирчин сурагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцов.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Улс орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирж, хурд хүч, авьяас чадвараа дайчлан оролцож байгаа сурагчид, багш-дасгалжуулагч Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. “Дөл” тэмцээн хүүхэд, залуучуудыг зөв ёс суртахуунтай, хувийн зохион байгуулалттай, зорилго тэмүүлэлтэй иргэн болон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанар, хувь хүний хүмүүжилд эерэгээр нөлөөлдгийг дурдахад таатай байна.

2015 онд батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг болон Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэхүү төр, засгаас баталсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн өндөр ач холбогдолтой юм.

Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, түүний Тамгын газар, Цэргийн штабууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Ерөнхий боловсролын сургуулиуд болон Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” гээд эр зориг, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөх 29 багийн 400 гаруй тамирчин сурагчдад өндөр амжилт хүсэв.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяа “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн сурагчид жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийнхан гардан тулааны үзүүлэх тоглолт тус тус толилуулж, тэмцээнд оролцогч баг тамирчид цэргийн ёслолын жагсаалаар алхлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж