Юу юугүй хүйтний улирал эхэллээ. Гэтэл нийслэлчүүд энэ өвөл тог цахилгаангүй болж, гал алдах эрсдэлтэй гэдгийг салбарын сайд нь мэдэгдэв. Тэрбээр "Төрөөс эрчим хүчний төлбөрийг даасантай холбоотой хэрэглээний ачаалал 20 хувиар өссөн. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд дээд цэгтээ тулчихсан" тухай яриандаа дурдсан юм. Өөрөөр хэлбэл эрчим хүчний бодит нөхцөл байдлыг тооцож үзэлгүйгээр иргэдээс оноо авахын тулд эрчим хүчний үнийг хөнгөлсөн нь буруу гэдгийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч байна. Улс орны амин чухал асуудлаас илүүтэй ард түмэнд таалагдах шийдвэр гаргах нь ямар үр дагаварт хүргэж байгаагийн тод жишээ энэ.
Салбар яамнаасаа эхлээд эрчим хүчний ямар ч тооцоололгүй, бэлтгэл хангаагүй байгаа нь сайдын тайлбараас харагдана. Эдийн засагчдын зүгээс эрчим хүчний хөнгөлөлттэй холбоотойгоор өнөөдрийн хүндрэл үүссэн бол салбар яамны буруу. Энэ бүх эрсдэлийг тооцоолох ёстой байсан. Хэрвээ энэ өвөл эрчим хүчний хүндрэл үүсэх нь тодорхой байсан юм бол урьдчилж бэлдэх ёстой байсан гэдгийг хэлж буй.
"ЯМАР НЭГЭН ГЭМТЭЛ СААТАЛ ГАРСАН ТОХИОЛДОЛД ХЯЗГААРЛАЛТААС ӨӨР АРГА ХЭМЖЭЭГҮЙ БОЛСОН"
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр "Өнөөдрийн нөхцөл байдлыг мэргэжлийн хэллэгээр хэлбэл чадлын дутагдалд орчихоод байна. Үйлдвэрлэж байгаагаасаа ихийг хэрэглэж байна гэсэн үг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд дээд цэгтээ тулчихаад байна. Энэ жилийн хувьд 6-7 хувийн өсөлтийг өвлийн их ачааллын хувьд хангахаар байгаа.
Гэхдээ үүнийг дотоодын болоод импортын эрчим хүчний бүх тоноглол бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж давна. Ямар нэгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хязгаарлалтаас өөр арга хэмжээгүй болсон.
Дулааны эрчим хүчний тухайд цахилгаанаасаа ч маш хүнд байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн өвөл дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 3166 Гкал/цаг хүрсэн. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд дулаан үйлдвэрлэдэг эх үүсвэрүүдийн хүчин чадал 2114 Гкал/цаг. Хүчин чадлаасаа 40 хувиар хэт ачааллаж ажилласан гэсэн үг. Дээр нь энэ жил 414 орчим Гкал/цагийн хүчин чадалтай хэрэглэгч нар холбогдох гэж байна. Эд нар есдүгээр сарын 15-наас холбогдвол нийт хүчин чадлаасаа 50 гаруй хувиар хэт ачааллаж ажиллахаар байгаа. Үүний гарц нь их тодорхой. Шинэ эх үүсвэр барьж хүндрэлтэй нөхцөл байдлаас гардаг. Гэвч шинэ эх үүсвэр ойрын ирээдүйд ашиглалтад орохгүй. Их бүтэмжтэй байвал батерей цэнэгт хураамжаас өөр эх үүсвэр байхгүй. Нэг гарц нь хэмнэлт. Хэмнэлт бол хэрэглэгчийн хийх зүйл" гэсэн юм.
"XXI ЗУУНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОМСДОЛТОЙ БАЙНА ГЭДЭГ БОДЛОГЫН АСАР ТОМ АЛДАА БАЙГААГИЙН ШИНЖ"
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:
-Монгол Улс XXI зуунд эрчим хүчний хомсдолтой байна гэдэг бодлогын асар том алдаа байгаагийн шинж. Аливаа улс орон эдийн засгийн хөгжлөө тэлэхийн тулд эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой. Гэтэл өнөөг хүртэл социализмын үеийн суурь эрчим хүчний нөөцөөр л явж ирлээ. Сүүлийн жилүүдэд бага зэрэг өргөтгөл, жижиг дэд станцууд барьсныг эс тооцвол. Энэ бол бодлогын том алдаа. Улс орнууд хөгжлийн үе шатандаа үндэс сууриа тавихын тулд нэн тэргүүнд эрчим хүчний асуудлыг чухалчилдаг. Одоо ч гэсэн дэлхий нийтэд эрчим хүч, энергийн өрсөлдөөн явж байна. Өнөөгийн нөхцөл байдал төр засгийн олон жилийн харалган, бодлогогүй байдлын илрэл юм.
Гэхдээ үүнийг зөвхөн өнөөгийн засагтай бус сүүлийн 30 жил ялангуяа сүүлийн 20 жил улс орныг удирдсан намууд, тэдгээрийн засагтай холбоотой. Үндсэндээ Монгол Улсад нүүрлэсэн улс төр, засаглалын хямралтай холбоотой.
Цар тахлын үед иргэдийнхээ эрчим хүчний суурь хэрэглээг хөнгөлсөн нь хоёр талтай. Нэгдүгээрт, улс төртэй холбоотой шийдвэр. Хоёрдугаарт, иргэдийн амьдралыг дорой байлгасан учраас цар тахлын үед зарим талаараа иргэдээ халамжлахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Үүнийг нь улстөржүүлж, ард түмэнд оноо авах хэрэгсэл болгосон. Үүний нэг илрэл нь энэ суурь хэрэглээний үнийг чөлөөлсөн явдал.
Үүний үр дагавар нь өнөөдөр гарч байна. Энэ нь буруу шийдвэр байсан гэдгийг салбарын яам өөрөө ч зөвшөөрч байна. Эрчим хүчний хөнгөлөлттэй холбоотойгоор өнөөдрийн хүндрэл үүссэн гэж байгаа бол салбар яамны өөрийнх нь буруу. Энэ бүх эрсдэлийг тооцоолох ёстой шүү дээ. Яагаад бодит нөхцөл байдлыг салбарын яам хэлээгүй юм бэ. Хэрвээ энэ өвөл эрчим хүчний хүндрэл гарах нь тодорхой байсан юм бол урьдчилж бэлдэхгүй яасан юм бэ. Өнөөдөр л тулгарч байгаа асуудал биш шүү дээ.
Нөгөө талаас улс орны эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралын чанартай асар их холбоотой энэ салбарын удирдлагууд сүүлийн олон жил хариуцлагагүй явж ирсний сөрөг үр дагавар энэ. Нэг эерэг зүйл нь одоогийн яамны удирдлагын хувьд харин ч үүссэн бий болсон нөхцөл байдал, энэ салбарын хувьд олон жил ужгирсан асуудлыг зоригтой ил гаргаж олон нийтийн анхааралд авчирч байгаа нь сайн тал гэж би хувьдаа үзэж байгаа.
"ИРГЭД АЙХТАР ЗАМБАРААГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ГЭЖ БОДДОГ"
Ингээд эрчим хүчний хэрэглээний талаарх иргэдийн байр суурийг хүргэж байна.
Иргэн Д.Уянга:
-Тог цахилгааны төлбөр өмнөхөөсөө өндөр гарч байна лээ. Манайх аль болох тог цахилгаанаа хэмнэж, орой 21:00 цагаас шөнийн тарифт шилжихээр нь цахилгаан хэрэглэхийг боддог. Ажил төрөлтэй болохоор өдрийн цагаар тог цахилгаан залгадаггүй. Уг нь иргэд айхтар замбараагүй цахилгаан хэрэглэдэггүй гэж боддог.
Иргэн Т.Цэнд-Очир:
Тог цахилгааны үнэ өмнө нь ямар байсан тэрэн шиг л гарч байна лээ. Нэг их өссөн юм алга. Салбарын сайд нь энэ өвөл эрчим хүч доголдвол хязгаарлалт хийхээс өөр аргагүй гэж мэдэгдсэн байсан. Одоо тэгээд лаа, шүдэнзээ л бэлддэг байх даа. Манайх гэр хороололд амьдардаг. Сайжруулсан шахмал түлш, мод түлээгээ долоо долоо хоногоор худалдан авч, өвөлдөө бэлтгэдэг. Байнга хэрэглэдэг цахилгаан гэвэл хөргөгч, зурагт л байна.
Иргэн Р.Сарантуяа:
-Тог цахилгааны үнэ өмнөх он, саруудаасаа нэмэгдсэн байна лээ. Манайх хэрэглээгүй цахилгаан хэрэгсэл, залгуур, гэрлээ аль болох унтрааж, цахилгаанаа хэмнэдэг. Өвлийн улиралд бэлдэхдээ түлээ нүүрсээ базааж, гэрээ сайтар дулаална. Гэрийн хаяагаа сайн манаж, дулаан алдахгүй байхыг хичээдэг. Иргэд эрчим хүчээ хэмнэж, үргэлж төр засгаас хөнгөлнө гэж байхгүй шүү дээ.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ